Хөтлөгч Э.Долгионоор дамжуулан Ё.Отгонбаярт 50 мянган ам.долларын хахууль өгчээ
Их хэмжээний мөнгө угаасан, авилга авахын тулд бусдыг дарамтлуулсан гэх хэрэгт холбогдоод буй БСШУЯ-ны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох бас нэгэн баримт илэрчээ.
Тодруулбал, “Bloomberg” телевизийн хөтлөгч Э.Долгион хэрэгтэй холбоотойгоор мэдүүлэг өгөхдөө гишүүн Ё.Отгонбаярыг сайд байхдаа “Haier” компаниас 50 мянган ам.доллар бэлгэнд авсан тухай мэдүүлэг өгсөн гэх яриа гараад байна. Учир нь хөтлөгч Э.Долгион нь тухайн үед БСШУЯ-нд газрын даргаар ажиллаж байжээ.
Э.Долгион “Боловсролын яамнаас “Багш бүрийг зөөврийн компьютерээр хангах хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалтын үеэр сайд асан Ё.Отгонбаяр БНХАУ-д ажилласан. Энэ үеэр сонгон шалгаруулалтанд оролцож байсан Haier компаний төлөөлөгч сайдад 50 мянган ам.доллартай дугтуйг бэлэг болгон өгсөн.” хэмээн мэдүүлж байснаа сүүлдээ “надаар дамжуулан нэг дугтуйтай зүйл өгсөн. Юу байсныг нь мэдээгүй” гэж мэдүүлсэн ажээ.
Юутай ч гишүүн Ё.Отгонбаяртай холбоотой хэрэг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгагдсаар байгаа бөгөөд хэрэгт холбогдоод байсан сайд асны эхнэр О.Эрдэнэсолонгын оролцоо маш бага Ё.Отгонбаяр эхнэрийнхээ дансыг ашигладаг байсан нь тогтоогджээ.
Дашрамд дурьдахад, ирэх даваа гаригт хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганаар Ё.Отгонбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар хөндөгдөх юм байна.
Л.Бадрах
URL: