С.Гантуяа нөхөж авах цалингаа хүүхдийн цэцэрлэг барихад зориулна гэв
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав болон тус яамны ажлын хэсэг Оюу Толгой компанид ажиллаж байгаа монгол болон гадаад ажилтнуудын цалин эрс ялгаатай байгааг тогтоож өгсөнд иргэн С.Гантуяа талархаж цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Өнгөрсөн оны 10 дугаар сарын 29-нд Рио Тинто болон Оюу Толгой компанийн удирдлагад тэнцүү ажилд тэнцүү цалин олгох тухай шаардлага хүргүүлснийхээ төлөө тус компаний төслийн менежментийн мэргэжилтэн С.Гантуяа ажлаасаа чөлөөлөгдсөн тухай мэдээлэл гарч байсан. Энэхүү хууль бус үйлдэлтэй холбогдуулан С.Гантуяа Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн хавар гомдол гаргасан юм. Шүүх гомдлыг хэлэлцээд Оюу Толгой компаний гаргасан тушаал нь эрхзүйн хувьд алдаатай байж ажилтан хүнийг хохироосон гэсэн шийдвэр хоёр ч шатны шүүхээс гарсан юм. Гэвч Оюу Толгой компани дахин улсын дээд шүүхэд давж заалдсан. Өчигдөр болсон Улсын дээд шатны шүүхийн шийдвэр мөн л С.Гантуяагийн талд гарсан байна.
С.Гантуяа, “Энэ ялалт бол зөвхөн минийх биш. Оюу Толгой компанид ажиллаж байгаа нийт Монгол ажилчдынх. Мөн бусад уул уурхайн болон гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байгаа олон Монгол ажилчдын ялалт болсон. Монгол төрийн шударга шүүхэд баярлалаа. Шүүхээс намайг хийж байсан ажилд минь эргүүлэн авах, ажиллаагүй хугацааны цалинг нөхөн олгуулах шийдвэр гарсан. Би эргээд ажилдаа орно. Харин нөхөж авах цалингаа өөрийн төрсөн нутаг болох Баянхонгор аймгийнхаа хүүхэд багачуудыг сурч хүмүүжихэд нь зориулж цэцэрлэг барих ажилд хандивлана” гэлээ.
А.Ойгондэлгэр
/Монцамэ агентлаг/
URL: