Монгол Улс АЦС-тай болох гэнэ…. Гэтэл бас “эсэргүүнүүд” байнаа, цаана чинь….
Монгол Улс атомын цахилгаан станцтай болох гэнэ. Болох болохдоо энэ оны сүүлээр баригдаж эхлэх гэнэ шүү. Хэн гэдэг түншийнхээ буянаар ийм станцтай болох гэж байгаа юм бол гээд чих тавиадахсан чинь барих хөрөнгө, санхүүжилтийг Өмнөд Солонгосын тал хариуцах болж дээ. Хамтран ажиллах гэрээгээ үзэглэсэн байгаа гэж байна. Ингэтэл бас “эсэргүүнүүд” байна, цаана чинь… Тэд яагаад АЦС-ыг эсэргүүцээд байгаа нь ойлгомжтой доо. Саяхан л гэхэд Японд юу болов.
Нээрээ ингэхэд Японы үйл явдлыг энд дурсаад яахав дээ. Манайхан Япончуудаас илүү сандарч,сандарсан дүрийг нь хараад Япон түнш нь манай нэг “товарищ”-ийг тайвшруулсан гээд онигоо ч юм уу, болсон явдал ч юм уу нэг яриа гарсан байсан шүү. Ингэж онигоонд ортлоо бүх хэвлэл мэдээллээр улиг болтол ярьж,хандив тусламжаараа хоорондоо өрсөлдөөд авсан болохоор Японы АЦС-ын хор уршгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй дээ,манайхан.
“Эсэргүүнүүд” байгаа гэж дээр өгүүлсэн. Тэдний нэг нь “Ногоон эвсэл”-
ийнхэн аж. Улс орны аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж мэдэх АЦС-ыг барих гэж яаралгүйгээр сөрөг нөлөөгүй бусад эх үүсвэрээс эрчим хүчээ эрж хайх хэрэгтэй гэдгийг тэд сануулж байна.
Үнэхээр эрчим хүчний асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа.Хэдий тийм ч АЦС-аас бусад олон эх үүсвэрийг судлан гаргасаар байгаа юм. Улс орон бүр энергийн бодлогоо өөрчилж сэргээгдэх эрчим хүч болон нарны энергийг ашигласан олон төрлийн эрчим хүч бий болгож байна. Гэтэл манайх АЦС барих гээд байгаа нь дэлхий нийтийн чиг хандлагаас тэс “хөндлөн” харагдаад байгаа юм.
Энгийнээр тайлбарлахад хорт хавдартай хүн хэсэгхэн газар химийн эмчилгээ хийлгэхэд дагалдан гарах сөрөг нөлөө их байдаг.
Тэгвэл АЦС-д доголдол гарахад хүний биеийг тэр чигээр нь хордуулах хэмжээний цацраг туяаг ялгаруулдаг байна. Ийм учраас АЦС-тай болох гээд яараад байх шаардлагагүй гэдэг нь харагдаж байна. Бидний амьсгалах агаар, уух ус, алхаж гишгэх газар шороо энэ бүхэн АЦС-тай шууд холбоотой байдгийг эрдэмтэд олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд тогтоосон байдаг.
“Дэлхий нийтээр АЦС-аас татгалзаад байхад 50-60 жилийн өмнөх юмаа яриад байх юм, уран хоцрогдсон технологи болоод байна шүү дээ” гэж физикийн ухааны доктор Л.Дарамсэнгэ ярьж байсныг санаж байна. Нээрээ ч дэлхий нийтээр шинээр АЦС байгуулахгүй байгаа нь учиртай.
Нэгэн төрийн бус байгууллагын төлөөлөл хэлэхдээ “Хятадууд Монголтой АЦС барих энэ тэр дээр хамтрая гэсэн санал тавихгүй байгаа нь манайд аюул болох юм бол өөрийнх нь газар нутаг хордоно гэж болгоомжилсонтой холбоотой” гэж тайлбарлаж байсан. Тийм ч юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ. “АЦС-аа барихдаа тулвал Хятадтай Хятадгүй барьж л таарна биз дээ? гэж бодох юм. Нөгөөтэйгүүр Хятадууд тэгж санаалж мэдэх л улс.
АЦС үйл ажиллагааны зардал багатай,түлш шатаж дуустал л горим барьж байх зардал гардаг, ДЦС шиг худалдан авалт, тээвэрлэлт, хог хаягдлаа цэвэрлэх гэсэн зардал цаг минут тутамд гардаггүй сайн талтай юм гэсэн. Мөн 3000 тн нүүрснээс гаргахтай тэнцэх хэмжээний дулааныг 30 гр уранаас л гаргаж авдаг зэрэг үр ашигтай талууд байгааг үгүйсгэхгүй.
Гэвч шинээр барихгүй байгаа нь АЦС-аас татгалзсаны илрэл байх гэж бодогдох юм. Тийм бол АЦС-аас татгалзаж байгаа дэлхий нийтийн чиг хандлагыг бид ч гэсэн харгалзах ёстой биш үү гэж үү?
Гэхдээ түүхий нүүрсээ шатааж эрчим хүч гаргаад байгаа одоогийн энэ болхи аргаасаа ангижрах цаг ч болсон байлтай.
Дэлхий нийтийн энергийн бодлоготой алхаагаа нийлүүлэхгүй бол алсын алсад сугараад үлдэх нь байна шүү дээ..
П.АЛТАНБОЛОР
URL: