Долоо хоногийн “ТОП” мэдэгдэл

Долоо хоногийн “ТОП” мэдэгдэл

Б.Чойжилсүрэн: Хүн болж төрснөөсөө хойш хууль зөрчье гэж бодож үзээгүй

“Увсын хоёр” гэгдэх хэрэг өнөөдөр хэвлэлийн хуудаснаа шинэ шинэ нотлох баримттай, шинэ зүйл заалт нэмэгдэн бичигдсээр байгаа. Хууль шүүхийн шатанд ч тэдний хэргийг шалгаж байгаа, өмгөөлөгч байхгүй зэрэг шалтгаанаар үргэлжилсээр нэг жил гаруй хугацаа өнгөрсөн.

Энэ хугацаанд АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Нямхүү шүүхэд хандсаар байгаа бөгөөд дахин өргөдөл гаргаж, энэхүү өргөдлийг нь өнөөдөр Дээд шүүхэд хэлэлцэх нөхцөл бүрдсэн. Энэ асуудлаар аль аль тал нь төдийлөн хэвлэл мэдээлэлд хандаж байгаагүй бөгөөд Б.Чойжилсүрэн гишүүн энэ асуудлаар өнгөрөгч долоо хоногт ярилцлага өгчээ.

Тэрбээр нэг ч удаа хууль зөрчсөн зүйл байхгүй хэмээгээд энэ удаан хугацаанд эр хүний жудаг зааж, дуугүй явсан ч хэвлэл мэдээллээр гүтгэх нь ихэссэн учраас өөрийн эрхгүй нэр хүндээ хамгаалж үлдэх гэж ярилцлага өгчээ.

Б.Чойжилсүрэн хэлэхдээ “Би Монгол Улсын хууль ямар байна, түүнд нь зохицоод л амьдарч байгаа хүн. Хүн болж төрснөөсөө хойш хууль зөрчье гэж бодож үзээгүй, зөрчихөөс ч сэрэмжилж явдаг” хэмээгээд Увсын ард түмэн 100 мянгаар саналаа худалдах хүмүүс биш, бид хоёрыг зориуд ийм юманд оруулах гэж Увс аймгийн АН-ынхан санаатай үйлдэл хийсэн гэх тайлбар өгсөн байна.

Өөрөөр хэлбэл, “Аймгийн АН-ын нөхдүүд гэрээ түрээслэсэн иргэдэд “Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёрыг мөнгө өгсөн” гээд гүтгэчих гэж хэлээд урьдчилгаа болгож нэг сая төгрөг өгсөн. Хэрэв Сонгуулийн хуулиар мөнгө өгсөн нь тогтоогдох юм бол та бүхэнд арав нугалж дахин 10 сая төгрөг өгнө” гэж амалсан юм билээ. Гэрээ түрээслэсэн иргэдтэй аймгийн намын хорооны байгуулсан гэрээг нь хууль хяналтын байгууллагад эх хувиар нь өгчихсөн.

Хуулбар нь надад байна. Үүнийг удахгүй гаргаж тавина. Энэ гэрээг сайн шалгавал Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёр иргэдэд 100 мянган төгрөг тараасан уу, эсвэл өөр хүмүүс “Тэр хоёрыг гэж хэл” гээд өгсөн үү гэдэг нь тогтоогдоно. Миний хувьд энэ гэрээг нь аль эрт бариад явах боломж байсан. Гэвч энэ хүмүүсийн жудгийг бодоод хараад суугаад байлаа. Намайг УИХ-ын сонгуульд нэр дэвших гээд очиход Д.Нямхүү аймгийн Хөгжимт, драмын театрт 250 хүн цуглуулаад тус бүрт нь 5000 төгрөг өгсөн юм билээ” хэмээжээ.

Тэд рейтинг өндөр байсан учраас хууль зөрчиж мөнгө тараах ямар ч үндэслэлгүй гэнэ. Мөн үхчих гээд байгаа бол дахин өрсөлдье, эсвэл халз мэтгэлцээнд оръё хэмээн Д.Нямхүүг уриалсан байна. Тэдний хэн нь худлаа, хэн нь үнэн яриад байгааг хууль шүүхийнхэн тогтоож өгөх биз.

Д.Батжаргал: Согтууруулах ундаа хэтрүүлсэн учраас хутга гаргаж дайрснаа мэдээгүй

Өнгөрөгч долоо хоногт олны анхааралд өртсөн онцлох хүн бол СЭЗДС-ийн захирал Д.Батжаргал. Тэрбээр, Төв аймгийн Баянчандмань суманд байдаг амралтын газар очиж үйлчлүүлэхдээ үйлчлэгчид агсам тавьж, хутга барин дайрч байгаа бичлэг олон нийтэд цацагдсаны дараа тэрбээр албан ёсны тайлбар хийсэн юм.

Д.Батжаргал захирлын хувьд мэдээгүй болтлоо уучихсан, хийж байгаа үйлдлээ хянах боломжгүй байсан аж. Энэ талаар ярилцлага өгч, албан ёсоор уучлалт гуйсан гэдгээ мэдэгджээ. Д.Батжаргал хэлэхдээ “Үйлчилгээнээс болж бидний дунд маргаан үүссэн юм. Хэсэг хүмүүсийг дагуулаад гайгүй амралтын газар ирчихлээ, захиалга өгчихлөө гэж бодсон. Гэтэл биднийг очиход ямар ч зүйл бэлэн болоогүй байсан. Дээрээс нь үйлчилгээний чанар маш муу байсан юм.

Ийм үйлдэл гаргасан нь яах аргагүй миний буруу. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор тийм үйлдэл гаргасан гэдгээ огт мэдээгүй. Ахыгаа уучлаарай гэж албан ёсоор гуйсан

Ж.Бямбадорж: Мөрдөн байцаах явцад эрүүдэн шүүдэг гэдгийг нотлох тодорхой баримт байгаа

Өнгөрөгч долоо хоногийн эхээр ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж Монголд хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, цагдаа хүчний байгууллага эрүүдэн шүүх ажиллагааг явуулж байна гэсэн ширүүхэн мессежийг иргэдэд хүргэсэн. “Хүмүүсийг айлгадаг, сүрдүүлдэг, үг зааж өгдөг, гарын үсэг хүчээр зуруулдаг хэргүүд ихээр гарах болсон.

Хууль хяналтын байгууллага нь юун түрүүнд хүний эрүүдэн шүүдэггүй ч ямар нэгэн байдлаар хүчээр хэргийг нь тулгах явдал байдаг” гэсэн түүний ярилцлагын хариуд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Т.Сайнжаргал хурандаа мэдэгдэл хүргүүлж, үндэслэлгүй мэдээлэл тараасан хэмээн анхааруулга хүргүүлсэн гэх. Харин Ж.Бямбадорж даргын хувьд мэдэгдэл аваагүй хэмээгээд үндэслэлгүй биш үндэслэлтэй зүйл ярьж байгаа гэдгээ дахин нотолжээ.

Тэрбээр, “Бидэнд тодорхой баримтууд байна. Тэр дунд зарим нь прокурорын мөрдөнд очоод эрүү үүсчихсэн хэргүүд ч бий. Тийм байтал яахаараа биднийг ЦЕГ-ыг гүтгэж байна, манайд нэг ч өргөдөл гомдол ирээгүй гэж мэдээлсэн байгаа юм бол. Хамгийн сүүлийн ганц жишээ гэвэл, Төв аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцахад энэ оны байдлаар 18 албан хаагчид холбогдуулан хүний эрхийг зөрчсөн, эрүү шүүлт тулгасан талаар Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд гомдол гаргасан байна.

Цагдан хорих байранд хийсэн шалгалтаар нэг хүн хоригдох үедээ цагдаагийн албан хаагчид резинэн болон цахилгаан бороохойгоор зодуулсан гэх мэдээлэл өгсөн ба түүний биед учирсан гэмтлийн гэрэл зургийг авч бэхжүүллээ. “Намайг бичиг үсэг мэдэхгүйг далимдуулж бичиг цаасан дээр гарын үсэг зуруулдаг”, “Чамайг шоронд хатаана”, “Эхнэртэй чинь шоронд хийнэ.

”Хэргээ хүлээхгүй бол чамайг цонхоор шидчихээд өөрөө үсэрсэн гэж хэлнэ”, “Өвчтэй ээжийг чинь шоронд хийнэ шүү гэж тулгадаг” гэх зэрэг мэдээллүүд ирээд байна” хэмээжээ. Энэ мэдээлэл үнэн гэдгийг батлах үүднээс тун удахгүй хэлэлцүүлэг хийнэ гэдгээ ХЭҮК-ын дарга мэдэгджээ.

З.Баянсэлэнгэ: Сурагчид автобусаар үнэгүй зорчино

УИХ-ын гишүүдээс ганцхан гишүүн гэр хороололд амьдардаг нь З.Баянсэлэнгэ. Тэрбээр дунд сургуулийн сурагчдын талархлыг хүлээх нэгэн хуулийн төсөл өргөн барих гэж байгаа талаараа ярьжээ.

Нийтийн тээврээр зорчиход оюутнууд визагаараа үнэгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэтгэврийн насны хүмүүсийг үнэмлэхээр нь явуулдаг. Харин ерөнхий боловсролын хүүхдээс 200 төгрөг авдаг. Тиймээс хүүхдүүдийг ялгаварлан үзсэн энэ байдалд З.Баянсэлэнгэ гишүүн цэг тавихаар шийджээ.

Тэрбээр, “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Хувь гишүүний зүгээс гурван хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Нэгдүгээрт, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд ямар ч орлогогүй шүү дээ. Гэтэл тэднийг нийтийн тээврээр зорчиход нь мөнгө авч байна. Гэсэн атлаа оюутнаас виза нэрээр үнэгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэтгэврийн насны буурай нарыг үнэмлэхээр нь үнэгүй зорчуулж байна. Энэ шударга

биш шүү дээ. Үүнийг засахын тулд Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл өргөн бариад байна” хэмээлээ. Гэр хорооллын гишүүн маань амьдралд арай ойр зүйлийг сэтгэж байгаа нь энэ хэмээн түүнийг дэмжих хүн ч олон байгаа бололтой. Ямартай ч олны ярьдгаар амьдралд ойр гишүүн бүсгүй олон хүүхдийг баярлуулж, автобус компаниудыг бухимдуулах хуулийн төслөө тун удахгүй өргөн барих бололтой.

Су.Батболд: Манай нам лидергүй, өөрсдийгөө мундаг гээд бодчихсон хүмүүсээр дүүрэн

Хэвлэлд тэр болгон нээлттэй байж чаддаггүй хүн бол УИХ-ын гишүүн Су.Батболд. Амтай бүхэн ам.долларын өсөлт ярьж, МАН-ын эдийн засаг элгээрээ мөлхснийг ярьсан зуны гурван сарын турш таг чиг байсан тэрбээр, хэвлэлд байр сууриа илэрхийлж, шинэчлэлийн Засгийн газар, шинэчлэл хийхээр ярьж байгаа намын залуус, Ардын нам өрнөж байгаа улс төрийн нөхцөл байдлаар ярьжээ.

Ирэх долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хууль, Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах талаарх асуудлуудыг хэлэлцэх бөгөөд уг хуулийг хэлэлцсэн даруйд хөрөнгө оруулагчид таатай нь аргагүй шуураад ороод ирнэ гэдэгт итгэлгүй байгаа гэнэ.

Тэрбээр, анхнаасаа бүх суурийг нь тавьж, эдийн засгийг элгээр нь мөлхүүлчихсэн атлаа хэвийн байна, зүгээр байна гэж суугаа олонхи хариуцлагаа хүлээх ёстой гэв. Су.Батболд гишүүн хэлэхдээ “Өмнөхөө муулаад нэг жил хоол олж идэж болно. Хоёр дахь жилээсээ ард түмэн хүлээж авахгүй. Гэхдээ бид цуг л байсан, хамт бодлогоо хэрэгжүүлсэн. Н.Алтанхуяг өөрөө Ерөнхий сайдын орлогч байсныг ард түмэн мэдэж байгаа.

Тэнэг хүн маллаж байгаа биш одоо ийм зүйл ярихаа болих хэрэгтэй. Нэг чавганц гарч ирээд үглэж дуулаад байхыг ард түмэн лав таашаахгүй. Н.Алтанхуягийг ийм юм яриад явж байхад бодит амьдрал дээр бүх юм хоосорлоо. Бодлого алга, хөрөнгө оруулагч ч алга. АН эрх барьж байгаагаараа түрэмгийлж хэвлэл мэдээллийн хэрэгслийг атгачихаад дуу хоолойг маань хүргэхгүй байна. Дандаа өмнө нь хийчихсэн, хийгээд эхэлчихсэн зүйлс дээр тууз хайчлаад, муу муухайгаа бусад руу чихээд явж болохгүй” хэмээжээ.

Мөн шинэчлэл ярьж байгаа залуусын талаар ямар бодолтой явдгийг нь сонирхсон сэтгүүлчийн асуултад “Миний бодлоор манай намд хамгийн гол нь бодлогын шинэчлэл хэрэгтэй. Юуг, яаж гаргаж тавьж, юуны төлөө явбал ард түмний хүслийг биелүүлж саналыг нь авах вэ гэдгийг бодох ёстой.

Түүнээс биш хүн солиод, цоо шинэ үе өнгөрөөд, эсвэл заавал залуучууд гарч ирээд өөрчлөгдөнө гэж байхгүй. Дараагийн нэг шинэчлэл бол бид лидертэй болох хэрэгтэй. МАН хангалттай боловсон хүчинтэй, туршлагатай нам хэрнээ дотроосоо лидер төрүүлж чадахгүй байна. Ер нь манай намынхан их амбийцтай.

Тэр амбийцаа дарах хэрэгтэй. Лидер гаргаж ирье гэвэл хөрсийг нь бэлтгэх ёстой. Гаргаж ирсэн хүнээ бүгд дэмждэг, нэгэн дуугаар тойрон хүрээлдэг, түүнийхээ төлөө явдаг байх ёстой. Гэтэл манай намын хөрсийг нь ч бэлтгэхгүй, бие биенээ татаж унагаж байна шүү дээ. Өөрсдийгөө үл ялих жижиг шалтгаанаар шороонд хутгаж байна.

Манай нам лидергүй болчихсон, тус тусдаа өөрсдийгөө мундаг гээд бодчихсон хүмүүсээр дүүрэн” хэмээн хатуухан шүүмжлэлийг намдаа хаяглаж, хэвлэлээр хэдэн үг дайжээ.

Б.Өнөртогтох


URL:

Сэтгэгдэл бичих