ИНЕГ-ын дарга асан Н.Батмөнхийг жил гаруйн хугацаанд шалгасны эцэст дахин хорилоо
Авлигатай тэмцэх газар энэ оны эхний есөн сарын байдлаар хуульд заасан харьяаллын дагуу тус газарт ирүүлсэн 284 гомдол мэдээллийг хянажээ. Үүнээс 14 хувь буюу 40 орчим хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бол 111 мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Өөрөөр хэлбэл, АТГ-т харьяалсан гэмт хэргийн бүрэлдэхүүн бүхий хэрэг биш гэж үзжээ. 419 үйлдэлтэй 144 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулсан байна. Шалгасан хэргээс 33 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ. Харин 26 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 32-ыг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Мөрдөн шалгасан эрүүгийн хэрэгт 27 тэрбум төгрөгийн хохирол бусдад учирсныг ч мөн тогтоожээ. Үүнээс 8.5 тэрбум төгрөгийн хохирлыг АТГ-аас барагдуулж, мөн хэмжээний хөрөнгийн хохирол барагдуулах нөхцөл хангасан гэдгийг хэллээ. Одоогоор тэдний шалгасан хэргээс арав орчим нь шүүхээр орж, шийдэгдээд байгаа аж.
Эл мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Амарбат өчигдөр сэтгүүлчдэд өглөө. Түүнчлэн тэрбээр тус газарт шалгаж буй авлига, албан тушаалын зарим хэргүүдийн мөрдөн байцаалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-“Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх болон ерөнхий нягтлан бодогч М.Хулан, түүний туслах, нягтлан бодогч А.Болдмаа нарыг өнгөрсөн долдугаар сард хорьсон. Энэ хэргийн мөрдөн байцаалт ямар шатандаа явна вэ?
-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх нарын хэрэгт Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны зарим албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн. Тус сангийн захирал болон ерөнхий нягтлан бодогч М.Хулан, түүний туслах, нягтлан бодогч А.Болдмаа нарт холбогдох хэргийг шалгах явцад БОНХЯ-ны томоохон албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, өөрсдийн байгуулсан хувийн аж ахуйн нэгжийн дансанд шилжүүлэх маягаар нийт таван тэрбум орчим төгрөг завшсан нь тогтоогдоод байна. Мөн өөрсдийн данс уруу шилжүүлж авсан мөнгөөр орон сууц, автомашин худалдаж авсан болохыг ч шалгаж, тогтоолоо.
-Бригадын генерал Т.Дашдэлэг нарт холбогдох хэргийг шалгаж дууссан уу?
-Авлигатай тэмцэх газраас Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгасан. Хэргийг шалгах явцад улсын нууцад хамаарах хэрэг нэлээд гарсан. Тиймээс Т.Дашдэлэг нарт холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Энэбишид холбогдох хэргийг нэлээд удаан шалгаж байна?
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш нарын албан тушаалтнуудыг үргэлжлүүлэн шалгаж байна. Тэднийг 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг самосвал машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг эрх мэдлээ урвуулан ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” компанид худалдан авсан хэрэгт холбогдуулан шалгаж байна.
-Өнгөрсөн зургадугаар сард энэ хэргийг шалгаж байна л гэж байсан. Ер нь танайд шалгаж буй хэргүүдийн мөрдөн байцаалтын ажил удаашралтай байна гэх шүүмжлэл байна л даа?
-Авлига, албан тушаал тэр дундаа их мөнгөтэй холбоотой хэргүүд холбогдогч олон, шалгаж тодруулах зүйл их байдаг учраас мөрдөн байцаалтын ажиллагаа удааширдаг гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ бид аль болох хурдан шалгахыг боддог.
-Төрийн банкны удирдлагуудад холбогдох хэрэг ямар шатандаа явна вэ?
-Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд нийт 540 сая төгрөг халаасласан хэргийг шалгаж дууссан. Тус хэрэгт Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Сангийн яамны Санхүүгийн бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга асан Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нарын төрийн албан хаагчдын нэр холбогдоод байгаа. Эдгээр хүмүүст “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт төсөвлөсөн хөрөнгөөс тус бүртээ 90 сая төгрөг завшсан, Төрийн банкнаас бага хүүтэй зээл гаргуулж мөнгийг нь эргэлдүүлдэг байсан гэх үндэслэлээр шалгаад эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалт явуулж, харьяаллын дагуу шилжүүлээд байна.
-ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийг цагдан хорьсон гэх мэдээлэл байна. Энэ хэр бодитой вэ?
- С.Батмөнхийн төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэх хэргийг өнгөрсөн оноос эхлэн АТГ-т шалгасан. Гэвч гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдохгүй байсан ч сүүлд дахин ирүүлсэн гомдлын дагуу шалгахад тендер сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулсан үйлдэл нь тогтоогдсон. Түүнийг өчигдрөөс эхлэн /уржигдар/ цагдан хориод байна. Түүнийг өмнө нь ИНЕГ- ын даргаар ажиллаж байх хугацаандаа тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны зарим албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлсэн, улсын мөнгө зориулалт бусаар зарцуулсан, хамааралгүй компанийн ажилчдыг дэмжсэн эсэхийг мөн шалгаж байгаа.
-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох авлигын хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс танайх уруу шилжүүлсэн гэх мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү. Тийм бол түүнийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байна вэ?
-Энэ мэдээлэл ташаа. Одоогийн байдлаар УМБГ-аас Ё.Отгонбаярын хэргийг шилжүүлэх тухай ямар нэгэн албан бичиг ирээгүй байна.
-“Хөтөлийн цемент шохой” ХК-ийн захирал А.Шоовдор нарын хүмүүсийг хорьсон. Энэ хэргийн мөрдөн байцаалт ямар шатандаа явна вэ?
-“Хөтөлийн цемент шохой” ХК- ийн захирлуудыг баривчлан саатуулсан байгаа. Энэ хэрэгт компанийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга болон ерөнхий нягтлан бодогч Н.Бадарч, Н.Энхтуяа зэрэг долоон хүнийг шалгасан. Одоогоор дөрвөн хүн цагдан хорионд байгаа. Энэ хэрэгт нийтдээ 38 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа.
-ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг саяхан батлан даалтад гаргасан. Яагаад гадуур байцаахаар болсон бэ?
-Н.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэргийг УМБГ-аас харьяаллын дагуу манайд ирүүлсэн. Түүнийг ЭМЯ-наас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт өөрийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байна. Мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын гурван машин оруулж ирсэн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна. Н.Түмэндэмбэрэлийг дөрвөн сар орчим цагдан хорьсон. Тиймээс АТГ-аас энэ хүнийг цагдан хорих шаардлагагүй хэмээн үзэж, гадуур байцааж байна. Мөрдөн байцаалт үргэлжилж байна. Хэрэг эцэстээ яаж шийдэгдэхийг мөрдөн байцаалтын явцад цугласан нотлох баримтыг үндэслэнэ. Хэдийгээр гадуур байцааж байгаа ч хэргийг замхруулах, хэн нэгнийг завших нөхцөлийг гаргахгүй байх тал дээр АТГ анхаарч ажиллаж байна.
-Т.Билэгтийн хэргийн мөрдөн байцаалт дууссан уу?
-Т.Билэгтэд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ хүнийг гадуур байцааж байна. Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй.
-Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн хэргийг шалгах явцын талаар мэдээлэл өгөөч?
-Энэ хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлсэн. Түүнийг олимпийн хорооны мэдлийн газар, олимпийн хорооны эрх мэдэл, олимпийн хорооны нэрийг ашиглаж хувийн бизнес хийсэн, улсын мөнгө шамшигдуулсан болон бусад гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээр нь буруутган шалгаж байгаа.
М.ӨНӨРЖАРГАЛ
URL: