Б.Чойжилсүрэн: Д.Нямхүүгийн мөнгө тараасныг жудаг гаргаж ярихгүй яваа юм шүү

e78d2bacd2190826bigД.БОЛОРМАА

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа. Түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай нутаг нэгт Д.Нямхүү нарын улстөрчид хэвлэлээр дамжуулан мэдэгдэх болсон. Үүнд Б.Чойжилсүрэн ямар хариулт өгснийг хүргэе.

-“Увсын хоёр” гэсэн маргаан 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш яригдаж байна. Жил дамнан үргэлжилж байгаа маргаан одоо ямар шатандаа байгаа юм бэ. Сүүлийн үед хэвлэлээр “Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар  Сонгуулийн хууль зөрчсөн нь тодорхой. Эргүүлэн татахаар болсон” гэж мэдэгдэж байна. Гэсэн атлаа нөгөө талд Улсын дээд шүүхээс хэргийг хянан хэлэлцээд эргэж татахаа больсон. Шийдвэр тэдний талд гарлаа гэх юм. Энэ зөрүүтэй ойлголтын аль нь үнэн юм бэ?

-2012 оны сонгууль дууссанаас хойш нэг жил гурван сар өнгөрчээ. Харамсалтай нь энэ хугацаанд АН-аас нэр дэвшээд ялагдсан нөхөд маань тахимаа өгдөггүй. Тахимаа өгөхгүйгээр барахгүй хэвлэлийн хуудаснаа төлбөртэй, төлбөргүй нь мэдэгдэхгүй гүтгэлэг тараагаад суух нь хэрээс хэтэрч байна. Арай хэтэрлээ. Яагаад өнөөдөр л ингэж дуугарч байгаа юм гэхээр ийм учиртай. Сонгуулийн дараа нэр дэвшиж ялчихаад ялагдсан нэгнээ  тавлаж байгаа юм шиг элдэв юм яриад суумааргүй байсан юм. Эр хүний жудаг, мөн чанар гаргаж өнгөрсөн хугацаанд чимээгүй тэвчлээ. Гэтэл сүүлийн өдрүүдэд арай дэндүү байна аа.

Гүтгэж байгааг нь ард түмэндээ ойл­гуулж хэлэхгүй бол “Б.Чойжилсүрэн, Ч.Хү­рэл­баатар хоёр чимээгүй суух нь хууль зөрчсөн нь үнэн болж таарах нь” гэж ойлгохоор байна. Тэг­вэл хариуцлагатайгаар мэ­дэгдье. Бид ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байх­гүй. 2012 оны сонгуулийн өмнөхөн тавдугаар сарын сүүлчээр сонгуулийн сур­талчилгаа хийхээр МАН-аас Ч.Хүрэлбаатар гишүүн бид хоёр тойрогтоо очсон юм. Нам маань бид хоёрыг шууд томилоод нэр дэвшүүлчихээгүй. Судалгааны байгууллагаас нэр дэвшигчдийн сон­гуулийн урьдчилсан дүнг таван удаа судалсан байдаг. Манай намын бай­гууллагаас ч бас таван удаа судалгаа авсан. Тэгэхэд миний рейтинг 49-57 орчим хувьтай.  Ч.Хүрэл­баатар гишүүнийх бол на­даас ч өндөр.  54-62 орчим хувьтай. Нөгөө нэр дэвшигчдийнхээ нэрийг хэлээд яах вэ. Тэдний рей­тинг 28-33 болон 40 орчим хувьтай гарсан. Сон­гуулийн дүн ч гэсэн тиймэрхүү гарч байна лээ. Рейтинг сайн байхад бид яах гэж хууль зөрчих ёстой юм. Хийсэн ажил, хийх ажилд минь дэмжлэг өгч биднийг сонгосон шүү дээ, Увсынхан. Бидэнд зарим хүний  гонгиноод байгаа шиг хууль зөрчих ямар ч бололцоо байхгүй. Ер нь Увсын ард түмэн хэрсүү. 100-хан мянган төгрөгөөр худалдагддаг ард түмэн биш шүү.

-Иргэдийн гэрийг түрээслэх нэрээр мөнгө тараасан гэдэг шүү дээ. 100 мянган төгрөг тараасан гэж. Үүнд хариулт өгөөч?

-Ч.Хүрэлбаатар бид хоёрыг нэр дэвшихээр очиход аймгийн намын хорооны тэргүүлэгчид хуралдаад “Та хоёр тойрогтоо рейтинг өндөр байна. Ялах нь тодорхой. Харин намаа ялахад нь яаж туслах вэ” гэсэн санал тавьсан. Тэгэхэд нь би хувиасаа сонгуульд зарцуулах гэж байсан 60 сая төгрөгийг аймгийн намын хороонд өгсөн. Ч.Хүрэлбаатар гишүүн ч өгсөн байх гэж бодож байна. Сонгуулийн сурталчилгаа явуулах зардал хийгээд ухуулах байр ажиллуулах гэж тэр. Улс төрийн хүчин ухуулах байр ажиллуулах нь ойлгомжтой хэрэг биз дээ. Гэхдээ  өнгөрсөн Сонгуулийн тухай хуулиар ухуулах байрын тоог нарийн заагаагүй. Тэр утгаараа айлын гэрийг ухуулах байр болгон ашигласан юм билээ. Яагаад түрээслэсэн гэхээр  шинээр гэр худалдаж авна гэхээр маш үнэтэй тусч байсан. Нийслэлээс зөөх тээврийн зардал ч өндөр гарна. Тэгэхээр нь аймгийн намын хорооноос хямд төсөрийг нь бодоод айлуудын гэрийг сонгуулийн сурталчилгааны хугацаанд түрээслэхээр болсон юм гэнэ лээ. Үүнийг нь л бидэнтэй холбоод байгаа юм. Ёстой нөгөө түүгээр явсан гайг үүгээр дуудна гэгчээр бид хоёрт хамаатуулаад үнэндээ нэг зовоож байна. Ажил хийе гэхээр хийж болдоггүй. Сонгогдсон ч юм шиг, үгүй ч юм шиг хүнд байдалд оруулаад байгаа юм. Яахав, энэ хүмүүсийг ойлгож байна. Сонгуульд ялагдсан хүний хор шар гэж байдаг байлгүй. Хүнийг ялчихаад тавлаад яах вэ гэж юу ч дуугараагүй өнөөг хүрлээ. Тайвширах байх, ялагдлын шок нь гарах байлгүй гэж хүлээлээ. Гэтэл тайван суусны төлөө нөгөө хэд чинь “Увсын хоёр зугтлаа. Удахгүй гишүүнээс нь эргүүлэн татна”  мэтээр хэвлэлээр ярьсан байна лээ. Бидэнд зугтаасан юм алга. Есдүгээр сарын 1-нээс өчигдрийг хүртэл 11 хоног тойрогтоо ажил­лаж эутгийнхаа иргэд сонгогчидтой уулзлаа. 2014 оны төсөвт суулгах хөрөнгө оруулалт, урс­гал зардал гээд сон­гогчидтойгоо ярьж хэлэх бишгүй л олон асуудал бий.

-Гэрээ түрээслүүлсэн гээд байгаа иргэд та хоёрыг авлига өгсөн гэж хуулийнханд мэдүүлсэн гэх юм?

-Харамсалтай нь ийм зүйл болсон юм.  Аймгийн АН-ын нөхдүүд гэрээ түрээслэсэн иргэдэд “Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёрыг мөнгө өгсөн” гээд гүтгэчих гэж хэлээд урьдчилгаа болгож нэг сая төгрөг өгсөн байна. Хэрэв Сонгуулийн хуулиар мөнгө өгсөн нь тогтоогдох юм бол та бүхэнд арав нугалж 10 сая төгрөг өгнө” гэж амалсан юм билээ.

-Та нотолгоотой зүйл ярьж байгаа биз дээ?

-Нотолгоотой. Гэрээ түрээслэсэн иргэдтэй аймгийн намын хорооны байгуулсан гэрээг нь хууль хяналтын байгууллагад эх хувиар нь өгчихсөн байгаа. Хуулбар нь надад байна. Үүнийг удахгүй гаргаж тавина.

-Ямар ч мөнгө өгөөгүй гэж үү?

-Аймгийн АН-ын нөхдийн тэр хийсэн гэрээг нь хууль, хяналтын байгууллага сайн шалгавал Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёр иргэдэд 100 мянган төгрөг тараасан уу эсвэл өөр хүмүүс “Тэр хоёрыг гэж хэл” гээд өгсөн үү гэдэг нь тогтоогдоно. Миний хувьд энэ гэрээг нь аль эрт бариад явах боломжтой байсан. Гэвч энэ хүмүүсийн жудгийг бодоод хараад суулаа. Хүний л амьдрал юм хойно 2016 онд сонгуульд өрсөлдөх гээд очиход нь хараар будчихсан байхыг хүсэхгүй байна. Ер нь бол ам нээвэл уушиг нээ гэдэгчлэн намайг УИХ-ын сонгуулиар нэр дэвших гээд өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр очиход нэр дэвшигч Д.Нямхүү аймгийн хөгжил, драмын театрт 250 хүн цуглуулаад тус бүрд нь  5000 төгрөг өгсөн  юм билээ. Мөнгө авсан 78 хүн өргөдлөө өгсөн байсан. Манай намынхан үүнийг хууль, хүчний байгууллагад өгье гэхээр нь “Хэрэггүй. Захиргааны арга буюу ар ядуу аргаар яаж сонгогдож вэ. Ард иргэд хэнийг дэмжихээ өөрсдөө мэд. Хаячих” гээд тэр өргөдлийг нь  би өгүүлээгүй юм. Үүнийг гэрчлэх материал нь надад байна. Хоёрын хооронд юмаар хөөцөлдөөд яах вэ, жудаг гаргаад орхиё гэсэн гүндүүгүй зан гаргасан нь буруу болж байх шиг байна.

-Ч.Хүрэлбаатар гишүүн та хоёрын туслахууд мөнгө тарааж байгаа бичлэг цацагдсан. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Мөнгө тарааж байгаа юм ердөө биш. Тэр туслах одоо ч надтай ажиллаж байгаа. Миний хувьд урьд нь  тойргийн гишүүний хувиар нийслэлд байгаа нутгийнхаа оюутны холбоотой харилцаатай ажилладаг байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд оюутны холбоог Ч.Хүрэлбаатар гишүүн бид хоёр ил, далд санхүүжүүлж дэмжиж ирсэн. Нутгийн оюутан гэж тэр. Тэдний 10 нь бидний сонгуульд ажилласнаас өөр зүйлгүй. Аав, ээжтэйгээ гэрээ байгуулж гэрийг нь түрээслэсэн юм билээ. Ганцхан манай нам гэлтгүй АН, МАХН нь ч гэсэн ухуулах байртай л байсан шүү дээ. Хуульдаа ч сонгуульд нэр дэвшиж байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид ухуулах байр ажиллуулна гээд заачихсан. Харин өнгөрсөн  2012 оны УИХ-ын тухай хуулиар ухуулах байрны тоог заагаагүй. Нэг суманд ухуулах байр нэг байх уу. Бүр эсвэл 10 байх ёстой юм уу гээд хуулчилж заагаагүй. Тэ­гээд ч Үндсэн хуу­лиар бусад хуулиар хо­риглосноос бусад зүйлийг явуулж болно гэсэн суурь зарчимтай. Ер нь биднийг гүтгэх ажил 2012 оны сонгуулиас өмнө эхэл­сэн байдаг. Нүхтэд байшин нурвал “Өнөөх Б.Чойжилсүрэн чинь бай­шин барьдаг. Түүний байшин нурсан гэнэ лээ” гээд хэвлэлээр тарааж байх жишээтэй. Зүүдэнд нь ч ороогүй явдлаар энэ гүтгэлэг эхэлсэн. Яах вэ, миний хувьд “Хурд” гэдэг компанитай. 100 хувь эзэмшигч нь . 1993 оноос хойш бизнесийн салбарт явж байгаа нь үнэн. 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт дэд даргаар томилогдох хүртлээ энэ компаниа удирдаж байсан. Одоо бол хуулийн дагуу хамт ажиллаж байгаа залуусаа компани удирдах ажилд томилоод өөрөө хувьцаах эзэмших байдлаар явж байгаа нь үнэн. Нуухгүй. Энэ мэт байшин нурахаас л эхэлсэн гүтгэлэг 2008 онд намайг мөнгө тараасан мэтээр үргэлжилсэн.

-Тарааж байгаа бичлэг нь байдаг юм билээ?

-Тэр үнэн. Бодит болсон явдал. 2008 оны гуравдугаар сард МАН-аас “Аймагтаа очоод ажиллаад ир. Нэр дэвших боломжтой байна уу гэдгээ судал” гэсэн даалгавар өгсөн.  гэлээ. Тэр дагуу тойрогтоо очиж ажилласан юм. Манай аав, ээж хоёр Увс аймгийн Тэс сумын иргэд. Ах дүүсээ цуглуулахад 40 гаруй иргэн цугладаг юм байна. Би 1988 онд арван жилээ төгсөөд Орос руу сургуульд явж ирээд Улаанбаатарт суурьшсан хүн. Ер нь бол 20 жилийн дараа нутагтаа очиж байгаа гэсэн үг л дээ. Цагаан сар өнгөрөөд 10 хонож байсан үе. Ингээд ах дүүсээ цуглуулсан чинь 40-өөд хүн цугладаг юм. Тэр хүмүүстэйгээ 10, 10 мянган төгрөг бариад золгочихгүй юу. Тэр үед ч Монгол ёс тийм л байсан. Одоо ч хэвээрээ байх. Ах дүү нартайгаа золгочихоод сумын төв рүү ороод ирсэн чинь Ардчилсан намынхантай таардаг юм. Би тэр үед сонгуульд нэр дэвшинэ чинээ зүүдлээгүй, дэв­шихээр горилж ч бай­гаагүй. Тэгсэн Ардчилсан намынхан “Чи ах дүүстэйгээ золгочихоод бидэнтэй золгосонгүй” гэж шордохгүй юу. Тэгэхээр нь тэнд байсан хүмүүстэй мөнгө бариад золгочихсон юм. Энд нуугаад байх юм байхгүй. Би залуу ч байж, улс төрийн туршлагагүй ч байж. Тухайн үеийн тэр үйл явдлын бичлэгийг л телевизээр цацаж байсан юм. Ардчилсан намынхан “Б.Чойжилсүрэн 2008 онд мөнгө тарааж байсан юм чинь “мөнгө тараасан” гээд гүтгэчих юм бол хүмүүс итгэж л таараа” гэсэн логиктой юм ярьж байна гэж сонссон. Тэр үед би золголт хийсэн нь үнэн үү, үнэн. Гэхдээ ах дүү, ард түмэнтэйгээ золгосон болохоос “намайг дэмжээрэй. Надад санал өгөөдөх” гэж хэлээгүй. Бичлэг дээр нь ч байгаа байх.

-Саяхнаас та хоёрт хамаарах асуудлыг  Дээд шүүхээс задална гэж ярих боллоо?

-Тийм шүүх хурал болох юм гэнэ лээ. Дээд шүүх хэргийг задалж, дахиад анхан шатнаас нь явуулах юм гэсэн. Магадгүй дахиад бүтэн жил “Увсын хоёр” гэдэг нэрээр юм болох нь л дээ. Эд арай дэндүү увайгүй байна. Ингэсээр байтал 2016 он гарах бололтой. Эндээс ард түмэн  л хохирч байна. Түүнээс биш УИХ-д Увсынхныг Б.Чойжилсүрэн төлөөлнө үү, Д.Нямхүү төлөөлнө үү гэдэг сонин биш. Гол нь ард түмэн л хожих хэрэгтэй шүү дээ. Сүүлдээ бүр нутгийн минь ард түмнийг минь доромжлох янзтай болоод эхэллээ. Бид хоёр бол яах вэ улс төрд орсон улс юу ч гэж гүтгэсэн нүдээ аниад өнгөрч болно. Харин ард түмнийг битгий ингэж доромжлооч ээ гэж хэлмээр байна.

-Магадгүй та цөөнхийн гишүүн учраас энэ бүх гүтгэлгийг хамаагүй сөрөөд байж  болохгүй байна уу?

-Монгол Улс ард­чилсан нийгмийн сонгоод 20 гаруй жил боллоо. Энэ хугацааны ихэнхид МАН засаг барьж байсан. Энэ хугацаанд олон болохоороо цөөнхийнхөө суудлыг хүчээр булааж авч байгаагүй. Олонх болсон нь ингэж дээрэмдээд байвал сонгууль хийх шаардлага байгаа юм уу.

-Танд баримтууд байгаа гэсэн шүү дээ. Түүнийгээ дэлгэж болдоггүй юм уу?

-Үнэнийг хэлэхэд өмнө нь гүндүүгүй загнаад л явж байж. Одоо бол үнэхээр тэвчээр алдарч байна. Би хууль зөрчөөгүй учраас яахав тэд гонгинож л байг гэж бодсон. Жингийн цуваа явдгаараа явж л байна, жингэр нохой хуцаж л байг гээд тоогоогүй юм. Гэтэл сүүл рүүгээ худал үгийг 1000 давтахаар үнэн болдог гэдэг шиг л юм болох нь. Тэрэнтэй тэгж хэл ам хийж явдаг зав ч алга байлаа. Ард түмэн надад итгэсэн, сонгосон. Тийм учраас би намайг сонгосон ард түмнийхээ төлөө зүтгэх учиртай.

-Д.Нямхүү таныг мэтгэлцээнд урьж байсан. Та саналыг нь зөвшөөрөх үү?

-Уулзвал уулзъя, мэтгэлцвэл мэтгэлцье. Бэлэн байна.

-Хэрэв шүүх таны эсрэг шийдвэр гаргавал та яах вэ. Гишүүнээсээ татгалзах уу?

- Хувь хүнийхээ хувьд бол надад энэ суудалтай зууралдаад байх сонирхол алга. Гэхдээ би өөрийгөө биш ард түмэн намайг УИХ-ын гишүүнээр сонгосон. 53.5 хувийн саналаа надад өгсөн.Тийм учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахаар болбол ард түмнээсээ очиж асууна. Тэд шийдэг. Түүнээс биш би айж хулчийгаад, захиргаан болон улс төрийн аргаар гишүүн болж болдог юм байна гэсэн жишиг тогтоож болохгүй. Тийм л юм бол дахиад өрсөлдье л дөө.

-Дахиж өрсөлдье гэдэг нь энэ маргаанд бууж өгч байгаа хэрэг биш үү?

-Энэ хүмүүс ялагд­сандаа хор шар нь буцлаад “үхчих” гээд байхаар нь дахиж өрсөлдье гэж хэлж байгаа юм. Үнэнийг хэлэхэд, энэ тал дээр хууль эрх зүйн хувьд ямар гаргалгаа байгааг би урьдчилж судалсангүй. Гэхдээ аль нам нь хожих нь нэгдүгээр асуудал биш. Үнэхээр олонх болсон нь УИХ-ын гишүүний суудлыг бярдаад аваад байдаг юм бол би юу хэлэх билээ. Ард түмэн өөрсдөө дүгнэнэ биз дээ.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих