Томдсон хүрэм, дутуу зүүсэн бөгж энэ намрын гоёл

Хувцас загварын ертөнцтэй хөл нийлүүлэн алхдаг бүсгүй та энэ намрын гоёлоо сонгосон уу.

Сэрүүн салхи, хүйтэн жавар үлээгээд зуны дэгжин хувцаснаасаа татгалзах цаг болжээ.

Энэ намрын загварын чиг хандлага ямар байх талаар “Гоёл-2006” наадмын шилдэг дизайнер Б.Энх-Очоос тодрууллаа.

Үслэг болон савхин захтай хүрэм илүү дэгжин

Энэ улиралд өмнөх жилүүдийн адил өнгөрснөөс санаа авч хуучнаа сэргээсэн загварууд зонхилно.

1970- аад оноос сэдэвлэсэн хувцаслалт хүчтэй байр суурь эзэлж байна. Мөн 1940-1950 оны панк, гранж, эрэгтэйлэг стилиүд энэ намрын сонголтод багтжээ.

Бүсгүй та “Ямар цув, хүрэм авах вэ” хэмээн толгойгоо өвтгөж явна уу. Тэгвэл өвдөгнөөс дээгүүр урттай, үслэг болон савхин зах оруулгатай байвал таны хувцас илүү дэгжин харагдана. Дээр нь намрыг санагдуулам хурц тод зоримог шаргал өнгө таныг чимэх нь.

Эршүүд загвар эрэлттэй байна

Томдсон мэт этгээд хувцаслалт энэ намрын гол загварн нэг. Загвар шүүмжлэгчид “Тайзан дээрх модельд тохиромжтой ч амьдрал дээр өмсөх боломжгүй” хэмээн ярьдаг. Гэхдээ шинэ загвар туршиж үзэх дуртай, зоригтой бүсгүйчүүдийн хувцасны шүүгээнд яльгүй томдсон цамц хүрэм байхад гэмгүй. Мөн энэ улиралд эршүүд байх, найз залуугийнхаа хувцсыг өмссөн мэт хувцаслах нь таныг улам дэгжин харагдуулна. Эрэгтэй хувцасны материалаар хийсэн эмэгтэй загварууд ч илүү эрэлттэй байна.

Нарийн өсгий, шөвгөр хоншоор таны сонголт

Дизайнерууд гутлын загвар дээр маш өргөн сонголт санал болгож байна. Өнгө, өсгийний хэлбэр, ул түрийний урт зэргийг өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлэн сонгож болох нь. Гэхдээ улиг болсон зузаан ул, бүдүүн өсгий бус өндөр, нарийнхан өсгий, шөвгөр хоншоор моодонд орж байгааг санаарай. Мөн богинохон хүрэм, цуван дээр өвдөг давсан урт түрийтэй гутал өмсөхийг санал болгож байна.

Зөөлөн ягаан ба булбарай

Загварын ертөнцөд завсарын эрлийз гэмээр өнгөнүүд давамгайлсан хэвээр байна. Намрыг санагдуулам зөөлөн шаргалаас гадна булбарай байдлыг илэрхийлсэн зөөлөн ягаан өнгө бүсгүй таныг улам тод харагдуулна.

Дотуур хувцаснаас эхлээд хүрэм, гутал, цүнхэндээ ч энэ өнгийг сонгоорой. Мөн шинэ хар гэж нэрлэгддэг хар хөх өнгө, металик цагаан өнгөнүүд ажил хэрэгч эрхэм таны сонголтод бий.

1970 оны геометр, сарнисан хээнүүд загварын ертөнцөд хүч түрэн орж ирж байгааг дуулгая. Мөн өнгөт геометр үргэлж сонирхолтой харагддаг гэдгийг сануулж байна. Янз бүрийн хурц тод өнгөтэй дүрсүүдийг эвлүүлж өрсөн мэт хувцас таны биеийн өөг сайн дарж чадна.

Бөгжөө хурууныхаа дунд үед зүүгээрэй

Бүсгүй таныг тодотгож байдаг бас нэгэн зүйл бол гоёл чимэглэл. Нүсэр хүнд, этгээд гэмээр хүзүүний зүүлт энэ намрыг чимэх болно. Бас нэгэн сонирхолтой загвар орж ирсэн нь бөгжөө хурууныхаа дунд үенд зүүх юм. Хэрэв та жижигдсэн бөгжөө хадгалсан бол одоо гаргаад гангалж болох нь.

Мөн янз бүрийн өнгө загвартай ноосон малгай, ороолт нь яаж өмссөн зэргээс шалтгаалан загварлаг байдалд тань туслах болно.

Цүнхний загвар дээр олон шинэлэг зүйл гарсан ч хамгийн сонирхолтой нь барих хэлбэр нь энэ улирлын моод болж байна. Оосор бариултай цүнхээ сугандаа хавчуулаад алхаарай. Тэгвэл та илүү загварлаг, эмэгтэйлэг харагдана хэмээн зөвлөж байна.

Адал явдал хайгч эрчүүд

Харин эрэгтэй хувцаслалтын тухайд хэд хэдэн шинэлэг загварууд нэмэгджээ.

Гутал нь дугуй хоншоортой, богино түрийтэй уламжлалт өнгө загвартай байх нь. Тэдний намар өмсөх хүрэм нь тун сонирхолтой. Адал явдал эрэлхийлсэн аялагч, анчин, тамирчинг санагдуулам загвар зонхилж байгаа юм.

Завсарын өнгөнүүд голложээ. Мөн хүрэм нь эмэгтэйчүүдийн адил үслэг эдлэл, савхин оруулгатай бол илүү дэгжин харагдана.

Т.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих