Ч.Амартүвшин: Заамар дахь түүхийн дурсгалаас улаан шороо л үлдсэн
Сүүлийн үед уул уурхайн салбар хөгжихийн хэрээр лиценз олгосон талбай дахь түүхийн дурсгал соёл устаж үгүй болох нь нэмэгджээ.
Тэгвэл энэ асуудлаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Амартүвшинтэй ярилцлаа.
-Уул уурхайн ажилтай холбоотойгоор түүхийн дурсгалт өв хэр зэрэг сүйдээд байна вэ?
-Үүнийг тодорхой хэлэхэд хэцүү л дээ. Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй компани маш олон. Зарим нь ил тодоор олборлолт хийдэг бол нөгөө хэсэг нь нууцаар ажилладаг. Дээрээс нь манай улс байгаль дээрх түүхийн дурсгалуудаа бүгдийг нь бүртгэж чадаагүй. Үүнийг судална гэдэг маш их цаг хугацаа, ажил шаардагдана. Тэгэхээр бид эхний ээлжинд байгальд тархсан түүхийн дурсгалт өв соёлыг бүртгэлжүүлэх сан бий болгох шаардлагатай. Хэрэв ийм сан бий болчихвол бид ч гэсэн сүйдсэн дурсгалын тоог нарийн гаргах бололцоотой болох юм.
Тухайлбал, нэг нүүрсний уурхайд түүх соёлын өв дурсгал байсан ч түүнийг тухайн компани сүйтгээд, ажлаа хийсэн байя гэж бодъё. Гэтэл тэнд дурсгал байсан гэдгийг бүртгэлд оруулаагүй болохоор сүйдсэн гэдгийг мэдэх боломжгүй шүү дээ. Ямартай ч одоогоор олборлолт хийхээсээ өмнө түүхийн өв соёл байгаа эсэхийг шалгаж үзэх хүсэлт тавьж, бидэнтэй хамтарч ажилладаг 200 орчим уул уурхайн компани бий.
-Дурсгалт өв соёлын нэгдсэн бүртгэл байхгүй тохиолдолд тэдгээрийг яаж хамгаалах вэ?
-Тиймээс л байгаль дахь дурсгалт өвийг хамгаалахын тулд нутгийн иргэдийн оролцоог авах нь чухал. Оршин суугаа нутгийнх нь аль хэсэгт түүхийн дурсгал байгааг бидэнд мэдээлэх хэрэгтэй. Хэрэв түүхийн дурсгалт өв байрлах газар уул уурхайн компани ажлаа эхлүүлэх гэж байгаа бол даруй мэдээлэл өгөх нь чухал. Нутгийнхан заавал бослого гаргахдаа биш, хэлэлцэж ойлголцох хэрэгтэй.
-Уул уурхайн компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор түүхийн дурсгал сүйдсэн ямар газрууд байна?
-Наад зах нь Заамар байна. Тэр нутагт уул уурхайн компанийн олборлолт эхлэхээс өмнө маш олон түүхийн дурсгал, археологийн олдвор байсан. Тэнд үйл ажиллагаа явуулсан компани “Энд их хэмжээний түүхийн дурсгал байна. Бид олборлолт хийх гэж байгаа учир эдгээрийг шилжүүлэх хэрэгтэй” гэсэн ямар ч хүсэлт ирүүлээгүй. Үүнээс болж түүхийн дурсгалууд сүйдэж одоо улаан шороо л үлдсэн байна. Энэ мэт жишээ олон бий.
-Авран хамгаалах судалгааг хэзээнээс хийж эхэлсэн бэ?
-Авран хамгаалах судалгаа зөвхөн уул уурхайн үйл ажиллагаанаас гадна байгалийн хүчин зүйлээс үүдэн сүйдэж буй хөшөө дурсгалыг шилжүүлэхэд чиглэдэг. Цаашлаад, усан цахилгаан станц, дэд бүтэц, барилга зэрэг олон хүчин зүйлээс үүдэн дурсгалт хөшөө сүйдэж байгаа. Ийм төрлийн судалгааг аль 1960 оноос л хийж ирсэн. Харин уул уурхай эрчимтэй хөгжсөн 2001 оноос авран хамгаалах судалгааны ажил илүү сайжирсан. 2001 онд “Айвенхоу Майнз”, “Оюутолгой”-н орчимд хийсэн авран хамгаалах судалгаагаар нэг үе эхэлж байгаа юм. “Айвенхоу Майнз”-аас хойш олон компани ажилласан л даа. “Энержи Ресурс”, “Хөшөөт” зэрэг томоохон уул уурхайн компани ажиллаж буй талбайдаа авран хамгаалах судалгааны ажил хийсэн.
Ер нь томоохон компанийн хувьд хариуцлагатай уул уурхайн дүрмээ баримталж, олборлолт эхлэхийн өмнө тэр газрынхаа түүхийн дурсгалт өвийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийдэг. Харин жижиг компаниуд үүнийг хийхгүй байна. Жижиг компаниуд хөрөнгө мөнгөнөөсөө болоод авран хамгаалах судалгаа хийдэггүй байх. Гэхдээ л хуулийн дагуу ажиллах хэрэгтэй шүү дээ.
-Тэгэхээр түүхийн дурсгалыг аврах судалгааг шилжүүлэхэд гарах хөрөнгийг тухайн газарт үйл ажиллагаа явуулах компани өөрөө гаргадаг байх нь ээ?
-Тийм ээ. Гол хөрөнгийг уул уурхайн захиалагч компани өөрөө гаргахаар хуульчилсан. Бид судалгаагаа хийгээд бодитой тайлан гаргаж өгнө. Харин захиалагч компани түүхийн дурсгалыг зөөхөд шаардагдах хөрөнгийг гаргах үүрэгтэй.
-Уул уурхайн компани авран хамгаалах судалгааны захиалгаа ямар хугацаанд танайд мэдэгдэх ёстой вэ?
-Хуулиараа бол тухайн компани лицензийн талбай авсныхаа дараа авран хамгаалах судалгаа хийх хүсэлтээ манайд тавина. Ингэснээр археологчид лицензийн талбай дахь түүхийн дурсгалын тоо хэмжээг судалж тайлан гаргадаг. Ингэснээр тухайн компани өрмийн болон уурхайн ажил эхлэхийнхээ өмнө “Энэ нутагт байрлах 42 түүхийн дурсгалын 28 нь ажил хийхэд саад болж байгаа тул эдгээрийг шилжүүлж, өгөөч” гэх хүсэлт гаргах юм. Ер нь түүхийн дурсгалыг бүгдийг нь малтахдаа биш, уул уурхайн ажил явуулахад саад болж буйг нь л шилжүүлдэг.
-Дурсгалыг хаана шилжүүлдэг вэ?
-Тухайн байгууллагын сан хөмрөг, музейд тавьдаг. Ер нь тэр дурсгалууд түүхийн судалгааны гол баримт болно.
-Жилд дунджаар хэчнээн түүхийн дурсгал аварч байна?
-Дунджаар 100 гаруй дурсгал хамгаалж байна. Гэхдээ энэ тоо бол сүүлийн гурван жилийн хугацааных. Үүнээс өмнө жилд ихдээ л 20-40, эсвэл огт аварч чаддаггүй байсан. Сүүлийн жилүүдэд аврах ажиллагаа харьцангуй сайжирч байна. Энэ нь мэдээж уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа учраас түүхийн дурсгалт өвөө хамгаалахад ч гэсэн ихээхэн анхаарах болсонтой холбоотой болов уу.
-Жилд 100 гаруй түүхийн дурсгал хамгаална гэдэг хангалттай тоо мөн үү?
-Маш хангалтгүй тоо. Ер нь жилд багадаа л 1000, зарим үед 7-8 мянган дурсгал илрүүлж байгаа шүү дээ. Үүнээс 100 гаруйг л аварч байна гэдэг маш хангалтгүй тоо. Ер нь авран хамгаалах судалгаа хийх, зөөвөрлөх ажилд төрөөс тодорхой хэмжээний зохицуулалт хийх шаардлагатай байгаа. Тухайлбал, авран хамгаалах судалгаа, малтлага, зөөвөрлөх, үзэсгэлэн гаргах гээд бүх ажлыг археологичид хийдэг. Ер нь археологичид бүгдийг хийнэ гэдэг хэцүү.
-Суурь судалгаа хийдэг хүмүүс авран хамгаалах ажиллагааг давхар хийдэг гэхээр их ачаалалтай ажилладаг байх нь ээ?
-Тийм шүү. Нэг археологич хүрэл зэвсэг, чулуун зэвсгийн хоорондын ялгаа гэх мэт шинжлэх ухааны нарийн сэдэв сонгож судалгаа хийдэг. Гэтэл үүнийхээ хажуугаар авран хамгаалах судалгаа хийгээд, түүхийн дурсгал чөлөөлөх ажилд оролцоно. Тэгэхээр нөгөө археологич үндсэн судалгаагаа хийх хугацаа олдохгүй шүү дээ. Гэхдээ аливаа асуудал сайн, муу хоёр талтай байдаг. Үүнийг эерэгээр харвал, Монгол орны түүхийн дурсгалыг илрүүлэхэд археологичид аливаа нэг ААН, компанитай хамтран, хөрөнгөө гаргуулаад судалгаа хийнэ гэдэг эдийн засгийн хувьд таатай нөхцөл бүрдүүлж байгаа.
Ер нь шинжлэх ухааны салбарын хөрөнгө мөнгө дутмаг байгаа энэ үед сайшаалтай хэрэг. Дээрээс нь судалгааны шинэ объектуудыг нээж байна. Энэ мэтчилэн олон эерэг нөлөө бий. Гол нь бид ажлаа тээршаагаад байгаа биш. Аливаа зүйлд менежмент гэж байх ёстой. Археологичид маань судалгааны ажлынхаа хажуугаар компаниуд дээр очиж уулзаж хөрөнгө мөнгөө ч зохицуулна. Нэг ёсондоо археологчид бизнесийн ажил давхар хийгээд байгаа юм. Ингэхгүйгээр бид зөвхөн судалгаагаа хийдэг, харин бусад менежментийн асуудлыг тусгай институт хариуцан ажилладаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол археологчид бүх зүйлээ өөрсдөө хийнэ гээд тогоо, шанагаа бариад гүйгээд байх нь хүндрэлтэй байна. Бид чинь супермэн биш шүү дээ.
-Институти байгуулах талаар холбогдох хүмүүст хандаж үзсэн үү?
-Энэ бол зөвхөн миний санаа биш. Археологичид хоорондоо энэ асуудлаар ярилцдаг. Дээрээс нь яамны зүгээс соёлын өвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга гаргах гэж байгаа. Энэ хуульд оруулахаар ярилцсан. Ямартай ч ирэх жил гэхэд институтээ байгуулчих болов уу гэж найдаж байна.
Б.Золзаяа
URL: