Зүү залгисан цэрэгт эрүүгийн хэрэг үүсгэлээ
Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 311 дүгээр ангид энэ оны эхний ээлжийн цэрэг татлагаар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас татагдан очсон Пүрэв-Очирын Хэнмэдэхэд заставын удирдлага нь хүчээр зүү залгиулсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан билээ.
Энэ хэргийг Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын ажиллагаа ямар шатанд байгаа талаар тус аймгийн цагдаа, прокурорын ажилтнуудаас тодрууллаа.
Цагдаагийн газрын эх сурвалж “Заставын орлогч Н.Баатарыг гэм буруугүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгохоор прокурорт саналаа хүргүүлсэн. Харин П.Хэнмэдэхэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон. Прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн байцаалтын ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Увс аймгийн Прокурорын газрын албаны эх сурвалж “П.Хэнмэдэхэд өчигдөр (уржигдар) эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаах байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн 280 дугаар зүйлд заасан “Хугацаат цэрэг өөрийн биед гэмтэл учруулах аргаар цэргийн албанаас зайлсхийсэн гэсэн үндэслэлээр сэжигтэн, яллагдагчаар тооцсон.
Уг хэргийг шалгах явцад П.Хэнмэдэх өөрийгөө гэмтээн, зүү, гаднын биет залгисан нь хэд хэдэн нотлох баримтаар тогтоогдож байна. Тухайлбал, цэргүүдийн захны даавуугаа хаддаг зүүний цуглуулга алга болж, П.Хэнмэдэхийн эд зүйлээс олдсон. Эхний өдөр үзлэг хийж рентгенд харахад нэг зүү байсан. Маргааш нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчраад харахад гурван зүү нэмэгдсэн байсан. Гэрчүүд болох хамт байсан цэргүүдийн мэдүүлгээр П.Хэнмэдэх жагсаалд хөл гараа олохдоо тааруухан, өглөө эрт босохоос цааргалдаг хүн. Тиймээс цэргийн албанаас шантарч, ийм алхам хийсэн байж болзошгүй юм билээ” гэж мэдээлэв.
Н.Мөрөн /gogo.mn/
URL: