Н.Энхболдод эрүүгийн хэрэг үүсгэмээр байна
Шоргоолжны үлгэр санаанд оров. “Мод оо, мод оо, надад самар өгөөч. Самрыг би гахайнд өгнө. Гахай надад хялгас өгнө. Хялгасаар би дээс томж нүхэнд унасан найзыгаа татаж гаргана”…
Энэ үлгэрийг дарга нар мэддэг болов уу. “Найзаа найзаа буугаа өгөөч. Буугаа үүрээд гахайнд явъя. Агнасан гахайгаар хоол хийе. Хийсэн хоолоо хувааж идье. Дараа нь хөлбөмбөг үзэж шар айраг ууя…”
2010 оны есдүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганбаяр нар найзуудтайгаа гахайн анд морджээ. Анхны цаснаар олз омог ихтэй байж бүл гахайтай таарч. Гэвч ганзага мялаасан тэд гал алдаж түймэр тавив. Гайхалтай нь түймэр тавьснаа юман чинээ тоолгүй уулнаас бууж айлд очсон нь байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Чулууных байв.
Тэд нэлээд согтуу байсан бөгөөд гурван жийп хөлөглөсөн байжээ. Ой хамгаалагч “Та хэд чинь түймэр тавьчихлаа шүү дээ. Утаа суунаглаад байна” гэхэд сумын Засаг дарга Д.Ганбаяр “Зүгээр хө, энгэр газрын жижиг гал өөрөө унтарчихдаг юм” гээд яваад өгчээ. Гэвч нөгөө энгэр газрын түймэр унтрах нь бүү хэл сар гаруй үргэлжилсэн их түймрийн эхлэл байв.
Тэднийг түймэр тавьсан гэдгийг гэрчлэх 100 гаруй хүн гэрчийн мэдүүлэг өгчээ. Хохирлын дүн анхны шалгалтаар 33 тэрбум төгрөг болсон байна. Гэтэл өнөөдөр Ойн хэрэг эрхлэх газрын жилийн төсөв ердөө дөрвөн тэрбум төгрөг. Энэ мөнгөөр ажилчдынхаа цалинг тавина, унаа машиндаа шатахуун хийнэ, хортон шавьж устгана. Бас дээрээс нь гал түймэртэй тэмцэнэ. Хулгайгаар мод огтолсон хүмүүсийг олж илрүүлнэ.
Гэтэл нийт 5680 га газрыг түймэрдэж 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Нямаагийн Энхболд, сумын Засаг дарга Д.Ганбаяр нар Ойн газрын жилийн төсвийг гахай агнахдаа хэд нугалаад “хэрэглэчихсэн” нь байгаа юм.
Мод хулгайгаар огтлох, түймэр тавих нь эрүүгийн гэмт хэрэг. Ийм зүйл хийсэн энгийн иргэн бол шоронд ордог. Гэтэл 33 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх ойг шатаачихсан УИХ-ын дэд дарга Нямаагийн Энхболдод эрүүгийн хэрэг үүсэхтэй манатай. Тэрбээр албан тушаал, өндөр нэр хүндээрээ далайлган сумын Засаг дарга Д.Ганбаяраар дамжуулан үйлдсэн хэргээ баллуурдахаар хүч тавин ажиллаж байна.
Тухайлбал, хохирлыг анхны үзлэгээр 33 тэрбум төгрөг гэж баталсан Ойн ангийн даргыг дарамталж байгаад 33 тэрбум төгрөгийг 53 сая төгрөг болгон өөрчлүүлжээ. Энэ талаар тус ангийн дарга барин тавин ярьдаг гэж байгаа. Тэдний үйлдсэн хэргийг хуулийн байгууллагаар шалгуулах гэхээр Төв аймгийн прокурор хэрэгсэхгүй болгочихоод байдаг гэнэ.
Мөн тэднийг түймэр тавиад согтуу явж байсныг гэрчлэх нутгийн 100 гаруй иргэн бий. Тэд Аймгийн ИТХ-даа гомдол гаргажээ. Гомдлын дагуу 2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд Батсүмбэр суманд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн хурал болсон байна. Гэтэл Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат 70 гаруй хүний өмнө “Энэ түймэр хэний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан нь тодорхой байгаа. Гэрчлэх хүмүүс ч бий. Гэхдээ энэ удаа хэн нэгэнд хариуцлага тооцохоо больё” гэжээ.
Өдгөө нутгийн иргэд энэ талаар дургүйцлээ илэрхийлсээр байгаа. Амьдрал ядуугаасаа болж ганц нэг нойтон мод огтолчихоод шоронд орж байгаа ардын хүүхдийн хувь заяаг Нямаагийн Энхболд болон сумын Засаг дарга Д.Ганбаяр нараар сольчихвол ямар байх бол.
Эрх мэдэлтнүүд ял авдаггүй, энгийн иргэд ял шийтгүүлж болно гэх хууль манай улсад байхгүй шиг санагдана. “Даварсаар даварсаар Дагва гуайн орон дээр…” гэдэг шиг хийсэн үйлдэл болгонд нь ял тооцдоггүй болохоор сумын Засаг дарга Д.Ганбаяр халамцуу согтуу үедээ “Миний дээр хөх тэнгэр л байдаг. Мэдэж ав та нар” гэж ханхалздаг гэж байгаа. Учир нь тэрбээр өмнө нь 70 сая төгрөгөөр үнэлэгдэх модыг ойгоос бэлтгэж байсан гэсэн баримт байдаг. Гэхдээ түүнийгээ зөвшөөрлийн “гоожингоор” аргацаасан тухай нутгийнхан ам өрсөн ярьдаг байна. Огтолсон модоороо Татварын ерөнхий газрын амралтын баазыг бариулахын тулд гавъяат үйлс бүтээсэн мэт онгирдог гэнэ лээ.
Орон нутагт түүн шиг хурган дарга нар бэрс гарахаа шахаж байгаа тухай баримт зөндөө. Тэднийг өөгшүүлж буй томчууд ч бий. Түүний нэг нь энэ удаагийн баримтаар яах аргагүй УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Н.Энхболд боллоо.
Зөвхөн Монголд ч биш хүн төрөлхтөнд ганц мод тарьсан ч гэсэн гавъяа гэж тооцогдохоор байгаа энэ эрин үед эрхэм гишүүн 5680 га газрын 33 тэрбумаар үнэлэгдэх ойг шатаачихаад хэнэггүй суух аж. Байгаль дэлхийгээ хайрлах гэж, модоо хамгаалах гэж засаг төрөөс агентлаг хүртэл байгуулчихаад, татвар төлөгчдийн мөнгөнөөс төсөв батлан ажиллаж ядан байхад Н.Энхболд мэт нь хулгайгаар ан агнаж, ой шатааж явах нь эрүүгийн гэмт хэрэг юм. Тиймээс, эрхэм гишүүн Н.Энхболдод эрүүгийн хэрэг үүсгэн хариуцлага тооцмоор байна. Байгаль орны яам, Ойн хэрэг эрхлэх газар үүнийг анхааралдаа аваасай. Энэ талаар цуврал нийтлэл гарсаар байх болно гэдгийг ч бас энд хэлмээр байна.
Б.Баатар
tsagmn
tsagmn
URL: