Нара: Дуу гэхээс илүү тал бүрийн чиглэлд өөрийгөө сорино

Nara 4Энэ удаагийн “Зогс нэг агшин” буландаа залуу дуучин Нараг урилаа. Тэрбээр сүүлийн үед телевизийн салбарт хүч сорих болсон билээ.

-Дуучин Нарагаар сонин юу байна. Энэ зуныг хэрхэн өнгөрүүлэв?
-Энэ зуныг ерөнхийдөө амралтын байдалтай өнгөрүүллээ. Угаасаа Монголын хувьд урин дулааны улирал зуны хэдхэн сар үргэлжилдэг болохоор амрах дуртай. Харин өчигдрөөс нэвтрүүлгийн ажилдаа орлоо.

-Таныг жүжигчин Б.Навчаатай хамтран нэвтрүүлэг хөтөлж байгаа. Телевизийн урлагт урвахаар шийдсэн үү?
-“Монгол” HD телевизээр энэ сарын 1-ээс эхэлж цацагдсан “Би хэн бэ” нэртэй хөгжөөнт нэвтрүүлгийг хөтөлж байна. “Монгол” HD телевизийнхэн Нидерландын “RTL 4” телевизийн “Wer bin ich?” хэмээх нэвтрүүлгийн хувилбарыг Азид анх удаа оюуны өмчийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийж байгаа юм билээ.

Нэвтрүүлгийг тус телевизийн хөтлөгч С.Хабул, жүжигчин Б.Навчаа нартай хамтран хөтөлж амжилт бүтээлээрээ гялалзаж яваа 260 гаруй зочныг шоундаа оролцуулахаар төлөвлөсөн. Нэвтрүүлгийн хувьд 30 минут үргэлжлэх “Би хэн бэ” шоу улиралд 65 дугаар гарна. Түүнээс гадна өөр нэгэн нэвтрүүлэг хийх санаа байгаа. Ер нь миний хувьд нэг биш нэлээд хэдэн нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажилласан туршлага бий. Тиймээс ч цаашид энэ салбарт ажиллах төлөвлөгөө бий.

-Шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?
-Ойрд шинэ уран бүтээл дээр ажилласангүй. Мэдээж мэргэжлийг нь эзэмшсэн юм чинь орхино гэж байхгүй. Цаашид шинэ уран бүтээл дээр ажиллах төлөвлөгөө байгаа. Гэхдээ одоо цаг нь арай болоогүй байна. Залуу хүн учраас зөвхөн дуу гэхээсээ илүү тал бүрийн чиглэлд өөрийгөө сорих хэрэгтэй гэж боддог. Миний хувьд тэр зарчмаар л ажиллаж, амьдарч байна даа.

-Таныг нэг цахим сайтад бие давхар болсон гэж мэдээлсэн байсан. Энэ үнэн үү?
-Тэр бол худлаа мэдээлэл. Нэг арга хэмжээнд сул цамц өмсч очсон байсан зургийг маань авчихаад тэгээд биччихсэн байсан. Яах вэ, амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг дээ. Ямар муугаар бичээд байгаа биш. Бие давхар болсон гээд биччихсэн л байна билээ. Тиймэрхүү мэдээлэлд нэг их ач холбогдол өгдөггүй юм аа.

Х.Жаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих