Мөнгөн уснаас хагацаж, Монгол нулимс татрав

a879157a8a9653d7bigАрдчиллын шуурганд хамгийн ихээр нэрвэгдэн, хэлмэгдсэн бодит бөгөөд хийсвэр бүхний жагсаалыг эх болсон нутаг ус, газар шороо тэргүүлнэ. Хэдэн зуун, мянганы туршид оршсоор, мөнх мэт дүнхийсээр ирсэн эх орон, түүний үнэт баялаг онгон дагшин байгаль эх сүүлийн хорь гаруйхан жилийн дотор эрчимтэй доройтов. Мал маллаж, түүнээс гарсан ашиг шимээр амьдарсаар өнөөтэй золгосон нүүдэлчин монголчууд зах зээлийн зэврүүн шуурганд хулгана мэт газраа хөндийлж сурав. Алдаршсан Хонгор сумын мөнгөн уснаас өгсүүлээд аймаг, сум, баг бүрт алтны шрүп хийгээд алдарч буй амьдрал, ирээдүйгээ хорлосон сэтгэл байгаа нь нууц биш.

   “Өдөртөө олох тэр хэсэгхэн шар өнгөтэй металлыг илүүд үзсэнээс өсөн торниж буй гуравхан настай хүүгийнхээ хажууд “мөнгөн ус хэмээгч хорыг үхлийн тунгаар хэрэглэж буй “нинжа” та Монгол Улсын иргэн мөн үү” гэж асуумаар өдрүүд олон өнгөрчээ. Ийм л хар дарсан зүүд шиг өдрүүд, ирээдүй болоод өнгөрсөн үе гэж үгүй цаг хугацааны хэлхээс киноны кадр адил жирэлзээд өнгөрч. Энэ тухай “Швейцарийн хөгжлийн агентлаг”- ийнхан бичил уурхайчдын өнөөгийн төрх, хувьслыг сурвалжлуулахаар урих үед анзаарсан юм. Бидний хэдэн сэтгүүлч хотоос гараад Дархан-Уул аймгийн Шарын гол сумыг зорилоо. Олон жилийн өмнө ирж байснаас нэлээд өөрчлөгджээ. Нүүрсний уурхайнхаа хажууд түшиглэн байгуулагдсан энэ сумын газар шороог “алтны хараал ” дайраад гарсныг бэлхнээ харж болно. Эвдэрч сүйдсэн газар шороо,”өвөрмөц амттай” ундны ус нь сэжигтэй. Гэвч эдгээр ул мөрүүд нэлээд хуучирчээ. Алтны нөөц нь багасаад ухахаа больчихсон юм байлгүй гэтэл үгүй гэнэ.

   Үнэхээр ч сумын төвөөс арваадхан километрийн зайд бидний зорин очиж буй бичил уурхай эрхлэгчдийн багахан хот айл байна. Биднийг очиход тавиад хүн байсан нь волейболын тэмцээн өрнүүлж байв. Эдгээр хүн бол “Буянтын хөндий Шарын гол” ТББ-ын төлөөлөл. Уг нь 600-гаад гишүүнтэй боловч сүүлийн үед орон нутгийн засаг захиргаа, сумын цагдаагийн газраас хөөж туугаад байгаа болохоор ийм бага хүн үлдэж. Эндээ барьсан гурван гэр, хорь илүү машинтай юм байна. Гэрээ тойруулаад элдэв уриа лоозон ажлаа хийх зөвшөөрөл олгохыг хүсч орон нутгийн засаг захиргаандаа хаягласан шаардлагаар дүүрсэн харагдав. Бичил уурхай сүүлийн жилүүдэд зохион байгуулалтад орж эхэлсэн. Үүний тулд орон нутгийн засаг захиргаа, олборлолтоо явуулж дууссан хувийн компани, бичил уурхайчдын гурвалсан гэрээ байгуулах ёстой аж. Шарын гол сумын хувьд эдгээр 600 гаруй бичил уурхайчдыг толгойлж буй хүн нь “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ны гүйцэтгэх захирал, “Буянтын хөндий Шарын гол” ТББ-ын захирал О.Цэцэгмаа хэмээх эгч. “Шарын гол” уурхайн хувьд О.Цэцэгмаа эгчийн дор нэгдсэн ТББ-ын 600 гаруй бичил уурхай эрхлэгчдийг өөрийн газар дээрээ үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөгүй юм байна.

   Сумын цагдаагийн газраас ирж гэрийнх нь даруулгыг огтлох, гурваас найман метрийн гүн дэх нүхэндээ ажиллаж байхад нь дээрээс нь шээх зэргээр эдгээр хүмүүсийг хөөсөөр байгаа гэсэн. 2005 оноос “Швейцарийн хөгжлийн агентлагаас санаачлан хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төсөл” үйл ажиллагааны хүрээгээрээ хүрч ажиллаж чаддаг газар нэг байхад Шарын гол дахь ТББ-ууд хийгээд “Шарын гол” уурхай мэтийн хоорондоо ойлголцоогүй бүс ч бий юм билээ. Уг нь бичил уурхай эрхлэгчид харах эзэн, харьяалагдах байгууллага, мөрдөх хууль дүрэмтэй болсноор өмнөх “нинжа” амьдрал төгсгөл болсон гавьяатай. “Буянтын хөндий Шарын гол” ТББ-ын бүх гишүүд улсдаа татвар төлдөг болсон нь ч нэгийг өгүүлнэ. Түүнээс гадна тэд ухсан нүхээ буцааж булдаг болсон нь тэрхэн хавьдаа “нөхөн сэргээлт” хийж буй хэрэг яриангүй мөн.

   Хамгийн олзуурхууштай нь, энд ямар ч мөнгөн усны хэрэглээ гэж алга. Нэг уулын цаана хиймэл нууран дээр шороогоо угаадаг гэж байна. Тэнд нь сайн дураараа хяналтын үүргийг тогтоосон хүмүүс мөнгөн усны хэрэглээг нь хянаж байдаг юм байна. Эдгээр хянагчид хүмүүсийн угаасан шороог ахин угааж ашгаа гаргаж авдаг болохоор ийнхүү сайн дурын хяналт тогтооход хүргэжээ. Ер нь мөнгөн усны хор хөнөөлийг мэдэхгүй хүн үгүй болсон өнөө үед боломж гарвал татгалзах нь ойлгомжтой. Одоогоор Монголд гуравхан газар үйл ажиллагаагаа явуулж буй алт боловсруулах цехүүдийн ачаар бичил уурхай эрхлэгчдийн ихэнх хувь нь мөнгөн уснаас татгалзаад байгаа сайхан мэдээ чих дэлссэн юм. Баянхонгор, Зүүнхараа, Борнуурт ийм цех байдаг гэсэн. Бид Шарын голоос гараад Зүүнхараа дахь цехээр орж үзэх болов.

    Албан ёсоор бол Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараа хотод улсын болоод хувийн хоёр алт боловсруулах цехтэй юм байна. Өнөөх л хүнд суртал хийгээд бүрдүүлэх ёстой асар олон баримт бичгүүдийн асуудлаас болоод улсынх нь үйл ажиллагаагаа эхэлж чадахгүй байгаа гэнэ. Харин И.Нарантуяа ахлагчтай “Сүрлэг Мандал” хоршооны үйл ажиллагаа 2010 есдүгээр сараас доголдолгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тавин килограммын шуудайтай шороог 13000 төгрөгөөр угааж өгдөг тус цехийн ерөнхий зохион байгуулалт нь энгийн юм. Хамгийн эхлээд бутлагч машинаар орно. Шорооны эзэн өөрөө дагаж хянадаг болохоор элдэв асуудал үүсдэггүй аж. Бутлуураар орж нунтаглагдсан шороо “бигүдэн тээрэм” буюу дотроо ус бүхий эргэлдэн угаагч тээрмийн хэсгээр дамжина. Нэг талаас нь тасралтгүй ус орж, нөгөө талаар нь “усан сан” гэж нэрлэгдсэн хэсэг рүү асгарна. Үүнтэй цуг шорооны ихэнх хувь нь урсаж одно. “Бигүдэн тээрэм” рүү ойролцоогоор 20 минутад нэг шуудай шороо орох ёстой нь 15-25 секундэд нэг хүрз шороо хийдэг гэж ойлголоо.

    Дараагийн хэсэг бол “сэгсрэгч ширээний дамжлага”. Гадныхныг дуурайлгаж, Монголд албан ёсны патент авсан энэхүү сонин төхөөрөмж 99 хувийн нарийвчлалаар алт ялгадаг нь батлагджээ. Монгол хүний хийсэн энэхүү ширээ одоогоор ганцхан байдаг нь энэ. Л.Оюунцэцэг, Ш.Эрдэнэбаяр хэмээх инженерүүдийн ур ухаанаар бүтсэн юм байна. Дээрээс нь шороо хийх юүлүүр хэлбэрийн сав байна. Хүрзтэй шороогоо асгачихаад ванны өрөөний шүршүүр шиг шүршигчээр усаа цацна. Энэ зуураа мотороо асаахад ширээ “булгиж” эхлэх нь тэр. Шороо нь эгц доошоо усанд урсаад яваад өгөх юм. Харин алт хүнд металл болохоор ширээний урт нарийхан ховилууд дээр үлдэж сэгсрэгдсээр унах ёстой газартаа буюу баруун тал руу ялгагдаж ойчихоор тохируулсан юм байна. Энэхүү цех мөнгөн ус хэрэглэдэггүйгээрээ давуу. Дархан, Шарын гол, Төв аймаг, Зүүнхараа, Баруунхараа зэрэг ойролцоох аймаг тосгодын бичил уурхай эрхлэгчид шороогоо ачаад цувчихдаг гэсэн.

   Тийм ч болохоор спорт талбай, билльяардын ширээнээс гадна амрах байр усанд орох газар, эмчийн үзлэгийн өрөө хүртэл бий. Бичил уурхай эрхлэгчид амрах байранд нь дөрвүүлээ ороход хоногт 10 мянган төгрөг өгнө. Биднийг очих үеэр “их ажлын дараа” амарч буй хоёр ч бичил уурхайчин адар доргитол хурхирч хэвтэнэ билээ. Ийм нэгэн амьдрал, ийм нэгэн ахуй бага ч гэсэн дээшилжээ. Алслагдсан аймгуудад хүрч ажиллаж чадвал “мөнгөн ус” хэмээх хорноос оройтоод ч гэсэн салах боломж харагдаж байна билээ. Бидний зам үүгээр дуусаагүй. Цаашаа Борнуур дахь алт боловсруулах цех, Заамарт орших “Алтандорнод Монгол”, “Мондулаан” зэрэг компанийн бичил уурхайчидтай хамтран ажиллаж буй тухай, Монгол Улсад одоо л нэг ном горимоороо явагдах болсон байгалийн нөхөн сэргээлтээр аялна. Манай сонин дараагийн дугаартаа уншигч тантай хамт энэ аяллыг үргэлжлүүлье.

Р.СЭЛЭНГЭСАЙХАН


URL:

Сэтгэгдэл бичих