Тоосжилт нийслэлчүүдийг уушиггүй болгох нь
Дэлхийн хамгайн их бохирдолтой хотуудын эхний байрт Улаанбаатар бичигдэж байна. Энэ тухай мэдээллийг судлаачид хэлж, зам засвар, барилгын ажил зэргээс үүдсэн тоосжилтын хэмжээ их байгааг эрүүл мэндийн байгууллагынхан онцолж байна. Нийслэлийн агаар дахь тоосонцрын хэмжээ 1575 мкг байгаа нь нэг иргэн өдөрт 4-5 танртаг тамхи татсантай тэнцэх хорт бодисоор уушигиа утаж байна гэсэн үг аж. Ийн нариин бүдүүн ширхэгт тоосонцор бидний эрүүл мэндэд заналхийлж байна. Өнгөрсөн зун л гэхэд Баянзүрх дүүрэг орчим РМ2.5 буюу нарийн ширхэгт тосонцрын хэмжээ харьцангуй их байсан тухай суурин харуулын цэгийн мэдээлэлд дурджээ. Тэгвэл дөрөвдүгээр сард Биокомбинатад бараг түйрэн болсон.
Тоосжилт нь хүний нүдэнд үл үзэгдэх нарийн хэмжээст зүйл байдаг тул эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг тэр бүр мэддэггүй гэж эмч нар хэлж байгаа юм. Агаар дахь тоосонцрын хэмжээ 10 мкг-аас бага байх ёстой байдаг бол манай улсын хувьд 2007 онд 157, 2008 онд 279 гэсэн үзүүлэлтээр нэмэгдсээр өдгөө 1575 болжээ. Ер нь агаар бохирдуулагч хүчин зүйлийн 60 хувийг тоос тоосонцор эзэлдэг байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны Дэлхийн банктай хамтран хийсэн судалгаанд тоосонцрын концентраци нь Монгол Улсын агаарын чанарын стандартаас 14 дахин, ДЭМБ-ын агаарын чанарын стандартаас 35 дахин илүү өндөр үзүүлэлттэй байна гэж тэмдэглэжээ. Энэ нь хор нөлөө ихтэй гэсэн үг гэж холбогдох мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаа. Ийнхүү хэдэн арав дахин үржин тархаж буй тоосонцрын өвчлөх бага насны хүүхдийн тоо 1.9-2.1 дахин, бронхийн багтраа өвчнөөр өвчлөгсөдийн тоо 1.5-2.1 дахин нэмэгдсэн тухай мэдээллийг холбогдох байгууллагын тайланд дурдсан байх юм.
2015 ОН ГЭХЭД 45 МЯНГАН ХҮН ӨВЧИЛЖ ТАВАН ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛАХ ТООЦОО ГАРЧЭЭ
Улаанбаатар хотын тоосонцрын хэмжээг бууруулах арга замыг сүвэгчлэхгүй бол 2015 он гэхэд 42 мянган хүн уушгины архаг үрэвсэлтэй болж, иргэдийн эрүүл мэндэд таван тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Он цаг өнгөрөх тусам уушгины үрэвсэл болон тоосны харшлаар өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг эмч нар хэлж буй. Дээрх үзүүлэлтүүд Улаанбаатар гамшгийн хэмжээнд хүрснийг илтгэж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжил хариуцсан орлогч Т.Бат- Эрдэнийн хэлж буйгаар бол гаднах орчны тоосжилтоос өрөө тасалгаан дахь тоосонцор хүний эрүүл мэндэд хамгийн аюултай байдаг гэнэ. Утааг бол буруулж болох зүйл харин тоосонцорыг хэрхэн багасахыг хэлж мэдэхгүй. Гэхдээ тоосонцрыг бууруулахын тулд эхлээд утааг багасах нь хамгийн зөв зүйтэй алхам болно гэж тэрбээр ярьсан.
” ИРЭХ ЖИЛЭЭС ЗАМ ТАЛБАЙГ УГААНА”
Харин Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан “Улаанбаатар хамгийн бохирдолтой хотын тоонд орж байна гэж яриад байгаа. Гэвч энэ бол харьцангуй ойлголт. Ямар байгууллага, ямар судалгааны аргаар ийм нэр томёолол гаргаж ирээд байна гэдэг нь эргэлзээтэй. Дэлхийд тэргүүлэх нь юу юм гэхдээ агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээнд хүрчихээд байгаа нь үнэн л дээ. Тэр дундаа нарийн ширхэгт тоосонцор хамгийн их сөрөг нөлөөтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Тоосжилт бол хэдэн тонноор яригдах зүйл. Зам засвар, барилга, хүн амын нягтаршил гээд тоосжилтийг бий болгох олон хүчин зүйл байна. Гэхдээ үүний эсрэг арга хэмжээ авах нь зүйтэй. Ногоон байгууламжийг сайжруулах, жижиг усан оргилууруудын тоог нэмэгдүүлэх гэх мэт хийх ажил бий. Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудад бүх зам талбайгаа байнга угаадаг юм билээ. Тиймээс бид ирэх оноос автомашины замуудыг угаах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн зам талбайг тогтмол угаадаг болбол тоосжилтын хэмжээ бага ч гэсэн буурах учиртай. Түүнчлэн хүчний хэмнэлттэй зуухаар хангаж чадвал айл өрхүүдийн үнснээс үүдсэн тоосны хэмжээ буурна гэж үзэж байгаа. Эрчим хүчний хэмнэлттэй зуух түлээ нүүрснээс ялгарах хорт хий болон тоосжилтыг 70 хувь бууруулдаг болох нь лабораторийн туршилтаар батлагдсан” хэмээв.
Эрүүл мэндийн статистикийн мэдээгээр Улаанбаатар хотод амьсгалын эрхтний өвчлөл жилээс жилд нэмэгдэж нийт өвчлөлийн 23.4-24.4 хувийг эзэлдэг болжээ. Энэ мэтээр тоосжилт гэх чимээгүй тахал бидний уушгийг өвчлүүлсээр буй. Нарийн тоосонцор уушгинд орж хоёр цулцангийн архаг үрэвсэл үүсгэдгийг эмч нар аль эрт тогтоожээ. Иймээс эрүүл цэвэр орчинг хамтдаа бүтээж эрүүл мэнддээ санаа тавих цаг болжээ, их хотын иргэд ээ. Улаанбаатар хотын агаарын бохирддыг буруулахад байгууллага хувь хүн бүрийн оролцоо чухал байна.
Б.ГАНДОЛГОР
URL: