Скарлетт Иоханссон: Залуу хүн завгүй явах сайхан

scarlett-johansson-wallpapers-9Сүүлийн үед кино урлагт хамгийн их эрэлттэй байгаа АНУ-ын жүжигчин, загвар өмсөгч, дуучин Скарлетт Иоханссон сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар сонирхолтой ярилцалагыг “radiotimes.com” сайтад өгснийг товчлон хүргэж байна.

-Залуу уран бүтээлчийн хувьд энэ жилд гурван кинонд тоглосон байх юм. Үнэхээр хөдөлмөрлөж байгаа энэ байдал тань шүтэн бишрэгчдэд тань таалагдаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна?

-Баярлалаа. Энэ жилийн хувьд үнэхээр их завгүй байлаа. Одоо ч зарим киноны зураг авалт үргэлжилсээр байна. Жилийн эхнээс л “Дон Жуан” хэмээх кинонд тоглож, зураг авалтад нь оролцохоор дэлхийн өнцөг булан бүрт завгүй гүйж байлаа. Харин удалгүй надад давхар санал орж ирж, “Under the skin” киноны дүр ирсэн. Мөн “Her” хэмээх кино гээд гурван бүтээл дээр ажиллаж байна. Одоо жоохон л хугацаа үлдсэн. Үнэхээр амрах ч завгүй байлаа.

-Ирэх жил ямар уран бүтээл дээр ажиллах гэж байна?

-Ирэх жил тоглох хоёр кино хүлээж байна. Гэхдээ одооноос зарим хэсгийнх нь зураг авалтад ороод эхэлсэн байгаа. Киноны зохиолыг уншиж, судалгаа хийж байгаа. Бидний мэдэх “Captain America: The Winter Soldier” нэртэй шинэ цувралаа ирэх оны дөрөвдүгээр сарын 4-нд өдөр дэлхий даяар нээнэ. Энэ өвөл ч урт байх шинжтэй байгаа. Олон зураг авалт хийх байх. Уран бүтээлчийн хувьд зураг авалтын үед даарч, өвчин тусахгүй байхыг л хичээнэ дээ. Мөн “Chef” нэртэй уран бүтээлд би ажиллахаар болсон. Энэ талаар удахгүй мэдээлэл цацагдах байх.

-Таныг “Marvel” цувралын “Natasha Alianovna Romanova” буюу “Black Widow” бүсгүйн дүрд төгс тохирч байгаа учраас “Iron man 1, 2 болон Avangers Captain America” зэрэг кинонуудад сонгосон байх. Та энэ дүрд хэр дуртай вэ?

-“Marvel”-ийн дүрүүдийг мэдэхгүй хүмүүс, хүүхдүүд бараг байхгүй. Миний тоглосон дүрүүдээс хамгийн эрч хүчтэй, цоглог бас тачаангуй дүрийн нэг л дээ. Надад таалагддаг учраас би дараа дараагийн цувралуудад ч дүрээ бүтээсээр байх хүсэлтэйгээ илэрхийлмээр байна. Уран бүтээлч хүний хувьд дүр болгонд уусах нь хамгийн чухал гэж би боддог шүү.

-Мэдээж тийм. Мөн таны тоглосон “Under The Skin” кинонд таны дүр төрх үнэхээр өмнө нь байгаагүй гэж хэлэхээр өөр харагдаж байсан. Шуудхан хэлэхэд яг л Орос хүүхэн шиг харагдаж байсан. Энэ дүрийн хувьд?

-Энэ бол хүн бүрийн сэтгэхүйд нэг зүйл нуугдаж байдаг гэдгийг өөр, өөр өнцгөөс харуулж, түүний мөн чанарыг үзэгчдэд харуулах зорилготой дүр. Түүний ертөнц бусдаас тэс ондоо. Эмэгтэй хүний сэтгэлийн углуурга дотор юу байдаг, түүнийгээ давж гарахгүй бол юу мэдэрдэг зэрэг олон талын зүйлийг харуулахыг зорьсон бүтээл. Гэхдээ бүтээлийн хувьд үнэхээр ойлгомжтой сайн кино болсон. Үзэгчид нүдээрээ харж, чихээрээ сонсож мэдэрсний дараа л өөрсдийн дүгнэлтээ хийх ёстой.

-Зураг авалтын үеэр цаг агаар, таны сэтгэл санаа ямар байсан?

 

-Үнэхээр хүйтэн, бас байнга л бороотой, нэг тийм бүүдгэр өдөр зураг авалтыг хийдэг байлаа. Тэр болгонд дасаж, уран бүтээлээ зогсоолгүй үргэлжлүүлэх нь жүжигчин хүний л тэсвэр. Хүнд хэцүү байсан. Би нуухгүй. Үзэгчид ч энэ киноноос хүссэн тэр мэдрэмжийг хангалттай авах байх гэдэгт эргэлзэхгүй байна. Зураг авалтын үед Шотландад “байнга ийм байдаг юм уу” гэж асуухад найруулагч маань “Тийм ээ” гэсэн. Би Шотландын ард иргэдийг өрөвдсөн. Нуурын эрэг нь маш хүйтэн, нэг тийм жихүүн салхитай. Уйтгартай, очиж, үзэх газар бараг байхгүй. Товчхондоо, үзэсгэлэнт байгаль ихтэй, өнөө цагт дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц байгалийн тогтолцоотой газар.

-Миний сонссоноор дээрх бүтээл нь бодит байдал төсөөлөл хоёрын дундах амьдралыг харуулах гэж оролдсон гэсэн. Таны бодлоор найруулагч юу илэрхийлэхийг хүссэн гэж байсан юм бол?

-Мэдээж аливаа нэг уран бүтээл болгон өөрийн гэсэн утга санаа, зорилготой. Бид хүний амьдарч буй ертөнцөөс тэс хөндлөн төсөөллийг бий болгохыг зориогүй талаар найруулагч хэлсэн. Харин бодит амьдрал дээр хүний сэтгэхүй хэрхэн өөрчлөгдөж, бас бусад хүн яаж хүлээн авч буй талаар ойлгуулахыг, бусдын сэтгэхүй өөр учраас бусдыг хүндлэх ойлгох зан байдлыг нэмэгдүүлэх талаар найруулагч өөрийн үзэл бодлоо оруулсан гэж би ойлгож байна. Бүтээлийг хийх явцад ойлгохгүй зүйлтэй тулгараагүй.

-Хувийн амьдрал тань хэр бай­на. Таныг найз залуутай бол­сон талаар хэвлэлүүд шуугих болсон?

-Би энэ талаар бодох ч сэхээгүй явж байна. Залуу хүн завгүй явах сайхан шүү дээ.

-Алдарт “Play Boy” сэтгүүлийн “Хамгийн тачаангуй од” гэсэн шалгаруулалт жил бүр болдог. Энэ жил та жагсаалтыг тэргүүл­сэн байсан. Ийм байж найз залуу­гүй байна гэдэг олон залуусын хар­цыг унагах шалтгааны нэг болж байгаа байх?

-Би бол зүгээр л нэг жүжигчин хүүн шүү дээ. Найз залуутай байсан, байгаагүйн ялгаа одоохондоо алга. Үргэлжийн энд тэнд зураг авалт гээд ажил ихтэй байдаг амьдрал зарим хүнийг залхаах биз. Тэглээ ч би ойрын жилүүдэд иймэрхүү хувийн амьдралдаа санаа зовохгүй байна. Хийж бүтээх цаг ирсэн юм шиг л энд тэнд ажиллаж байна.

-Та ойрын хугацаанд ямар нэг жүжгийн дүр бүтээх үү?

-Одоохондоо тийм зүйл бодоогүй. Хамгийн сүүлд өнгөрсөн жил драмын жүжигт тоглосон. Кино урлагт хийх зүйл их байна.

-Таны энэ дайчин чанар үнэхээр гайхалтай. Энэ хэвээрээ эрч хүчтэй байх эх үүсвэр, итгэл хаанаас гараад байна вэ?

-Өглөө бүр сүү хэрэглэж байх юм бол ийм эрч хүч нэмэгддэг гэж дуулсан юм. Гэхдээ би тэгдэггүй л дээ. Хүний эрүүл байх, эрч хүчээр дүүрэн байх эхлэл нь өглөөний цай. Би Өглөөг сайхан угтах дуртай. Тиймээс л одоо ч эрч хүч дүүрэн байна.

-“Өглөөний дагина” гэсэн хоч ийм л учиртай байж. Та найзуудтайгаа ер нь уулздаггүй гэсэн. Найзууддаа зав зай гаргахгүй л гүйгээд байна уу?

-Би найз нөхөд гэдгийг шал өөр зүйлээр төсөөлдөг. Та миний найз болоход бэлэн үү. Яг одоо. Бэлэн бол миний данс руу яг одоо найз болох хүсэлтээ батал. Наргисан юм. Миний амьдралд найз нөхөд минь байгаагүй бол би жүжигчин мэргэжлийг сонгохгүй байх байсан. Найзууддаа зав зай гаргахгүй байна гэж хэн хэлээд байна. Тэр хүн над руу залгаарай яг одоо. Бас л наргиан байлаа.

-Та үнэхээр хөгжилтэй юм. Пал хийтэл авах юм. Ярилцсандаа таатай байна. Уран бүтээл болон хувийн амьдралд тань амжилт хүсье.

Б.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих