Монголын хөлбөмбөгийн шигшээ 187-д эрэмбэлэгдлээ
Олон улсын хөлбөмбөгийн холбооны / ФИФА/ шинэчилсэн чансаагаар Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 209 орноос 187 дугаар байрт эрэмбэлэгджээ. Монголын хөлбөмбөгийн холбоо оролцсон тэмцээн уралдаануудаасаа нийт 49 оноо цуглуулснаар ийнхүү 187 дугаар байрт бичигдсэн байна. Манай хөлбөмбөгийн шигшээ одоогийн байдлаар Гвиней-Биссао, Бруней Даруссалам, Тимор-Лесте, Фижи арал, Мадагаскар зэрэг улсын доор бичигдэж, Самоа, Тонга, Багама зэрэг арал улсуудтай чансаагаараа өрсөлдөж байгаа юм. Хөлбөмбөгийн спорт Ази тивд хожуу хөгжсөн гэдэг. Энэ утгаараа хөлбөмбөгийн спорт сул хөгжсөнд тооцогддог. Тэгвэл дэлхийн хамгийн хөгжил муутай тивд оршин буй Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ багийн хувьд Азидаа сүүлээсээ дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Өдгөө Азийн хөлбөмбөгийн холбоонд 46 орон бүртгэлтэй байгаагаас манай улс 43 дугаар байрт эрэмбэлэгддэг. Азидаа бид Бруней Даруссалам, Тимор-Лесте буюу Зүүн Тимор зэрэг улстай оноогоор ойролцоо өрсөлдөж, Камбож, Макао, Бутан зэрэг улсаас чансаа дээгүүр бичигдсэн байна. Манай улсын ард бичигдэж буй Камбож 20, Макао 13, Бутан нэг ч оноогүй байгаа юм.
“Спортын хаан” гэгддэг хөлбөмбөгийн спортыг өдгөө дэлхий даяар жигдхэн хөгжүүлэхийн төлөө ФИФА олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Түүний нэг нь 1999 оноос ФИФА- гаас хэрэгжүүлж буй “Гоол” төсөл юм. Монгол Улс энэхүү төсөлд дөрвөн удаа хамрагдаад байгаа ч хөлбөмбөгийн хөгжил сул хэвээр байна. Манай улсын адил энэхүү төсөлд хамрагдсан Африкийн ядуу буурай орнууд болон Азийн жижиг улсуудад хөлбөмбөгийн спорт боломжийн төвшинд хөгжсөн байна. Жишээлбэл, 1999 оноос хойш Африкийн Гана улс манай улстай “Гоол” төсөлд хамрагдсан. Өдгөө Гана ФИФА-гийн чансаанд 24 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна. Тэгвэл манай улстай адил “Гоол” төслийг хэрэгжүүлсэн Узбекстанд ФИФА-гийн чансаанд 59 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа бол 2000 оны эхэн, дунд үеэр манайхтай хожиж, хожигдож явсан Вьетнам, Филиппин зэрэг улс манайхаас чансаагаар тэргүүлж эхэлжээ.
URL: