З.Баянсэлэнгэ: Сурагчид автобусаар үнэгүй зорчих хуулийн төсөл боловсруулсан
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д эмчлүүлж байгаа гэсэн. Биеийнх нь байдал ямар байна?
-Н.Энхбаяр даргын биеийн байдлын талаарх мэдээллийг цаг тутамдаа авч байгаа. Даргыг эргэхээр манай намын зарим гишүүн Солонгос улс руу явсан. Ер нь бие нь маш тааруухан байгаа гэнэ лээ.
Цаг хугацаа алдсан, өвчнийг нь архагшуулсан асуудал байгаа болохоор эмчилгээ нь ч тэр хэмжээгээр удаашрах төлөвтэй байна.
-Н.Энхбаярыг эдгэж ирээд улс төрд орно гэсэн “бор шувуу” нисэх боллоо. МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүний хувиар энэ мэдээлэлд хариу өгөөч?
-Улс төрд орох, орохгүйн тухай асуудал чухал биш. Гүйцэтгэх товчооны хурлаар энэ тухай яригдах учиртай. Намын удирдах дээд байгууллагаар ярьж хэлэлцээгүй асуудлыг энд би яриад суух нь утгагүй. Тэгээд ч Н.Энхбаяр даргын биеийн байдал тааруу байгаа үед ийм асуудал ярина гэдэг нь өөрөө ёс зүйгүй хэрэг. “Эрүүл мэнд нь сайжирлаа, амь наснаас холуур өнгөрлөө” гэсэн үед л бидний сэтгэл санаа тайвширна уу гэхээс одоо байгаа төвшинд тайван суугаад байгаа юм алга. Тэгэхээр хамгийн түрүүнд амь нас, эрүүл мэндэд нь санаа зовж байна.
-Н.Энхбаяр даргыг суллагдсаны дараахан таныг намынхаа дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг албан тушаалаас нь өөрчлөх ёстой гэж мэдэгдсэн тухай хэвлэлээр хэсэгтээ л гарсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Хаанаас гарсныг нь мэдэхгүй. Хүний хэлээгүй зүйлийг хэлсэн болгодог, яриагүй зүйлийг ярьсан болгодог, хийгээгүй хэргийг хийсэн гэж тооцдог цаг үе байна шүү дээ. Ийм буруу ойлголтоос салах хэрэгтэй. Ер нь аль ч намд мэтгэлцдэг, үзэл бодлоо илэрхийлдэг түүнийгээ олонхиороо шийдэх нь эрүүл үзэгдэл. Ялангуяа, МАХН бол ард түмний нам. Эв нэгдлийг илэрхийлэгч нам гэдгээрээ бие биеэндээ шударга хандахыг хичээдэг. Миний хувьд гүйцэтгэх товчоонд шүүмжлэлтэй хандсан зүйл бий. Гэхдээ мэтгэлцээн дагуулж байгаа сэдвийг ярилцаж байж шийддэг болохоос биш хэн нэгэндээ хатуу үг хэлэхгүй гэж зөнгөөр нь орхидог байж таарахгүй. Харин хүнийг далдуур гүтгэдэг, хэлмэгдүүлдэг, доромжилдог, нэр хүндэд нь халдаж байгаа бол олон нийтэд ил тод хэлж болно. Ер нь Д.Тэрбишдагва дарга бол Н.Энхбаяр даргын эзгүйд намын эцэг нь болж явсан хүн. Г.Шийлэгдамба дарга ч гэсэн сайн, муу хэлүүлээд явж байна.
-Та ямар асуудлаар шүүмжилсэн гэж?
-Сонгуульд оролцсон үр дүн, намын дотоод асуудлын талаар ярилцсан. Байдаг л нэг хуралдаан. Үүнийг нэг дөвийлгөөд МАХН дотооддоо зөрчилдөж, хэн нэгнийгээ авч хаях гээд албан тушаалд шуналаа гэж ойлгож болохгүй.
-“Шударга ёс” эвсэл нь Н.Энхбаярыг суллагдмагц нам жим болсон мэт харагдаж байна?
-Аливаа асуудлыг шууд утгаар харж болохгүй. Эвслийн аль нэг гишүүн нь үзэл бодлоо илэрхийлэхээр Н.Энхбаяртай холбоно. Илэрхийлэхгүй байхаар бас л холбоно. Ингэж таарамгүй байгаа юм. Ер нь ганцхан манай намын хүрээнд намжмал байгаа юм биш. Чуулган завсарлаад парламентад суудалтай бүхий л улс төрийн намууд нам жим байна.
-МАХН шинэчлэлийн Засгийн газарт ороод нэг жил боллоо. Засгийн газрын ажилд ямар дүгнэлт өгч байх юм?
-Миний хувьд анх удаа парламентад орсон гишүүн. Төрд ороод ажил үүрэг гүйцэтгэж байгаагийн хувьд шинэчлэлийн Засгийн газрын ажлыг тийм муу гэхгүй. Чадах чинээгээрээ ажиллаж байна. Өмнөх парламентуудын үед өргөн хэрэглээний бараа, шатахууны үнэ өсөх зэрэг байсан уу гэвэл байсан. Харин энэ удаагийн парламентын үед асуудал багассан гэж харж байна.
-Удахгүй ээлжит бус чуулган эхэлнэ. Чуулганы танай байнгын хорооны зүгээс ямар хуулийн төслүүд өргөн барьж байгаа вэ?
-С.Эрдэнэ сайдын Эрүүл мэндийн даатгалын тухай том хууль бий. Энэ хуулийн төслийг ирэх чуулганаар батлуулахыг зорьж байна. Харин хувь гишүүний зүгээс гурван хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Нэгдүгээрт, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд ямар ч орлогогүй шүү дээ. Гэтэл тэднийг нийтийн тээврээр зорчиход нь мөнгө авч байна. Гэсэн атлаа оюутнаас виза нэрээр үнэгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэтгэврийн насны буурай нарыг үнэмлэхээр нь үнэгүй зорчуулж байна. Энэ шударга биш шүү дээ. Үүнийг засахын тулд Боловрсолын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл өргөн бариад байна. Мөн хүний эрхийн дэд хороог байнгын хороо болгох хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Сүүлийн нэг жилийн дотор хүний эрхийг өндөр төвшинд ярьдаг боллоо. Энэ хугацаанд хүний эрхийн төлөөлөгч нарыг бүх аймагт бий болгож чадлаа. Орон нутагт хүний эрхийн талаар зөвлөгөө өгдөг, хүний эрхийн төлөө ажилладаг хүмүүстэй болно гэсэн үг. Тэгээд ч манай улс хүний эрхийн байнгын хороотой болно гээд НҮБ-д амлалт өгсөн байдаг. Амлалтаа бодсон ч, өнөөгийн нийгэм дэх хүний эрхийн зөрчлийг бодсон ч байнгын хороо болгох ёстой. Хүний эрх бол өдөр болгон ярьж хэлж, тэмцэж байх зүйл. Түүнээс биш хэдэн нөхөр шоу хийгээд явах салбар биш.
-Хичээлийн шинэ жил эхэлсэн ч цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ байгаа олон хүүхэд байна. Мөн алтан гахай жилийн хүүхдүүд нэгдүгээр ангид элссэнээр сургуулийн хүрэлцээний асуудал энэ үеэр хөндөгдөж байна. Тэгэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо үүн дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн тоо хэрээс хэтэрч байна. Энэ бол хүндрэлтэй асуудлын нэг яах аргагүй мөн. Гахай жилийн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэж, сургуулийн хэрэгцээ шаардлага нэмэгдэн ачааллаа даахгүй болсон нь үнэн. Гэтэл шинээр хэдэн цэцэрлэг, сургууль барьсан гэхээр хангалттай үзүүлэлт гарахгүй байгаа юм.
Тэгэхээр энэ нь одоо гараад байгаа асуудал биш. Жилийн жилд сургууль, цэцэрлэгийн асуудал хөндөгддөг. Тиймээс энэ асуудлыг яаж цэгцэлж, бодлогоо хэрхэн боловсруулах вэ гэдэг нь хамгийн чухал. Цэцэрлэгийн шаардлага, хэрэгцээний асуудал яст мэлхий шиг удаан явсан.Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн тоо хэрээс хэтэрч байна.
Хүүхдийн асуудлаа манай төр, улстөрчид хаячихсан байсан. Боловсролын яаманд харъяалуулаад цэцэрлэгийн асуудлыг шийдэх ёстой гэж үлдээсэн ч төрийн бодлогын хэмжээнд авч яваагүй. Хойч ирээдүйнхээ өсөж, хүмүүжих асуудалд анхаарал хандуулаагүйн хор гарч байгаа юм. Өнөөдөр гэнэт гараад ирсэн асуудал биш.
Тиймээс хэрэгцээ шаардлагыг яаж нөхөж, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдаагүй хүүхдүүд хэрхэн сургуульд орох вэ гэдгийг бодох хэрэгтэй байгаа юм. Харин манай байнгын хорооны зүгээс үүн дээр санаа зовж, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлан гаргачих юмсан гэж хичээж ажилласан.
Гэтэл хууль маань Боловсролын болон Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж байж хэлэлцэхгүй бол болохгүй болсон. Өөрөөр хэлбэл, үзэл баримтлал нь зөрчилдөөд байсан. Тиймээс бие даасан хуулийн хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй байгаа юм. Ингэснээр төрийн ачаанаас тодорхой хэсгийг нь авна гэж ойлгож болно.
-Төр нь хүүхдийнхээ асуудлыг орхисон нь асуудал болж байгаа гэлээ. Харин одоо дангаараа энэ асуудлыг шийдэж чадах болов уу?
-Шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэгийг төр дангаараа хариуцаад, нэг парламентын хугацаанд барина гэвэл үнэхээр хүндрэлтэй. Тэгэхээр хажуугаар нь хувийн хэвшлээ дэмжих ёстой. Ингэж байж өөрсдийнхөө данхайсан ачаанаас тодорхой хэмжээг нь багасгана.Хувийн хэвшил гэхээр нүднийхээ булангаар харж, хөрөнгө оруулалтыг нь дэмжихгүй байж болохгүй. Цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс ашгийн төлөө ажилладаггүй. Тиймээс хувийн хэвшлээ хэр зэрэг хөгжүүлнэ тэр хэмжээгээр улс орны хөгжилд тус нэмэр болно. Тэгэхээр үүнийг бодолцох хэрэгтэй.
-2013-2014 оны хичээлийн жилд шинээр барьсан цэцэрлэг, сургууль гээд нэрлэвэл гарын таван хуруунд ч хүрэхгүй байна шүү дээ?
-Нийслэлд нэг сургууль ашиглалтад өгч, дахин нэг сургууль нэмж барьж байгаа. Харин зургаан сургуулийг буулгахаар мэргэжлийн хяналтын дүгнэлт гарчихсан байна. Тэгэхээр ийм л үзүүлэлттэй байгаа шүү дээ.
-Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор сурагчийн дүрэмт хувцас асуудал дагуулж байна. Эцэг, эхчүүдийн зүгээс үнийн асуудал дээр гомдол, шүүмжлэл гаргаж байгаа. Үүнийг танай байнгын хорооноос анхаарч байгаа юу?
-УИХ-ын гишүүдээс ҮХААЯ-д очиж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ажил байдалтай танилцсан. Энэ явцад миний зүгээс сурагчийн дүрэмт хувцасны асуудлыг хөндөж, биечлэн танилцсан.
Цэцэрлэгийн шаардлага, хэрэгцээний асуудал яст мэлхий шиг удаан явсан. Харин эцэг, эхчүүдийн тавьж байгаа шаардлага хангах уу гэдэг асуудал тавихад “Манайх хониныхоо ноосыг Солонгос улсад гаргаж, цэвэр сайн чанарын даавуу боловсруулан эргээд Зуун мод хотод сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэн гаргаж байгаа.
Оёдлын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд хавсран ажиллаж байна” гэсэн зүйл ярьсан. Манай байнгын хорооны зүгээс сурагчийн дүрэмт хувцас, дээр нь хувийн сургуулийн төлбөрийн нэмэгдлийн асуудлаар анхаарал хандуулж, ажлын хэсэг байгуулсан. Дараагийн долоо хоногт сургуулиудаар явж ажиллана.
-Ингэхэд УИХ дахь МАН-ын бүлгээс ээлжит бус чуулганыг ойрын хугацаанд хуралдуулахыг шаардсан. Гэвч тов гаргасан ч хойшлуулсаар байгаа нь ямар учиртай юм бол?
-Ээлжит бус чуулган энэ сарын 16-нд хуралдах нь тодорхойгүй, УИХ-ын даргын захирамж гараагүй байна. Мөн ямар асуудал хэлэлцэх вэ гэдгийг гишүүдэд тараагүй. Тэгэхээр эдийн засгийн хүндрэлтэй асуудал, ялангуяа валютын ханшийн өсөлт, уул уурхайн салбартай холбоотой зүйлийг ярилцах байсан гэсэн ойлголттой байгаа.
-Валютын ханш хэт өсөж байгааг Төвбанкны зүгээс тайлбарлахгүй байна. Энэ нь эргээд иргэдэд дарамт болж байгаа нь үнийн өсөлтөөс тодорхой байгаа. Та ямар байр суурьтай байна вэ?
-Эрсдэлгүй бизнес гэж байхгүй. Өнөөдөр өсөж байгаа ч маргааш буурч болно. Валютын ханш өссөн хэвээр байхгүй болов уу гэж бодож байна. Монголбанкнаас валютын ханшийн өсөлтийн талаар мэдээлэл оруулаагүй, ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байхад тийм, ийм гэж хэлэх боломжгүй байна.
Д.БОЛОРМАА /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: