Хятад болон Оюутолгой диваажингийн давхцал уу?

“Хятад болон Оюутолгой диваажин­гийн давхцал уу?” нэртэй нийтлэлийг “http://www.fool.com” сайтад Жонн Маккенна   нийтэлснийг хөрвүүлэн хүргэж байна.

Говь цөлийн дунд бусадтай адилхан нэгэн хот бий болжээ. Энд ресторан, орон сууц, оршин суугчид, сагсан бөмбөгийн талбай болон эрхлэх ажил хангалттай бий. Дэлхийн хамгийн боломжгүй гэж хэлж болох энэхүү газарт суурин соёл иргэншил үүсээд буй бөгөөд энд л зэснээс мөнгө хийхээр зэхэж байна.

“Рио Тинто”-гийн шинээр байгуулж буй, одоо үйл ажиллагаагаа эхлүүлэн дэлхийн тэргүүлэх зэсийн хэрэглэгч болох Хятадад бүтээгдэхүүнээ борлуулахад бэлэн болоод байгаа Оюутолгойд тавтай морилогтун.

 

ХЯТАДАД ЗЭС ХЭРЭГТЭЙ, МАШ ИХ ХЭРЭГТЭЙ

 

2011 онд Хятад улс найман сая шахам тонн зэс хэрэглэснээр дэлхийн улаан металлын нийт хэрэглээний 40 хувийг дангаар эзлэх болов. Энэ хэмжээний зэсийг электроникийн бараа бүтээгдэхүүнээс эхлээд дэд бүтэц зэрэг бараг л бүхий л салбарт ашигласан байна. Ийм өндөр хэрэглээний хандлага нь зэсийн хүдрийн нийлүүлэлт маш хязгаарлагдмал байснаас үл хамааран 2002 онд Хятад улс дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч хэмээх алдрыг АНУ-аас булаан авснаар эхэлсэн билээ.

Нийлүүлэлт хязгаарлагдмал байснаас үүдэн Хятад улс хаягдал зэс худалдан авахад хүрч, улмаар түүнийг ашиглахын тулд хайлуулах үйлдвэр барьж байгуулах болсон юм. Луунуудын эдийн засгийн өсөлт удааширсан учир тээвэр, дэд бүтцийн салбарыг шинэчлэх шаардлага гарч байгаа. Энэ үйлсэд Хятадын зэсийн хэрэглээний 62 хувь урсч байжээ. 2014 он гэхэд Цагаан хэрмийн эзэд дэлхийн нийт зэсийн 82 хувь буюу есөн  сая тонныг хэрэглэх тооцоо гарч буй нь эрэлт нэмэгдэхийг харуулж байна.

Эдгээр нөхцөл байдал нь “Рио Тинто”-гийн Монголд барьж байгуулж буй уурхайг улам ч илүү үр өгөөжтэй болгож байгаа юм. Оюу Толгойг дөнгөж эхэлж байхад өнгөрсөн онд Хятад улс зэсийнхээ нийт хэрэглээний долоон хувийг Монголоос худалдан авчээ. Оюу Толгой шиг  том уурхай  босгосных нь цаахантай байх нь Латин Америк, ялангуяа Чили улсын зэсээс хамаарах Хятадын хамаарлыг бууруулах юм.

 

МОНГОЛЫН ЗЭСИЙН ХАМГИЙН САЙН ХЭРЭГЛЭГЧ

 

Уул уурхайн үйлдвэрлэлийн хувьд Хятадад хамгийн ойр үйл ажиллагаа явуулж буй оператор л Хятадын үйлдвэрлэлийн хурдацтай өсөлтөөс хамгийн өндөр үр шимийг хүртэнэ. Энэ утгаар хамгийн оновчтой байршил бүхий компани нь “Рио Тинто” болоод байна. Энэ оны хоёрдугаар улирал ч ихээхэн онцлог бүхий байсан.Оюу Толгой  зэсийн баяжмалын экспортын анхны тээвэрлэлтээ Хятад руу хийсэн юм. Энэ нь “Рио Тинто”-гийн үйлдвэрлэж буй зэсийн хэмжээг нэг жилд 10 хувиар нэмэгдүүлж байгаа асар их ахиц мөн.

Оюу Толгойн уурхайг бүтээн босгох үйл явц ихээхэн үнэтэй туссан бөгөөд нийт гурван  жилийн хугацаанд 6.2 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан. Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар тус уурхай нь жилд 450 мянган тонн зэс үйлдвэрлэх бөгөөд  энэ нь спот ханшаар 1.4 тэрбум  ам.долларын үнэтэй ажээ. “Рио Тинто” нь уурхайн 46 хувийг эзэмшдэг. Тус уурхай  бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ Монголын ДНБ-ий 30 хувийг бүрдүүлэх юм. Уурхай байгуулах нийт зардал анх тооцоолж байснаас хэтрэн 10 тэрбум ам.долларт хүрсэн ч зэсийн үнэ нэг паунд (1 паунд = 0.453 кг-тай тэнцэнэ)  гурван ам.доллар орчим байж, Хятадын эрэлт хэрэгцээ өнө удаан үргэлжлэх тохиолдолд 2021 оноос эхлэн ашигтай ажиллах билээ.

 

ЧИЛИ ЗАХ ЗЭЭЛЭЭ АЛДАХ УУ

 

Ийнхүү шинэ уурхайгаас асар их ашиг олох зорилтыг “Рио Тинто” өмнөө тавьсан нь тус компанийг зэсийн өөр нэгэн томоохон тоглогч болох дэлхийн хамгийн том зэсийн уурхай Чилийн Эскондидагийн 57.5 хувийн зэмшигч БиЭйчПи Биллитоны (BHP Billiton) томоохон өрсөлдөгч  болгож байна. Энэ нь өдөрт 474 сая ам.долларын үнэ бүхий 152 мянган тонн зэс үйлдвэрлэдэг зэсийн уурхай болохоор  Оюу Толгой хажууд нь жижигдэж буй юм. Гэхдээ “Рио Тинто”-гоос ялгаатай нь “БиЭйчПи” Азийн зэсийн уурхайд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ нь төдий л их биш, гэхдээ Эскондида нь дэлхий бөмбөрцгийн баруун хагасын зэсийн хэрэгцээг бүрэн хангах чадвартай. Хятад улс зэсээс илүү хамааралтай болбол “БиЭйчПи” Монголд хөрөнгө оруулах талаар судлан үзэх хэрэг гарч болох юм.

 

ФРИИПОРТ Ч БАС АЗИД ДУРТАЙ

 

Хятадын хязгааргүй өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд “БиЭйчПи”-гийн нэг боломжит сонголт нь Фриипорт МакМоРан зөвхөн өнгөрсөн улиралд л гэхэд 158 сая тонн зэс үйлдвэрлэн борлуулсан Индонези руу анхаарлаа хандуулах явдал байж болно. Фриипортын энэ улирлын цэвэр орлого нь нэг жилийн хугацаанд 482 саяас 300 сая ам.доллар хүртэл буурсан нь үндсэндээ тус компани зэс үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх, Индонезид үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр 5.5 тэрбум ам.долларын зардлыг гаргаад буйтай холбоотой юм. Тус компани энэ улиралд 951 сая паунд зэс борлуулсны 158 сая паундыг Индонезийн уурхайгаас нийлүүлсэн байна.

Үүний зэрэгцээ Фриипорт нь 315 сая паунд зэсийг өрсөлдөөн ихтэй Өмнөд Америкаас олж авсан нь Чили улсын Эл Абру уурхайн 51 хувийг тус компани эзэмшдэгтэй холбоотой юм. Чили улсад зэс олборлох нь асар их давуу талтай ч маш их өрсөлдөөнтэй бөгөөд “БиЭйчПи”-гийн эзэмшдэг Эскондидагийн уурхай нь ойрын ирээдүйд зэсийн хамгийн том хэрэглэгч байсаар байх Хятад улсаас алс хол зайтай оршдог билээ.

 

ЗЭСИЙН ТӨРӨЛЖИЛТ “РИО ТИНТО”-Д ТУСТАЙ

 

Зэсийн үйлдвэрлэл явуулдаг эдгээр компанитай харьцуулбал “Рио Тинто” нь өөрийн эзэмшил компаниуд болон өрсөлдөхүйц байршлын хувьд илүү төрөлжсөн компани болох нь тодорхой байна. Оюу Толгойгоос одоо Хятад руу зэсийн баяжмал экспортлох боломжтой болсон нь Хятад улс  хойд хөршөөсөө зэс ахиу худалдан авч, Латин Америкийн өндөр өртөг бүхий импортын хэмжээг бууруулах боломжтой болж байна. Мэдээж энэ нь Чилийг хаягдан орхигдсон газар нутаг болно гэсэн санаа бус. Хятад улс зэсийн нийт хэрэгцээнийхээ 74 хувийг Латин Америкаас авч байгаа. Өргөн хэрэглээний бараанаас ялгаатай нь зэс үйлдвэрлэгч орнууд  геологи, газар зүйн байрлалаас гадна уул уурхайг дэмжсэн бизнесийн уур амьсгалаас ихээхэн хамааралтай байдаг юм. Гэхдээ эзлэх хувь хэмжээг нь аваад үзвэл Латин Америкийн бүс нутгаас хамаарах Хятадын хамаарал нь Азийн уурхайнууд зэс үйлдвэрлэх хэмжээ өсөн нэмэгдэхийн хэрээр буурах юм.

 

ЗЭСЭЭР МӨНГӨ ХИЙЖ БАЯЖИХ НЬ

 

Урт хугацааны хөрөнгө оруулалтын хувьд “Рио Тинто” болон Фриипорт нь хамгийн сайн сонголт байх боловч “Рио Тинто”-гийн хувьд илүү сайн ирээдүй харагдаж байна. Фриипортын хувьд ашгийн хувь хэмжээ өндөр байсан хэмээн мэдээлж байгаа ч “Рио Тинто” нь Монгол дахь зэсийн өсөн нэмэгдэж буй зах зээл дээрх цорын ганц хувийн компани төдийгүй, зэсийн өлсгөлөнд нэрвэгдсэн Хятад руу экспортоо эхлүүлээд байгаа юм.

“Рио Тинто” нь санхүүгийн чадавхи болон үнэ цэнийн хувьд давуу талтай бөгөөд үнэ, орлогын  харьцаа (P/Е) нь найм, үнэ, дансны үнийн харьцаа (P/B) 1.8 байгаа нь өнөөгийн ашигт байдалд тулгараад буй асуудал, ирээдүйн эерэг нөхцлийг харуулж байна. Харин энэхуу харьцаа нь Фриипорт дээр P/E 9, P/B 1.4  байгаа юм. Энэ нь “Рио Тинто”-гийн хувьцааг худалдан авах илүү боломжтойг харуулж байна. Учир  гэвэл хөрөнгө оруулагчид Хятадад ойрын ирээдүйд эдийн засгийн уналт болохгүй бол Монголд “Рио Тинто”-гийн хийсэн хөрөнгө оруулалт нь хэтдээ илүү үнэ цэнд хүрнэ гэж мэдэрч байна.

Хятад улсад зэсийн эрэлт хэрэгцээ  улам өсөхийн хэрээр “Рио Тинто” нь Монголд үйл ажиллагаа явуулж буй давуу талуудаа хадгалан, Латин Америкт ч хяналтаа тодорхой түвшинд байлгаж байвал Фриипорт нь Индонези болон Латин Америкт нөлөөллөө хадгалсаар байна. Энэхүү хандлагыг ажиглавал  хэн бүхний хүсч буйчлан Оюу Толгой нь “мөнгө үйлдвэрлэгч” байх тохиолдолд “Рио Тинто” алс ирээдүйд ашиг хийх нь дамжигггүй.Хөрөнгө оруулагчид тус компанийг ирэх жилүүдэд ашигтай байна хэмээн үзнэ. Харин Фриипортын хувьд өсөлт нь илүү жигд хэмжээнд байна гэж таамаглаж байна.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих