Аймшигт “9-р сарын 11″-ээс хойш 12 жил хар мөр нь тасраагүй
Өнөөдөр 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр. АНУ болон дэлхий нийтээр айн түгшиж, сэтгэл зовнисон, олон мянган хүний амь нас, тэдний цусаар хэзээ ч арилгаж болшгүйгээр түүхийн хуудсыг будсан есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш арван хоёр жил өнгөрчээ. Одоогоос арван хоёр жилийн өмнөх яг энэ өдөр Нью-Йорк хотод дэлхий дахиныг цочроож, олон мянган хүний аминд хүрсэн аймшигт террорист халдлага болсон билээ.
Нью-Йоркийн хоёр ихэр цамхаг утаа суунаглуулан шатаж, амь тэмцсэн хүмүүс хүний төсөөлж чадахааргүй эрсдлийг хийн, амиа аврахын тулд асар өндөр барилгийн цонхоор үсэрч, хорт утаа, тоосжилтоос үүдсэн уушгины болон хорт хавдрын улмаас 70.000 хүн хөдөлмөрийн чадвараа алдаж, 50 хүн хорт хавдрын улмаас одоо болтол шаналан зовох шалтгааны үүдийг нээсэн хар өдөр. АНУ-ын Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг террористуудын халдлагад өртсний улмаас гурван мянган хүн амь насаа алдсан эмгэнэлтэй тоо баримт байдаг. Тэр бүхнээс үүдэлтэй өнчирсөн хүүхэд, бэлэвсэрсэн гэр бүл, төрөл төрөгсдөө алдсан ард иргэдийн гашуун нулимс өдгөө ч тасраагүй байна. Энэ бүхэнд илүү тайлбар хэрэггүй биз. Үзэл суртал, үзэн ядалт, ашиг сонирхолын ширүүн тэмцлийн золиос нь гагцхүү ард түмэн, эгэл жирийн иргэд л байдаг гэдгийг нотлосон ийм хар өдөр дахин бүү тохиогоосой гэхээс өөр хэлэх үг үгүй бөлгөө.
http://www.aravt.mn/content/7500/.htm
URL: