Төрийн албаны шалгалтыг энэ сарын 23-нд авна
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах ээлжит мэргэшлийн шалгалтын тов гарлаа.
Тодруулбал, төрийн албаны мэргэжлийн шалгалтын энэ сарын 23 нд авахаар болжээ.
Хэрэв та мэргэшлийн шалгалтад орохыг хүсвэл Нийслэлийн нутгийн захиргааны гуравдугаар байр буюу “Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”-ийн хоёрдугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд есдүгээр сарын 19, 20-ны өдрийн 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд амжиж бүртгүүлээрэй.
Мэргэжлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал арван мянган төгрөг байх юм.
Харин шалгалт өгөх иргэд төрийн албан хаагчийн анкет, боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ын эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт, ажил байдлын тодорхойлолт, иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт, “3 х 4”-гийн хэмжээтэй цээж зураг дөрвөн хувь, ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт / Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь, шалгалтын үйлчилгээний төлбөр зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай ажээ.
Ингээд бүртгүүлсэн иргэд энэ сарын 23-ны өдөр 07:30 цагт шалгалт авах Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн хойно байрлах “Гэгээрэл хөгжил төв”-ийн байранд ирсэн байх бөгөөд шалгалт 08.00 цагаас эхэлнэ.
Бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан есдүгээр сарын 21-ний өдрийн 14.00 цагаас өмнө Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаар шалгалт өгөх иргэдийн нэр, цагийн хуваарийг мэдээлэх юм байна.
Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирэхээ мартуузай.
Дашрамд дуулгахад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд захиалга гарсан байна.
Энэ тухай мэдээллийг www.ulaanbaatar.mn сайтын холбогдох хуудаснаас харж болохыг дуулгая.
О.Жаргал /Нийслэл таймс/
URL: