Ардчиллаа бүтээгээгүй яанаа
Хүн төрөлхтний хүслэн болсон ардчиллын үнэт зүйлийг Монголд оруулж ирсэн түүхэнд бичигдэх “баатрууд” хэмээн өөрсдийгөө цоллож, зарим нөхдөдөө аль хэдийн баатар цол өгөөд амжсан ардчиллын алтан хараацайнууд маань үнэндээ хөхөө шиг донгоддог хуурамч хүмүүс байсныг өнөөдөр ойлголоо.
Ардчилал, ардчилал гэж хорин гурван жилийн турш хэдэн сая удаа давтсаар худал, байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, монгол хүнийг төөрөгдөлд оруулсныг ойлгож, одоо төөрөгдөж, хууртагдаж байсандаа уур минь хүрч байна.
Юм мэдэхгүйг нь далимдуулаад монголчуудыг хууран мэхэлж байхдаа шоолон инээж байсан байх. Гэхдээ инээд чинь харуусал болно. Ард түмэн хуурагдсаар байгаад одоо та бүхний үгэнд хууртахааргүй болон хашир сууж, ямар ч гоё үлгэр ярьсан итгэхгүй болсныг мэдэрч байгаа биз дээ. Ардчилал, шударга ёс ярьж байхдаа ард түмнийхээ нүд рүү нь зориглоод нэг хардаа. Харцнаас нь итгэл, үнэмшил харагдаж байна уу.
Хэлсэн ярьсан зүйл чинь зөвхөн л агаарын сонсогдож байгааг мэддэг биз дээ. Ард түмэнтэйгээ очиж уулзахаасаа илүүтэйгээрээ телевизээр мэдэмхийрхийг чинь хараад ард түмэн телевизийнхээ өмнө бухамдаж шүдээ зуун гараа зангидан байгааг та нар мэдэж байгаа юу?
Та нарын “Ардчилал” нэртэй үлгэр анхнаасаа л худлаа байсан. Та нар Монголчуудыг сайн сайхан болгоё гэж хэзээ ч хүсээгүй зөвхөн социализмийг л устгахыг хүссэн. Та нар социалист нийгэмд хөдөлмөрлөөд амьдарч чадахгүй нөхдүүд байсан. Зүгээр л та нар дургуйцсэн дургүйцлаа л гаргаа биз дээ. 1990 оны та нарын нөгөө цагаан морин жилийн хувьсгал хэмээн өргөмжилдөг замбараагүй байдал чинь хувьсгал биш хуйвалдаан байсан гэдэг нь ч бас тодорхой болсныг сануулах нь зөв болов уу?
Улсын баатар ч гэх шиг, партизанууд ч гэх шиг та нар хэнтэй хэрхэн, юуны төлөө байлдсан юм бэ? Монголын ард түмнийг гуйлгачин болгохын төлөө, монголын залуусыг эх орондоо сайхан амьдрах аргагүй болгохын төлөө, монголын ирээдүйг баталгаагүй болгохын төлөө явсан уу. Хувьсгал гэдэг дэвжин дээшлүүлэхийн төлөө болохоос биш уруудуулахын төлөө байдаггүйг сануулъя. Үнэхээр л ардчилсан хувьсгал хийсэн юм бол төр засгийн эрх мэдлийг гартаа авахгүй яасан юм гэж асуумаар байна.
1990 онд Хамтарсан засгийн газар байгуулсныг чинь түүх мартахгүй шүү. Битгий л улс орнынхоо ирээдүйг бодоод хамтарсан гэж хэлэв ээ. Болохгүй шүү одоо наад арга чинь хол явах аа больсон. Ардчилсан хувьсгал хийсэн тухай та нарын бахархалтайгаар ярьдаг түүх бол зөвхөн та бүхний л өөрсдийн чинь зохиосон зүйл шүү дээ.
Монголчуудыг 23 жил хуурч ирсны чинь төлөө хойч үе та нарт “Худалч Баатар”, “Хулгайч Баатар”, “Хошгируулагч Баатар”, “Идэгч Баатар”, “Хорчин Баатар”, “Хийдэг Баатар” цол өгнө өө. Нүгэл нь нүдээрээ гарч, худал бүхэн нь илчлэгдээд ирэхээр одоо тэгээд яанаа гээд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг сандран байгаа нь харагдаж байна. Одоо ядуу, гуйлгачин хүмүүс дээр очиж ардчиллыг манай нам авчирсан юм, би тэгж тэмцэж явсан алтан хараацай нь байнаа гээд ярих уу? Яриад үзэхгүй юу? Ардчилалд фэн гэж байдаггүй бас ойлгоорой. Урлагт фэн, спортод фанат харин улс төрд дэмжигч гэж байдаг юм. Ардчилагчид гэж алиалагчид байдаг бол фэнтэй байж болно л доо.
Ардчилал гэдэг ард түмний төлөө гэсэн үг. Ардчиллын суурь үнэтүүд Ардчилсан намын байрны өмнөх гурвалжин чулуун дээр бичсэн шиг “эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс” биш гэдгийг сануулах хэрэгтэй болов уу. Та нарыг ардчиллын тухай юу ч мэдэхгүй гэдгээ одоо хүлээн зөвшөөрөх зоригтой л гэж найдахаас. Эсвэл буруутсан чигээрээ “дөргүй” бух шиг зүтгээд л буруу чигээрэй дуусъя гэж шийдэж байна уу? Ардчиллын үнэт зүйлс бол эрх чөлөө, тэнцүү байдал, шударга ёс болон ах дүү адил амьдрах.
Эдгээрийг л биелүүлэхийн төлөө л төр ажиллах ёстой гэдэг. Гэтэл эдгээр үнэт зүйлүүд “зөв” гэсэн зарчим дээр суурилдаг. Зөвөөр биш харин эрх дураараа амьдардаг хүмүүст бол энэ бүтэшгүй мөрөөдөл. Зөв зүйл ярьж, зөв зүйл хийсэн цагт л хүн чөлөөтэй бөгөөд тэнцүү байж чадна л гэсэн утгатай шүү дээ. Монголчууд бүгдээрээ зөвөө мэдэж, зөвөө барьж амьдрах юм бол хамтаараа чөлөөтэй, тэнцүү, шударга байж цаашлаад бүгдээрээ ахан дүүс адил хамтран амьдрана л гэсэн утгыг илэрхийлдэг. Үүнийг л ардчилал гэж нэрлэдэг юм. Та нар үүнийг мэдэхгүй биз дээ.
Ардчилагчид үүнийг л Монголчуудад авчирч чадсан бол ирээдүй хойчдоо гавъяатай байх байлаа даа. Ардчилагчид гэж өөрсдийгөө нэрлэгсэд одоо хэзээ ч чөлөөтэй өөртэй итгэлтэй байж чадахгүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл тэд зөвхөн л худал ярьж, хууран мэхлэлт гэх мэтээр амьдралынхаа турш буруу зүйл хийсээр ирсэн учраас чөлөөтэй ч байж чадахгүй бас өөртөө итгэлтэй ч байж чадахгүй. Тэд хуурсан, хулгайлсан зүйлс нь илчлэгдчих болов уу хэмээн үргэлжийн л айдастай, түгшүүртэй байгаа тул шөнө нойр нь хүрэхгүй хэцүүдэж байгаа даа хөөрхий.
Ардчиллаа байгуулж чадаагүй гэдэг нь илчлэгдээд ирэхийн цагт тэвдэж сандарсандаа сонгуульд нэр дэвшихгүй, ардчилал аюулд орлоо, ардчиллаа хамгаалахын төлөө фракц гэх мэт гэнэн гэмээр юм ярьж, жүжиг тавьж байгаа нь даана ч инээдтэй бөгөөд эмгэнэлтэй. Ой гутаж байна.
Монголчууд дэндүү их итгэсэн. Бүр амьдралаа даатган найдлага тавьсан шүү дээ. Гэтэл Монголын яаж доромжилж, өнөөдөр ямар болгосноо сайн хар. Монгол залуус эх орондоо амьдрах аргагүй болчихоод байна. Монгол хүн харийнхны өмнө сөгдөн, доромжлогдон амьдарч байна. Монголын ирээдүй тодорхойгүй байна. Хонины арьс нөмөрсөн чоно шиг ардчиллын ард нуугдсан олигархиудаас салж, дампуу амьдралдаа цэг тавихыг бүгд хүсэж байна. Хэдий хүртэл энэ амьдралаараа явах вэ? Болох л байлгүй дээ гэж хэдий хүртэл хоосон горьдох вэ?
Д.Батдорж
http://tsagtur.mn/%D0%B0%D1%80%D0%B4%D1%87%D0%B8%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B0-%D0%B1%D2%AF%D1%82%D1%8D%D1%8D%D0%B3%D1%8D%D1%8D%D0%B3%D2%AF%D0%B9-%D1%8F%D0%B0%D0%BD%D0%B0%D0%B0/
URL: