2020 зуны олимпийн нийслэлээр Токио тодорлоо
ОУОХ-ны 125 дугаар их хурал Аргентиний Буэнос Айрес хотноо өчигдөр эхэллээ.
Энэ удаагийн чуулга уулзалтаар ОУОХ 2020 оны зуны олимпийн нийслэлийг сонгох, 2020 оны олимпийн наадмын спортын төрлийг сонгох, ОУОХ-ны Ерөнхийлөгчийг сонгох гэсэн гурван чухал асуудлыг шийдвэрлэх учиртай байв.
Хуваарь ёсоор өчигдөр 2020 оны олимпийн нийслэлийг тодруулах эцсийн шатны санал асуулга болж, Японы нийслэл Токио хот олимпийн нийслэлээр хоёр дахь удаагаа тодорлоо.
Наран улсын нийслэл өмнө нь 1964 оны олимпийг зохион байгуулж байв. Тэрхүү олимп манай тамирчдын оролцсон анхны олимп байсан гэдгийг монголчууд сайн санаж байгаа биз ээ.
Санал асуулгын эцсийн шатанд Японы нийслэл Токио, Испанийн нийслэл Мадрид, Туркийн Станбул гэсэн гурван хот шалгараад байсан. Эхний шатны санал хураалтад Токио 42 санал авсан бол Мадрид, Станбул хотууд тус бүр 26 саналаар тэнцлээ. Ингээд оноо тэнцсэн хоёр хот дээр дахиан санал хураалт явуулахад Станбул 49, Мадрид 45 санал авчээ. Ингээд Токио, Станбул тунаж үлдэхэд санал асуулгад оролцсон 96 гишүүний 60 нь Токиог дэмжсэнээр 2020 оны олимпийн нийслэл тодорсон юм.
Санал асуулгын дүнг танилцуулсны дараа ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге “Гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээж, 2020 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авсан Токио хотод баяр хүргэе. Токио хот анхнаасаа техникийн маш өндөр нөхцлийг санал болгож байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Гурван хот гурвуулаа 2020 оны олимпийн наадмыг маш өндөр түвшинд зохион байгуулах байсан гэдэгт итгэлтэй байна. Гэвч эцсийн эцэст гишүүд Токиог дэмжлээ. Та бүхэн зохион байгуулалт сайтай, аюулгүй, олимпийн үзэл санааг бэхжүүлж, түгээн дэлгэрүүлсэн, спортыг шинэ төвшинд гаргасан олимпийн наадам зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн байна.
Олимпийн наадам зохион байгуулах Токио хот, ОУОХ-ны хооронд гэрээ байгуулах ёслолын ажиллагаа, хэвлэлийн бага хурал өчигдөр орон нутгийн цагаар 18.30 цагт болсон.
Мөн чөлөөт бөх олимпийн наадмын хөтөлбөрт үлдэх эсэх асуудал өчигдөр шийдлээ олсон байх учиртай. ОУОХ-ны гишүүд маргааш ирэх дөрвөн жил удирдах Ерөнхийлөгчөө сонгох юм.
Энэ суудлын төлөө Германы иргэн Томас Бах, Украины иргэн Сергей Бубка, Швейцарийн иргэн Денис Освальд, Тайванийн иргэн Чин Куо Ү, Пуэрто Рикогийн иргэн Ричард Каррион нар өрсөлдөж байгаа билээ.
Санал асуулгын дүн:
1 шат
Токио: 42
Стамбул: 26
Мадрид: 26
1 шат – тай-брейк
Стамбул: 49
Мадрид: 45
2 шат
Токио: 60
Стамбул: 36
/amjilt.com/
URL: