Того улстай дипломат харилцаа тогтоолоо
НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Того Улстай энэ сарын 6-нд Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоожээ.
Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцсон байна.
Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Того Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Коджо Менан нар гарын үсэг зуржээ.
Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан мэдээг НҮБ-д бүртгүүлж, НҮБ-ын гишүүн орнуудад танилцуулахыг хүсч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд Монгол, Того Улсын Байнгын төлөөлөгчид хамтарсан захидал мөн илгээсэн байна.
URL: