П.Алтанцэцэг: Тархины судасны эмгэг залуужих хандлагатай байна
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Статистик мэдээллийн технологийн албаны дарга, мэдрэлийн ахлах зэргийн эмч, кл профессор П.Алтанцэцэгтэй тархины судасны эмгэгийн талаар ярилцлаа.
-Судасны хатуурал гэж ямар өвчнийг хэлэх вэ. Судасны хатуурлыг оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн эмгэг гэж сонссон юм байна. Тэгэхээр энэ өвчнөөр хэдий хэр насны хүмүүс голчлон өвчилдөг вэ?
-Ерөнхийдөө судасны хатуурал буюу атеросклероз гэдэг нь артерийн судасны хана хатуурч уян хатан чанараа алдан, хөндийнх нь хэмжээ нарийсахад хүргэдэг эмгэг. Ингэснээр судасны ханаар цус чөлөөтэй урсах боломжгүй болдог. Судас хатуурах эмгэгээр ихэвчлэн дунд болон ахимаг насны хүмүүс өвчилдөг ч сүүлийн үед залуу хүмүүст ч тохиолддог болоод байна.
Мөн судас хатуурлыг оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн эмгэг ч гэж ярих нь бий. Уг нь эрүүл хүний хүчилтөрөгчөөр баяжсан цус нь артерийн судсаар чөлөөтэй эргэлдэж биеийн бүх хэсэгт хүрч, хүчилтөрөгч болон тэжээлийн бодисоор хангаж байх үүрэгтэй.
Гэтэл холестерины цусан дахь илүүдэл нь судасны дотор хананд хуримтлагдсаар судас хатуурлын товруу нь өөх тос, кальцийн холимог гэсэн үг. Ингэж үүссэн товрууны гадаргуу дээр цус бүлэгнэхэд оролцдог эсүүд, цусны уураг зэргээс бүрдсэн тромб хуримтлагдаж эхэлнэ.
Үүний үр дүнд артерийн судасны хөндий нь улам нарийсдаг. Бас товруун дээр үүссэн тромбоноос жижиг хэлтэрхий тасарвал цусны урсгалаар явахдаа жижиг хэмжээтэй нүхийг бөглөн тээглэх аюултай. Энэ нь тархи, зүрхний шигдээс өвчинд хүргэдэг.
-Хүмүүс толгой өвдлөө гэх зовиурыг үргэлж хэлдэг болж. Тэгэхээр толгой өвдөх хэчнээн шалтгаан байдаг вэ?
-Толгой өвдөлт маш олон шалтгаантай, биеэ даасан нозолгийн өвчин болдог. Мөн төрөл бүрийн суурь өвчин, нийгэм сэтгэл зүйн байдлаас, хөдөлгөөний хомсдолоос шалтгаалан хоёрдогчоор толгой өвдөх нь элбэг тохиолддог.
-Тархинд хүчилтөрөгч дутагдсан байна гэдэг. Энэ ямар үед үүсдэг юм бол?
-Орчин цагийн хүмүүс хөдөлгөөний хомсдолд орж, битүү агааргүй болон электроникийн орчинд их байдагтай холбоотойгоор хүчилтөрөгчийн дутагдал үүсч байна. Мөн агаарын бохирдол их нөлөөлж байна.
-Тархины судасны эмгэг үүсэх хэдэн төрлийн шалтгаан байдаг вэ. Мөн насны хувьд хэдий хэрийн насны хүмүүс энэ өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байдаг вэ?
-Судасны хатуурал үүсэхэд мэдрэлийн системийг гэмтээж байдаг сэтгэл санааны хэт ачаалал, стресс, амьдралын хэмнэл, шуугиан, зарим ажлын нөхцөл зэрэг нь судас хатуурлыг үүсгэхэд нэлээд үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Мөн судасны өвчний үндсэн шалтгаанууд болох чихрийн шижин, цусны даралт ихдэх, зүрх судасны болон системийн эмгэгүүд, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүд, цусны эмгэгүүд нөлөөлнө. Үүнээс гадна амьтны гаралтай өөх тос байнга хэрэглэх, хөдөлгөөн дутагдах, хэт таргалалт, буруу зуршил, амьдралын буруу хэв маяг нь судас хатуурахад нөлөөлдөг.
-Энэ эмгэгийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Ямар шинжилгээ хийлгэх ёстой вэ?
-Ерөнхийдөө даралт ихсэх өвчтэй, олон жил тамхи татсан, биеийн жин байх ёстой хэмжээнээс хэтэрсэн, хэт ачаалалтай ажилладаг болон байнгын стресст өртдөг хүмүүс мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Үүнээс гадна наад захын илрэх шинж тэмдэг бол толгой эргэх, дотор муухайрах, гуйвж дайвах, толгой өвдөх, чих шуугих, хөл гар бадайрч ирвэгнэх, нүдэнд юм хоёр харагдах, цусны даралт тогтворгүй болох гэх мэт шинж тэмдэг илэрнэ.
Ийм шинж тэмдэг илэрч байвал нэн даруй цусанд байгаа өөх тосны болон сахарын хэмжээг шинжлүүлэх, зүрхний цахилгаан бичлэг хийлгэх мөн зүрх судас, мэдрэлийн эмчид хандах, тархины судасны хэт авиан допплерографийн шинжилгээ хийлгэх шаардлагатай.
-Дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Ер нь өвчилсөн хойноо эмнэлэгт хандах биш урьдчилан сэргийлэх нь хамгийн төгс аргад тооцогддог. Үүний тулд мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч, амьдралын зөв хэвшилд шилжиж, зөв хооллож, аль болох сэтгэл санаа тайван, тогтвортой байж, стресст бага өртөхийг чухалчлах хэрэгтэй.
Мөн мэргэжлийн эмчид хандаж, хагас жилд нэг удаа үзлэгт орох нь чухал. Одоо манай эрүүл мэндийн салбарт тархины судасны эмгэгийг эрт үед нь харвалт болоогүй байхад оношлох, мэдээллийн үнэ цэнэ өндөр, цусгүй аргаар оношлодог орчин үеийн шинжилгээний арга болох тархины судасны хэт авиан допплерографи, дуплексонографийн шинжилгээг ашиглаж байна.
Э.Туул
URL: