“Good byе Mongolia”

Өвсний үзүүр шарлаж, нарны элч буурах намар цагаар Улаанбаатар хотод “Discover Mongolia” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт жил бүр болдог уламжлалтай. Тэр жишгээр өнөө жилийн чуулга уулзалт энэ сарын 5, 6-нд болж байна. Хөрөнгө оруулагчдад бүхий л талын мэдээллийг өгдөг “Discover Mongolia” чуулга уулзалт Монголын нүүрсний салбарын уналт, эдийн засгийн хямралын үед болж байгаагаараа өмнөх жилүүдийнхээс онцлог. Тэр ч утгаараа Эхний өдрийн хуралдаанаар уул уурхай, эдийн засгийг тойрсон гурван том асуудлын талаар төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөгчид тулга тойрч суугаад хэлэлцлээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг сааруулсан, эдийн засгийг тогтворгүй болгосон гэх муу нэрийг зүүгээд байгаа олон хууль бий. Хөрөнгө оруулагчид ч хууль, эрх зүйн тогтворгүй нөхцөл, улстөрчдийн тодорхойгүй байдалд унтууцаж “Good bуе Mongolia” гэж хэлээд удаж байна.
Төр сайн менежер биш 
“Discover Mongolia-2013” чуулганд оролцогчдын эхний ярилцах сэдэв “Хууль, эрх зүйн тогтвортой орчин ба уул уурхай” байлаа. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Би энэ чуулга уулзалтад байнга оролцдог. Жил бүр л энэ зааланд багтахгүй олон хүн ирдэг байсан. Гэтэл өнөөдөр их цөөхөн хүн байна. Хууль эрх зүйн орчин нь хатуу, тогтворгүй болж байгаа учраас гадаадынхан яваад байгаа тод илрэл бол энэ. Гэхдээ УИХ-ын ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах хууль гарна. Хуулийн гол үзэл баримтлал нь өнөөдөр Монголд хөрөнгөө оруулсан гадаад дотоодын бүх л хөрөнгө оруулагчид 5-10 жилийн дараа ч өнөөдрийнхөө хуулиар л зохицуулагддаг тийм тогтвортой байдлыг бий болгоно” гэв. Салбарын бодлогыг ер нь өөр тийшээ залах шаардлага байгааг талууд зөвшөөрч байсан. Ээлжит бус чуулганаар зарим нэг хууль эрхзүйн орчныг нааштай болголоо ч гэсэн хөрөнгө оруулагчид тийм амархан буцаад ороод ирэхгүй гэдгийг сануулах хүн цөөнгүй байлаа. Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа “Нэг хуульд өөрчлөлт оруулаад л хөрөнгө оруулагчдын итгэл сэргэчихгүй. Хамгийн гол нь манайх зах зээлийн эдийн засагтай орны хувьд бизнес дэх төрийн шууд оролцоог зохицуулах үүрэг рүү нь түлхүү чиглүүлэх хэрэгтэй байна. Төр менежмент хийгээд бизнест гар дүрээд ирэхээр л асуудал буруу тийшээ эргэээд байна” гэв. Тиймээс төр бизнесийн таатай орчинг бүрдүүлээд хөрөнгө оруулагчдаас ашигт малтмалынхаа нөөц ашигласны татварыг ахиухан тогтоогоод амар жимир аж төрөн суух боломжтой ажээ.
Мөрөөдлийн төслүүд 
Монголчуудад мөрөөдлийн төсөл олон бий. Эрчим хүчний, уул уурхайн, дэд бүтцийн гээд бүхий л салбарт томоохон төслүүд байдаг. Гэхдээ эдгээр төсөл өдгөө ажил хэрэг болсон нь үгүй. Тиймээс “Дэд бүтцийг хөгжүүлэх оновчтой шийдэл ба уул уурхай” салбар хуралдааны үеэр энэ талаар ярилцсан юм. Ер нь дэд бүтцийн болоод бусад томоохон төсөл урагшлахгүй байгаа гол шалтгаан нь хөрөнгө мөнгөтэй холбоотой гэх. Тиймээс ч томоохон төслүүдийг гадаад, дотоодын хувийн компаниудад шилжүүлж, томоохон төслийг урагшлуулахаар “Концессын тухай хууль” 2010 онд мэндэлсэн түүхтэй.Тус хууль батлагдсанаас хойш өдгөө төмөр замын хоёр, уул уурхайн хатуу хучилттай зам нэг, мөн эрчим хүчний төслийн нэг гэрээ тус тус хийгдсэн аж. Эдийн засгийн хөгжлийн яамны Инноваци, төр хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбат “Концессын хүрээнд ердөө дөрөвхөн гэрээ байдаг. Гэхдээ эдгээрээс хатуу хучилттай замын төсөл л хэрэгжээд явж байгаа. Тиймээс концесс буюу төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахын тулд эхлээд хувийн хэвшлийн сонирхлыг өдөөж өгөх хэрэгтэй. Үүний тулд хөрөнгө оруулагчдын өөрсдийнх нь сонирхож байгаа төслийг эхний ээлжинд урагшлуулах хэрэгтэй” гэв. Хэрвээ хувийн хэвшлийн сонирхож байгаа төслийг зөв гаргаж чадвал хөрөнгө мөнгөний асуудал тийм ч хэцүү биш гэдгийг хуралдаанд оролцогчид хэлж байсан юм.
Уг нь концесс гэдэг ойлголт хүн айгаад байхаар зүйл огт биш аж. Дэлхийн олон оронд концессыг үр ашигтай хэрэгжүүлсэн олон жишээ байдаг. Гэтэл Монголд төр бүх зүйлийг өөрийн болгох нэг арга мэтээр харж байгаа нь өрөөсгөл аж. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэдэг нь төр орчныг нь бүрдүүлээд хувийн хэвшил баялаг бүтээдэг тогтолцоо. Харин иргэний нийгмийн төлөөлөл нь хөндлөнгөөс хяналт тавих үүрэгтэй. Тиймээс концессын тухай хуулийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд уг тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Өнөөдрийн хуралдаанаар тус хууль урагшлахгүй байгаа талаар ярьж байна. Тиймээс хуулийг засах шаардлага байна л гэсэн үг” гэв.
Шантаажлах урлаг
Уул уурхай гэхээр л ширгэсэн гол, амь тавьсан байгаль санаанд ордог цаг үе өнгөрсөн гэдгийг энэ удаагийн “Discover Mongolia-2013” чуулганаар онцоллоо. “Peabody”, “Монголын алт”, “Бороо гоулд” зэрэг уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж байгаа сайн мэдээ олон. Тэр дундаа “Бороо гоулд” компанийн Эрээний уурхайд хийсэн нөхөн сэргээлтийг салбар хуралдааны үеэр сайн жишээгээр татсан. Энэ мэт уул уурхайн компаниуд “Алтыг нь авчихаад авдрыг нь хаядаг” тогтолцоо өөрчлөгдөж байгааг сонсоход таатай байлаа. Хууль эрх зүйн хувьд ч байгаль орчныг хамгаалсан олон бодлого гарч байгаа аж. БОНХ-ийн сайд С.Оюун “Өнгөрсөн оны тавдугаар сард Байгаль орчны багц хууль батлагдсан. Энэ хуульд багтаж буй Усны тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд усны үнийн тарифыг нэмэх тухай заалт орсон. Үүний дагуу Засгийн газар усны үнийн тарифыг шинэчлэн тогтоох ёстой” гэв. Уг хуулийн гол зорилго нь бохирдуулагч нь төлдөг ашиглагч нь хамгаалдаг байх тогтолцоог нэвтрүүлэхэд оршиж байгаа аж. Гэхдээ хууль хэрэгжихэд сул тал бий. Тухайлбал, хуулийн сайн талыг нь харчихаад эрсдэлийг нь олж харахгүй байгааг шүүмжилж байсан юм. Шинэ хуулиар “Монголын алт” өмнө нь 60 сая төгрөг усны төлбөрт төлдөг байсан бол өдгөө 800 сая төгрөг төлөхөөр болоод байгаа аж. Ер нь “Гэнэтийн ашгийн тухай хууль”, “Урт нэртэй хууль” зэрэг уул уурхайтай холбоотой төрийн муу бодлогын хар гайгаар албан ёсны олон компани дампуурч оронд нь гар аргаар ашигт малтмал олборлогчид олширсон гэдэг. Өмнө нь гар аргаар ашигт малтмал олборлогчдыг шанага, түмпэнгээр зэвсэглэсэн мэтээр төсөөлдөг байсан бол өдгөө байдал өөрчлөгдөж жижиг уурхайгаас дутахааргүй техникжсэн “нинжа” нар олширч, байгаль орчныг сүйтгэчихээд яваад өгдөг байдал даамжирчээ. Тиймээс шинээр батлагдсан “Байгаль орчны багц хууль” мөн л ийм байдал үүсгэж магадгүй гэдгийг анхааруулах хүн олон. “The Nature Conservancy” байгууллагын тэргүүлэх эрдэмтэн, захирал Петр Карева “Байгаль орчны асуудал зөвхөн Монголд тулгамдаагүй. Тиймээс энэ талаар сайн туршлага олон улсад бий. Ер нь байгаль орчны тухай хууль батлагдах нь нэг талаар байгальд ээлтэй технологийг хөгжүүлэх, ногоон эдийн засгийг бэхжүүлэх суурь болдог. Америкт 50 жилийн өмнө байгаль орчныг хамгаалах хууль батлах нь эдийн засгийн сөрөг үр дагавар авчирч магадгүй хэмээн шүүмжлэх хүн олон байсан. Гэхдээ өдгөө эдийн засагт эерэг үр дагавар авчирсан байна” гэсэн юм.  Мөн шинэ хуулийн тухайд аль болох усны болон бусад төлбөрийг бага багаар нэмэх зарчмыг барьж ажиллаж байгаа аж. Гэхдээ хуультай холбоотой шинэ тогтоол батлахгүй бол дээрх мэт усны төлбөр 60-800 сая төгрөг болтлоо огцом нэмэгдэх асуудал үүсээд байна. С.Оюун сайдын учирласнаар 2-3 долоо хоногийн дараа шинэ хуультай холбоотой ойлгомжгүй байдал цэгцэрнэ гэсэн юм.
Хэдийгээр дээрх мэт сайн мэдээ байгаа ч муу мэдээ бас бий. Гар аргаар ашигт малтмал олборлогчдын гарт сүйдсэн газар жилээс жилд өссөөр байгаа аж. Гэтэл байгаль орчноо хамгаалах ариун үйлсэд нэгдсэн иргэний хөдөлгөөнийхөн “шантаажлах урлагт” суралцаад байгаа нь таагүй. Албан ёсны уул уурхайн компани нь нөхөн сэргээлт хийх төлөвлөгөөтэй, улст татвараа төлдөг. Гэтэл иргэний хөдөлгөөн, сумын засаг захиргаа нь гар аргаар ашигт малтмал олборлогчидтой тэмцэхгүй мөртлөө албан ёсоор үйл ажиллагаа явуулах гэж байгаа уул уурхайн компанитай тэмцээд байдаг. Үүний цаад шалтгаан нь байгалиа хамгаалах нэрээр халхалж, мөнгө авах гэж санаархагчид олшроод байгаатай холбоотой байж магадгүй аж. Хэрвээ үнэхээр байгалиа хамгаалмаар байгаа бол гар аргаар ашигт малтмал олборлогч нартай тэмцэх цаг нь болжээ.
“Discover Mongolia-2013” чуулганы эхний өдөр дээрх сэдвүүдээс гадна авлига, өмчийн эрх, хууль эрх зүйн эдийн засагтай уялдах чадвар гээд олон асуудлын талаар гарц хайн ярилцсан. Мөн чуулганы удаах өдөр шатдаг занар тэргүүтэй уул уурхайн олон асуудлаар салбар хуралдаан зохион байгуулах аж.

Э. Зоригт


URL:

Сэтгэгдэл бичих