Х.Болдбаатар: Таксины тарифийг нэмэх шалтгааныг дан ганц шатахууны үнэтэй холбож ойлгох юм
Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Х.Болдбаатар ажлаа өгчээ. Тэрбээр Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болормаагийн төрсөн дүү бөгөөд “Бодь” группийн харьяа “Улаанбаатар такси” компанийн захирал юм.
Түүнийг таксины үнэ нэмэгдүүлэхгүй байх шийдвэрээс үүдэж ажлаа хүлээлгэж өгсөн гэсэн мэдээлэл цацагдсан тул холбогдож, таван үг солилоо.
-Таны ажлаа хүлээлгэн өгөх болсон шалтгааныг ШӨХТГ-аас гаргасан таксины үнийн тарифийг нэмэгдүүлэхгүй байх шийдвэртэй холбон тайлбарлаж байна?
-Холбоотой, холбоогүй шалтгаанууд байна. Анх намайг Такси эрхлэгчдийн холбооны тэргүүлэгчээр ирэхэд нийслэлд 2000 гаруй такси үйлчилдэг байлаа. Бид энэ ажлыг хүлээж аваад гадаад, дотоодод маш олон сайхан төсөл хэрэгжүүлж ирсэн. Улсаас татаас авдаггүй байгууллага бол манайх. Бие даагаад, өөрсдөө хөгжөөд явах боломжтой. Үнэ нэмэх шалтгааныг тайлан судалгаагаар гаргаж танилцуулахад нөхдүүд боломжийн юм байна гэж хүлээн зөвшөөрсөн хэрнээ буцаагаад шийдвэрээ өөрчилчихлөө.
-Энэ нь таны ажлаа хүлээлгэж өгөх шалтгаан байсан уу?
-Такси үйлчилгээг хөгжүүлэх, сайжруулах нөхцлийг хангаж чадаагүй, бид ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж чадаагүй болохоор ажлаа хүлээлгэж өгөх нь зөв шүү дээ. Тиймээс ажлаа хүлээлгэж өгч байгаа юм.
-Таныг тус холбооны тэргүүлэгчээр томилогдсоноос хойш байдал хэрхэн өөрчлөгдсөнийг эргээд дүгнэе гэвэл юу гэх бол?
-Одоогийн байлаар өмнөхтэй харьцуулбал хэвийн үйл ажиллагаанд орсон гэж үзэж болно. Ер нь жаахан л дэмжээд өгчихвөл амархан хөгжихөөр болчихсон.
Н.Мөнхгэрэл
URL: