А.Сүхбат аварга эмнэлгийн хамт олныг, өвчтөнүүдийнх нь хамт 30 сая төгрөгийн хулгайд гүтгэн танхайрчээ

Барилдахаа больсноос хойш баясалгал, цагаан хоол, эмнэлгээр гүйдэлтэй болсон аварга А.Сүхбатын хувийн амьдрал, хийж буй ажил, эрүүл мэнд хүмүүст ихээхэн сонирхолтой хэвээр байна. Сар гаруйн өмнө аварга маань 30 сая төгрөгөө алдаад бөөн шуугиан тарьсан билээ. Тэр их хэмжээний мөнгөө гээж явааг бодоход залуу эхнэр авч, охинтой болохынхоо хажуугаар чамгүй бизнес хийж байгаа бололтой. Цагаан сараас хойш бие бас л жаахан чилээрхэж толгой тархи нь өвдөөд манайдаа нэлээд гайгүй гэгддэг нэгэн хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн байна. Яг энэ үеэр тэрхүү 30 сая төгрөгөө гээсэн ажээ. Хамгийн гол нь аварга маань эмчлүүлж байсан эмнэлгийн эмч, ажилтнууд төдийгүй өвчтөнүүдийг хүртэл хулгайд гөрдөн эмнэлгийн үйл ажиллагаа, амгалан тайван байдлыг алдагдуулан нэгэн оройжин дөвчигнөжээ. Тэрээр нэлээд орой эмчилгээндээ ирсэн бөгөөд гэнэт л миний цүнхтэй мөнгө, 30 сая төгрөг минь гэж орилоод л, хайж гарсан байна. Тэгсэнээ шууд л “танай эмнэлэг рүү би цүнхтэй мөнгөө барьж орж ирсэн, танайхнаас гарахгүй, мөнгийг минь гаргаж өг” гэж жаал омогдсоноо эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн алба, эргүүлийн цагдаа, дээр нь тагнуулаас хүртэл албаны хүн дуудан “томорчээ”. Тэднийг орж ирүүт “за би явлаа, миний мөнгийг олчихоод дуудаарай” гэж хэлээд өөрөө явчихжээ. Тэр үед 22.00 цаг болж байж. Тэр хойгуур нь цагдаа, тагнуулынхан эмнэлгийн удирдлагуудыг гэрт нь амраахгүй дуудан, эмч, сувилагч, ажилчдыг нь өөр хоорондоо уулзаж болохгүй хэмээн байсан байр, өрөөнд нь цоожилж, бүх өвчтөнүүдийг асууж байцаан нэгжих зэргээр нэлээд бужигнуулжээ. Харин аз болж тус эмнэлгийн үүдний харуулын дэргэд хяналтын камер байсан нь “хулгайн хэрэг”-ийн үнэн мөнийг тогтоосон байна. Хяналтын камерт нэлээд хэдэн өдрийн бичлэгүүд хадгалагдсан байдаг ба тухайн өдрийн аварга Сүхбатын эмнэлгийн хаалгаар орж ирээд хаашаа, ямар байдалтай явсан энэ тэр гээд бүгд бичигдсэн байх нь мэдээж. Тэрхүү бичлэгээр Сүхбат аварга хаалгаар нэг гартаа сонин хуйлаад барьчихсан, сониноороо нөгөө гараа цохисон байдалтай орж ирээд шууд эмчилгээний өрөө рүү алхаж байгаа нь тодорхой гарсан байна. Юун нөгөө бор цүнхтэй 30 сая төгрөг. Цагдаагийнхан аваргад бүх байдлыг илтгэж өөрийнх нь сониноос өөр барьсан юмгүй орж ирснийг нь харуулж алдсан мөнгөө өөр газраас хайж эрэхийг зөвлөөд таржээ. Гэтэл аварга маань бүхэл бүтэн байгууллага, хамт олныг үйлчлүүлэгчдийнх нь хамт гөрдөн гүтгэж доромжилсныхоо төлөө уучлалт ч гуйлгүй, юу ч болоогүй юм шиг гарч оджээ. Энэ бичлэгээр бүх асуудал тодорхой болж тус эмнэлгийнхэн нэрээ цэвэрлэж авсан ч эмч сувилагч, өвчтөнүүд нь сэтгэлийн дарамтад орж нэг хэсэгтээ л тайвширч чадаагүй байна. Тэнд байсан өвчтөн, эмнэлгийн ажилчид аваргын гаргаж байгаа зан авир, хүмүүст хандаж байгаа байдлыг нь өөрийн нүдээр харж, биеэр мэдрээд “арай ч дээ, ийм эр хүн байсан юм уу” хэмээн халаглаж, хүнийх нь хувьд үнэхээр чамлажээ. Ер нь аварга ч бай, хэн ч бай, эзэн муутын эдлэл уршиг гэгчээр барьсан тавьснаа мэдэхгүй байж өөрийгөө болон өрөөлийг эвгүй байдалд оруулж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан дөвчигнөж албаны хүмүүст худлаа дуудлага өгөн, бөөн ажил болгох нь бүдүүлгээр барахгүй, тэнэг явдал билээ. Тэр бүдүүлэг явдлаас хойш хоёр гурав хоног өвчин зовиуртаа шаналж буй настай голдуу хүмүүс “хүний цүнхтэй мөнгөөр бид яахав, үхэх сэхэх нь мэдэгдэхгүй болсон бидэнд тэрний хэрэг байхгүй ш тээ” гэж гомдсон сэтгэлээ өөр хоорондоо ярьцгааж тайвширцгаасан гэнэ. Энэ явдлаас харахад, аварга Сүхбатын хувьд толгой тархи нь өвдөөд санаж мартдаг өвчтэй болсон гэж хүмүүсийн хэлцэж байсан нь үнэний ортой л бололтой.

www.yanaa.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих