Сургуулийн эмч нар юу хийдэг вэ

Сургуулийн эмч нар юу хийдэг вэ

Гадаадын кинон дээрээс харж байх нь ээ сургуулийн эмч гэж их л үүрэгтэй хүн байх юм. Ялангуяа Японы дунд сургуулийн амьдралыг харуулсан кинон дээр өвдөг нь шалбарсан, хамарнаас нь цус гарсан сурагчдын шархыг нь ариутгаж, хэвтүүлж амрааж утгаар нь эмчилж байх нь харагддаг.

Бараг л манай өрхийн эмнэлгээс ч үйлчилгээ сайтай гэж хэлж болохуйц. Тэгвэл манай ерөнхий боловсролын сургуулийн эмч нар юу хийдэг вэ.

Өчигдөрхөн өрхийн эмнэлэг дээр явж байтал манай хорооны сургуулийн сурагч бололтой нэг хүү эмчид үзүүлэхээр сууж байв. Өрхийн эмнэлгийн сувилагч “За юун хүүхэд энд хичээлийн цагаар яваад байна” гэж учрыг асуухад өнөөх хүү “Нүдээ үзүүлэх гэсэн юм” гэв.

Хариуд нь сувилагч “Сургуулийн эмчдээ үзүүлэхэд яадаг юм, тэд чинь сургуулийнхаа хүүхдүүдийг үзэх гээд цалин аваад суудаг юм байгаа биз дээ” хэмээн аашилж гарав. Тэгсэн хүү “Үзсэн ч юм хэлэхгүй юм байна шүү дээ, эмчилгээ ч зааж өгөхгүй юм” гэж аргаа барсан байдалтай хэлэв.

Хүү сувилагч хоёрын ярианаас сургуулийн эмч нар гэж ямаршуухан хүмүүс байдгийг харж болно. Уг нь “сургуулийн эмч” гэдэг чинь эмч мэргэжилтэй, сурагчдад гэнэтийн аюул тохиолдвол арга хэмжээ авч, зөвлөгөө өгч, өвчнөөс урьдчилан сэргийлж, бэртэж гэмтсэн бол яаралтай арга хэмжээ авах ёстой.

Гэтэл манай сургуулийн эмч нар тэгж чадаж байгаа гэдэг нь их л эргэлзээтэй. Арван жилийн сургуульд багшилдаг нэгэн найзаасаа сургуулийнх нь эмч юу хийдгийг нь асуулаа.

Гэтэл тэрбээр “Ер нь сургуулийн эмч нар үйлчлэгч нарын ажлыг хуваарилж, “Үдийн цай” хөтөлбөрийн хоол ундыг хариуцаад л, багш ажилчид гуйж тариа хийлгүүлээд л, нэг тиймэрхүү аж ахуйн нярав шиг л ажил хийдэг шүү дээ” гэж хариулав. Сурагчдыг үзэж, эмчилж байна уу гэхэд “Ай мэдэхгүй, сургуулийн сурагч нар эмчид ханддаггүй, эмч ч нэг их үздэггүй юм” гэж байна.

Яг л ийм дүр төрх бүхий л сургуулиудад байгаа. Магадгүй өндөр төлбөртэй, хувийн томоохон сургуулиудад сургуулийн эмч гэж хүн жинхэнэ үүргээрээ ажилладаг байж болох юм. Харин улсын сургуулийн эмч нар үнэхээр л аж ахуйн нярав шиг л ажиллаж байна.

Ерөнхий боловсролын сургуульд сурдаг дүү маань нэг өдөр гэдэс нь өвдөж, эвхрээд л ороод ирэв. Хичээлийн цаг дуусаагүй байхад яагаад эрт ирснийг нь асуухад гэнэт гэдэс өвдөөд, чөлөө аваад ирлээ гэх нь тэр.

Сургуулийн эмчдээ үзүүлэхгүй яасан юм бэ, ингэж байгаад түгжирч, ухаан алдвал яана гэхэд дүү маань “Сургуулийн эмч чөлөөний бичиг өгөөд л явуулсан. Манай сургуулийн эмч юугаа мэдэх вэ дээ” гэж байна.

Тэгэхээр сургуулийн эмч гэдэг хүн ерөөсөө л өвдсөн сурагчид чөлөөний бичиг хийж өгөөд, аюул руу түлхдэг хүн гэж хэлэхэд нэг их буруудахгүй бид. Эмнэлгийн мэргэжилгүй хүмүүс хүртэл энд тэнд өвдөж, зовсон хүнд тусалж, наад захын арга хэмжээг өөрийнхөөрөө авчихдаг.

Гэтэл сургуулийн эмч нар зүгээр л гэр рүү нь явуулчихдаг юм байна. Чөлөө өгөөд явуулсан л бол өөрсдөө эмнэлэгт үзүүлэх, үгүй нь, замдаа ухаан алдаж, эрсдэлд орох үгүй нь тэдэнд ерөөсөө хамаагүй бололтой.

За тэгээд Японы кинон дээр гардаг шиг эмнэлгийн багаж хэрэгсэл, хэвтүүлж амраах ор байдаг ч юм уу. Бараг л “Гараа яаж угаах вэ”, “Шүдээ тогтмол угаагаарай” гэсэн хэдэн мэдээллийн самбар, осолдохгүй бинт, хөвөн л байгаа байх. Анхны тусламжийн чий байгаа болов уу. Бүр сургуулийн эмч нарт чагнуур байдаг уу гэж асуусан ч болохоор байна.

М.Ариунсувд


URL:

Сэтгэгдэл бичих