Хөрөнгө оруулалтын хуулийн талаар хэн юу хэлэв?

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх даваа гаригт эхлэх гэж байна. Энэ үеэр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж батална гэсэн мэдээ байна.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд асан Э.Бямбажав, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Ч.Хашчулуун, Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа, Ерөнхийлөгч асан П.Очирбат нарын байр суурийг сонирхлоо.

Э.Бямбажав: ХУУЛЬД ЭРСДЭЛТЭЙ ЗААЛТУУД БАЙНА

-Өмнө нь манайх таван сая ам.доллараас илүү хэмжээгээр хөрөнгө оруулсан компанийг эхний ээлжинд татвараас 100 хувь, дараагийн удаад нь 50 хувь хөнгөлдөг байсан. Энэ бол гаднын мөнгийг татах гэсэн аргуудын нэг. Яг үүн шиг заалтыг энэ удаад “Таван тэрбумаас таван их наяд төгрөгийн хөрөнгө оруулсан дотоод, гадаадын хөрөнгө оруулагчийг 10-15 жилийн хугацаанд бүх төрлийн татвараас тодорхой хэмжээгээр чөлөөлнө” гэсэн өөрчлөлт байгаа нь нэг талаар эрсдэлтэй. Хэдий их хөрөнгийг татах гэж байгаа ч урт хугацаанд татвар авахгүй байна гэдэг эрсдэлтэй.

С.Дэмбэрэл: ТОГТВОРТОЙ ОРЧИН БУС ИЖ БҮРЭН ХӨШҮҮРЭГ ХЭРЭГТЭЙ

-Хөрөнгө оруулалтыг дотоод, гадаад гэж ялгалгүйгээр хуулийн төсөл орж ирсэн нь сайн боловч татварын тогтвортой орчин, өөр сэдэл, түлхэц, хөшүүрэггүй байгаа нь сул тал.

Тэр хөшүүргийг салбараар ангилж бүс нутгаар ялгавартай бий болгох нь чухал. Зөвхөн уул уурхайн бус өндөр технологи гэх мэтэд яаж хөрөнгө оруулалт татахаа бодох хэрэгтэй. Тэгэхээр салбар бүрт таарсан хөшүүрэг нь хэрэгтэй. Зөвхөн тогтвортой орчин төдий бус иж бүрэн хөшүүргийг багтаах ёстой юм.

П.Очирбат: БИЗНЕСИЙН ЗАРЧМААС БИТГИЙ ХАЛИАСАЙ

-Өмнөх хуульд тусгасан шиг хөгжилд хүндрэл учруулж, эрсдэлийг нэмэгдүүлж байгаа, хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолд нийцэхгүй янз бүрийн хориг, дэлхийн бизнесийн ерөнхий зарчмаас хальсан заалтуудыг энэ удаагийн хуулиар битгий гаргаасай.

Аль болох чөлөөтэй, зах зээлийг өөрөөр нь ажиллуулах, төрийн оролцоог бага байлгах хэрэгтэй. Төр хэрэв оролцоно гэвэл маш оновчтой байлгах хэлбэрийг сонгох учиртай.

Г.Баярсайхан: ГАНЦ ХУУЛЬ ӨӨРЧИЛСНӨӨР АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ

-Энэ хуулийг нэлээд либераль хууль болно гэж бодож байгаа. Ганцхан энэ хуулийг өөрчилснөөр шийдэхгүй. Гадны мөнгийг татах цогц арга хэжээний нэг хэсэг Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэ төсөл байна. Ер нь хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөхөд анхаарах асуудалд урт нэртэй хууль, Ашигт малтмалын тухай хуулийг эргэж харахад илүүдэхгүй. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчилснөөр гаднын мөнгө маргааш нь ороод ирэх юм биш. Асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай байгаа юм.

Н.Алгаа: ХУУЛЬ ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЛЭЭ

-Өнгөрсөн жилээс эхлээд нөхцөл байдал хүндэрсэн. Үүнд дотоодын хүчин зүйлийн нөлөө 70, дэлхийн эдийн засгийн нөлөө 30 хувь байсан. Дэлхийн уул уурхайн салбар сайн биш байгаа ч Монголд сүүлийн хоёр жил хөрөнгө оруулалтыг үргээх үйл явдлууд өрнөлөө. Тиймээс энэ хууль нэг мөр болвол эрх зүйн хувьд таатай орчин бүрдэнэ. Учир нь энэ олон хуулийн өөрчлөлт болон олон лицензийг цуцалснаас болоод гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд хүлээлт үүсгээд байна. Удахгүй гарах гэж буй хуулийн нэмэлт өөрчлөлт энэ асуудлыг шийдэх байх гэж бодож байна.

Ч.Хашчулуун: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАА ХАМГААЛЪЯ

-Хөрөнгө оруулалтын хувьд жижиг ч бай, том ч бай бүгд адил. Харин эдийн засгийн үр ашиг талаас бол том хөрөнгө оруулалт нь илүү чухал байдаг. Жишээлбэл, Монгол Улсыг цаашид авч явах хоёр төсөл бий. Тэр нь Тавантолгой, Оюутолгой. Дараагийн ээлжинд цахилгаан станцууд, төмөр зам, засмал зам, томоохон үйлдвэрүүд орно.

Тиймээс гадаад, дотоодын салбарт хөрөнгө оруулалт зогсвол хөрөнгө оруулалтын орчин сайжирвал томоохон ашигтай. Хамгаалалт илүү хэрэгтэй гэдгийг л Хөрөнгө оруулалтын хууль хэлээд байгаа юм.

Э.Солонго, Ж.Цогзолмаа /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих