Б.Ассад: Химийн зэвсэг ашигласан гэх нотолгоо байхгүй

Б.Ассад: Химийн зэвсэг ашигласан гэх нотолгоо байхгүй

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад “PBS”-д өгсөн ярилцлагадаа Засгийн газар нь химийн зэвсэг ашигласан гэх ямар ч нотолгоо баримт байхгүй гэдгийг хэлжээ.

Мөн барууны орнууд Сирид халдвал адилхан арга хэмжээ эргүүлэн авах болно гэдгээ илэрхийллээ.

Б.Ассад “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри гэгч Араб, Европын холбооныхонтой хамтран миний эсрэг лобби хийж байна” гэв.

АНУ-ын зүгээс Б.Ассадын Засгийн газрын химийн зэвсэг ашигласан харгислалаас үүдэн 1400 гаруй хүн Дамаскт амь үрэгдсэн хэмээн буруутгаад байгаа билээ.

Улмаар Б.Ассадын Засгийн газар 2.5 жилийн хугацаанд дайн үүсгэж, 100 гаруй мянган хүний аминд хүрсэн хэмээн буруутгаад, үүнийх хариуд цээрлүүлэх хэрэгтэй хэмээн үзэж байгаа.

Уг нь Сирийн Засгийн газар босогчдын өөдөөс химийн зэвсэг ашигласан гэх нотолгоог “Хил хязгааргүй эмч нар” байгууллага олсон хэмээн мэдээлж байсан билээ. Гэхдээ яг аль тал нь уг зэвсгийг хэрэглэж байгаа талаар мэдээлээгүй. Ямартай ч тус байгууллагаас хор саармагжуулах үйлчилгээтэй атропин хэмээх тариа 7000 тунг Сирийн эмч нарт тусламж болгон өгсөн хэмээн мэдээлсэн.

Тэгвэл тухайн үед Сирийн телевизээр босогчид “Засгийн газрын цэргүүд химийн   зэвсэг хэрэглэж байна” гэж гомдоллож байв. Тэгвэл үүнтэй зэрэгцэн Засгийн газрын цэргүүд босогчдын ашиглаж байсан хонгилоос химийн хортой бодис, өөрөөр хэлбэл, химийн зэвсгийн түүхий эд олж илрүүлсэн гэж давхар мэдэгдсэн билээ.

Улмаар Засгийн газрын цэргүүд Дамаскийн Жобар дүүргээс химийн зэвсэг хийхэд ашигладаг хор олсон гэв. Уг хорыг босогчид орогнодог байсан газар доогуур ухсан хонгилоос олсон хэмээн мэдүүлжээ. Тэнд шатдаг шингэн бүхий хуванцар сав, тэсрэх бөмбөг, хорт утааны аг, “Атропин” гэсэн бичигтай тарианы ампулууд байгаа талаар Сирийн телевизээр үзүүлж байв.  Тэгвэл эдүгээ Сирийн аль тал нь буруутай болохыг тогтооход хүндрэлтэй болж ирж байгаа юм.

Б.Золзаяа


URL:

Сэтгэгдэл бичих