Үзэл санааны гуйранчлал

МАН Их Хурлынхаа өмнө уралдаан зарлав. “Монгол улсын хөгжлийн загвар” хийж өгөөч гэнэ. Би МАХН-ыг “Ардчилсан Социалист үзлийг хэн сайн мэдэх вэ” гэсэн уралдаан зарлаж байсныг нь мэдэхээс биш, үзэл санааны гуйранчлалд орсон гэж зүүдлээ ч үгүй явж. Нэг дорд орохоор тархи нь хүртэл ажиллахаа больдог юм байна…
Үзэл санааны гуйранчлал
Энэ уралдааны сан 20 сая төгрөг гэнэ. МАН “үзэл санаагаараа” нэгдсэн 160.000 гишүүнтэй биз дээ. Энэ гишүүд нь “үзэл санаагаа” нэгтгэн “хөгжил, дэвшлийн талаарх байр сууриа” илэрхийлж чадахгүй бол нам гэж байсны хэрэг юусан билээ.
Түүнчлэн МАН алдар нэр, цол хэргэм, одон медаль, дипломоо даахгүй шахам олон эрдэмтэн академич, доктортой. МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүд, УИХ-ын гишүүд чинь бүгдээрээ 2-3 дээд сургууль төгссөн, орос, англи болон бусад олон хэл мэддэг, хамгийн доод талын хүн нь удирдахуйн ухааны магистр цолтой, цаашилбал доктор гэж намтар түүхэндээ бичдэг биз дээ.
Үүнийг Та нарын нэр дэвшихдээ хэдэн мянгаар нь тараадаг зурагтай намтраас чинь захын монгол хүн цээжээрээ мэднэ. Нөгөө их МАН үзэл санаа, онол суртахууны хямралд орлоо, одоо шинэчилнэ гэж өдөр болгон орилоод байсан шинэчлэгч залуучууд чинь хаачсан. ?!
Та нар бүгдээрээ шахам телевиз дэлбэртэл бүлт бүлт үсэрдэг чинь хаачсан ?! Та нар амаараа чалчихаараа “эрдэм ном” чинь багтаж яддагсан бил үү ?! Одоо тэгээд намынхаа Их Хурлынхаа баримт бичгийг хийж чадахаа байчихсан конкурс зарлаад сууж байгааг чинь юу гэж ойлгох юм ?!
Уралдааны хугацааг 9 дүгээр сарын 25-аас 10 дугаар сарын 1-ний хооронд зарлаад гарсан санаа оноонуудыг “сайхан гэгч нь хуулж” аваад 10 дугаар сарын 24-нд Намынхаа Их Хурал дээр өөрийн юм шиг уншина даа.
Уралдааны болзол нь бүр инээдэмтэй: “Монгол Улсын хөгжлийн өнгөрсөн болон өнөөгийн бодлогын талаар дүгнэлт өгөх ирээдүйн богино ба дунд /4-8 жил/ хугацааны хөгжлийн хэтийн төлөвийн талаар бодит таамаглал дэвшүүлэх, учирч болох сорилт, бэрхшээлүүдийг хэрхэн даван гарах талаар судалгаа, шинжилгээнд тулгуурлан гаргасан санал, асуудал дэвшүүлсэн байх” шаардлагатай.
МАН 20 сая төгрөгөөр үзэл санаа олж аваад намаа “шинэчлэх” их хурлаа хийх юм биз дээ. Энийг бол үзэл санааны гуйранчлал гэдэг юм.
Мөнгөөр олдоггүй “юм”
Би МАН-д олон удаа, бараг 20 жил хэлж байна. Үзэл санааг мөнгөөр олж болдоггүй юмаа гэж. Ингэлээ гэж намайг яаж залхаасныг олон түмэн мэднэ. Тэгээд үзэл санаагаа хаяад мөнгө, албан тушаал хөөгөөд олон жил болов.
Түүнчлэн би МАН-д багцаагаар дараах зүйлийг бас 20 жил хэлсэн:
1. Ямар ч үзэл санаа хулгай, дээрмийг цагаатгаж, хаацайлдаггүй,
2. Ямар ч үзэл санаа ёс суртахуунгүй үзэл, үйлдлийг хориглодог, тэвчдэггүй.
3. Хэрэв үзэл санааг тунхагласан бол түүний зарчим, хэм хэмжээг хатуу мөрдөх ёстой.
Гэтэл МАН-ынхан яг үүний эсрэгээр 20 жил явсан юм. Хамгийн инээдэмтэй нь нам алдаа хийх бүрт үзэл санаа “буруутай” болж, МАН-ын аваргууд “цэвэр” үлдээд байсныг би арав гаруй жилийн бүх бичвэртээ тэмдэглээд үлдээчихсэн байгаа. Яг чин үнэнийг хэлэхэд одоо МАН-д намын онол хийх нь байтугай “бичиг үсэг мэддэг” хүн цөөхөн болсон.
Намаа хуурсны шан
МАН-ын дарга болгон намаа шинэчилдэг хуучтай. Тэгэхдээ бүр заавал “онол нээж” байж шинэчилдэг өвчтэй. Миний мэдэж байгаагаар Н.Энхбаяр “Тогтвортой төрийн онол”, “Номт төрийн онол”, “Сайн засаглалын онол” гэх мэтчилэн лав л 5 “онол” тунхагласан юмдаг.
Дараагийн дарга М.Энхболд хаа очиж нэг их “онол монол” нээгээгүй юм. Харин С.Баяр тунхагийн эрин үеийг нээв. МАН 1921 онд “Түмэнд тунхаглан зарлах бичгээс” хойш Тунхаг нэртэй зүйл гаргаж байгаагүй юм. С.Баяр Тунхагаас гадна инноваци гэгчийг зарлав.
Түүнчлэн “МАХН-ын шинэчлэлийн үзэл баримтлал”, “Төрийн шинэтгэлийн үзэл баримтлал, “Монгол хүний хөгжлийн талаар баримтлах бодлого” гэсэн гурван том баримт бичиг батлав. Үүнээс хойш МАН тунхаг гаргадаг мунхаг өвчин тусав. Олон хүн “мартсан” байж болох учраас цаг хугацаагаар нь аваад үзье:
2007.10.25. С.Баярын буюу “Инновацийн” Тунхаг.
2010.08.21. Сү. Батболдын буюу “Тэрэлжийн” Тунхаг.
2013.03.29. “Эв нэгдлийн Тунхаг”. Ө.Энхтүвшингийнх үү, Г.Занданшатарынх уу, ёстой бүү мэд.
Хэрэв улс төрийн нам 3 жилд тутам тунхаг гаргадаг болж байгаа бол эрүүл бишийн баттай шинж юм.
Лүндээ бол лай л байна
Гэтэл буддын мухар сүсэгтэн, засаршгүй энхбаярист, Үндсэн Хуулинд хутга шаагч, ардчиллын “гол дайсан”, төр самууруулагч Д.Лүндээжанцан гэв гэнэт “онолч” болов. Тэр 20 сая төгрөгөө “буцааж авах” гэж байгаа бололтой…
Лүндээ гадаадад очихоороо нэрээ “Линдон Жонсон” гэж хэлдэг гэсэн нэг шог яриа байдаг юм. Лүндээ гэв гэнэт “ухаан орж” хэнээс ч юм ингэж асууж байна: “Монголд ардчиллын ямар хэв загвар төлөвшиж байна вэ? Ямар загвар илүү тохиромжтой вэ ?” 
Тэгээд ингэж асуух, бас хариулт өгөх болсныхоо шалтгааныг ингэж тайлбарлаж байна: “түүхийн амьд гэрч, идэвхтэй оролцогчийн нэгэн байсны хувьд дүн шинжилгээ хийх, ардчиллыг жинхэнэ утгаар нь түгээн бэхжүүлэх, үнэт зүйлсийг нь хэвшүүлэхэд хувь нэмэр оруулах нь миний үүрэг.” 
Лүндээгийн өмнө нь байгуулсан ардчилал “жинхэнэ утгаараа” биш байна гэнэ, одоо ёстой “жинхэнэ утгаар нь бэхжүүлэх, үнэт зүйлсийг нь хэвшүүлэхэд” хувь нэмрээ оруулна гэнэ.
Миний ойлгож байгаагаар Лүндээ “хувь нэмрээ” аль хэдийн оруулсан. Оруулах оруулахдаа хэтэртлээ оруулсан. Бүр 20 гаруй жил шүү дээ. Одоо Лүндээгийн “байгуулсан” ардчилал нуран унаж байна. Тэгээд тэр “онолдож” байна. Ёстой лай л байна…
90-ээд оны үед Лүндээгийн хөгийн “онолд” хүн хууртдаг байсан бол одоо бол ёстой гонжгор нь гэдгийг тэр мэдэхгүй байна. Тэр монголчуудыг өөртэйгөө адилхан үлэмж хоцрогдсон гэж ойлгоод байх шиг. Тэр ингэж онолдож байхаар “ламаа” хийгээд явж байвал илүү дээр байхсан…
Лүндээ онолын хүн болох гэж ядаж байна. Гэхдээ тэр хэзээ ч онолын хүн байгаагүй, мөн хойт насандаа ч болж чадахгүй гэдгийг би баталгаатай хэлж чадна. Онолын хүн гэж аюул заналыг урьдчилан хараад үгүй ядаж над шиг сэрэмжлүүлдэг хүнийг хэлдэг юм.
Энд би өөрөөрөө жишээ авахаасаа ичих юм огт алга, яагаад гэвэл асуудал МАН-тай холбогдож байгаа учраас. Лүндээ шиг насаараа нам дагаж далдганачихаад намаа сөнөөчихөөд өнгөрсөн хойно нь “онол” ярьж “хуцдаг” хүнийг хэлдэггүй юм.
Ямар ч гэсэн Их Хурлын өмнө МАН-аас “онолчид” гарахгүй бололтой. Лүндээгээс өөр хүн олдоггүй юм уу, хаашаа юм ?! Тэгж л таараа даа, бүгдээрээ “бичиг үсэг” мэдэхгүй, үзэл санааны гуйранчлалд орчихсон юм чинь…
Нэг их худлаа сүржигнэж, намаа шинэчлэнэ гэсэн баагийнууд саяхан болтол телевиз дэлбэлэх шахдаг байлаа. Одоо таг чиг. Хэрэв байвал (байвал шүү дээ-Х.Д.Г.) тэр онол монолоо одоо л ярьж таниулах цаг ш дээ. Гэтэл байдаггүй ээ, тэнэг лаларууд чинь “онолын” конкурс зарладаг байна ш дээ.
Тэгэхээр чинь Та нарыг хэн ч гэсэн “үхсэн баас” л гэнэ ш дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг

URL:

Сэтгэгдэл бичих