М.Энхцэцэг:Эгч маань “МИАТ”-ийн хэрэгт харилцагчийнхаа хүсэлтээр данс нээж өгснөөс өөр оролцоогүй
“МИАТ”-ийн гэх хэргээр зургаан иргэн 10-13 жилийн хорих ялаар шийтгүүлээд байна. МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13.1 жил, Б.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурьтогтоход 10.1 жил, “Голомт” банкны салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11.1 жилийн хорих ял ногдуулсан. Шүүхийн шийдвэр хууль бус, шүүх шударга ажиллаагүй талаар шүүгдэгч нарын өмгөөлөгчид байр сууриа илэрхийлсээр байна.
Бид энэ удаагийн “Ярилцах цаг” буландаа шүүгдэгч Г.Саранчимэгийн дүү М.Энхцэцэгийг урилаа. Тэрээр энэ хэрэгт эгч нь ямар сэжмээр холбогдсон, шүүхийн шийдвэрт ямар дүгнэлт өгч буйгаа ийн ярьж байна.
-Саяхан МИАТ-ийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Таны эгч Г.Саранчимэг 11 жил нэг сарын хорих ялаар шийтгүүлсэн. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй нь лавтай байх?
-Үнэхээр гайхаад барахгүй байна. Ямар хэрэг хийсэн гэж миний эгчийг ингэж шийтгэж байгаа юм бэ. Намайг ингэж хэлэхээр хүмүүс буруутай эгчийгээ буруугүй болгох гэсэн дүүгийнх нь сэтгэл гэж ойлгох байх. Тэгвэл огтхон ч тийм биш. Хэрэг явдлыг нарийн тайлбарлая. Анх энэ оны гуравдугаар сарын 21-нд УМБГ-аас манай эгч рүү залгаад “Ч.Хоролсүрэнгийн талаар хэдэн зүйл тодруулах гэсэн юм. Та хүрээд ирээч” гэлээ. Тэр үед эгч маань МИАТ-ийн гэх хэрэг илэрсэн. Энэ хэрэгт түүний ажиллаж байсан “Голомт” банкны харилцагч байсан Ч.Хоролсүрэн гэдэг хүн холбогдсон гэдгийг мэдэж байсан. Тэгээд тэр хүний талаар асуух гэсэн юм байлгүй гээд яваад очиход нь шууд баривчилсан. Өнөөдрийг хүртэл шүү дээ. Уг нь хууль дүрмэндээ оргон зайлахыг завдсан, тодорхой оршин суух хаяггүй хүнийг саатуулдаг гэдэг юм билээ. Эгч маань оргон зайлах ямар ч үндэслэлгүй. Нялх ачаа хардаг хүн түүнийгээ хаяад хаашаа явах билээ дээ. Бид батлан даалтад авъя гэж хэчнээн гуйгаад ч гаргаагүй. Ямар зорилгоор эгчийг маань ингэж шийтгэж байгааг үнэхээр ойлгохгүй байна.
-Тэгэхээр таны эгч энэ хэрэгт ямар оролцоотой гэж. Ч.Хоролсүрэнгийн хамсаатан гэж үзсэн хэрэг үү?
-Миний эгч насаараа санхүүгийн салбарт ажиллаж байгаа хүн. Ажилласан газар бүртээ шилдэг ажилтан нь болж чаддаг тийм нэгэн хөдөлмөрч бүсгүй. Харин “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар 1997-2007 он хүртэл ажилласан. 2007 оныхоо зургадугаар сарын 12-нд ажлаасаа гарсан байдаг. Ч.Хоролсүрэн гэдэг хүнтэй яагаад холбогдов гэхээр манай эгчийн хариуцсан салбарынх нь хамгийн том харилцагч тэр байсан. Хариуцсан салбарынх нь активын 20-30 хувийг эзлэх том харилцагч. Түүнээс гадна банкны салбарын захирлуудад нь дээрээс нь үүрэг, төлөвлөгөө өгдөг юм байна. “Энэ сард тийм хэмжээний мөнгө төвлөрүүл. Том харилцагч нартайгаа нягт сайн ажилла” гэсэн үүрэг өгнө. Тэр утгаараа Ч.Хоролсүрэнтэй харилцагч нь байсан. 2007 оны нэгдүгээр сард Ч.Хоролсүрэн гадаадаас утсаар “Их хэмжээний мөнгө байршуулах данс хэрэгтэй байна. Би гадаадад байна. Чи надад яаралтай данс нээгээд өгөөч” гэж гуйхаар нь том харилцагчаа алдахгүйн тулд өөрийнхөө олон жил үерхэж ирсэн С.Туяа гэдэг найзынхаа нэр дээр данс нээгээд өгчихсөн юм билээ. Тэр дансанд нь орсон 941600 долларыг Ч.Хоролсүрэнгийн компанийн нягтлан бодогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Н.Гантөмөр гэдэг хүн нь авсан. Өөрөөр хэлбэл, Ч.Хоролсүрэн өөрөө тэр мөнгөө авсан гэсэн үг. Эгч маань ийм л байдлаар холбогдчихсон. Өөр ямар ч үйлдэл байхгүй. Данс нээсэн нь том харилцагчаа алдахгүй гэсэн банкны бодлогын үүднээс тэр шүү дээ.
-Б.Бат-Эрдэнэ нар “Голомт” банкаар дамжуулан хэд, хэдэн удаа гаднаас мөнгө авсан гэдэг шүү дээ. Үүнд танай эгч хамааралгүй гэж үү?
-Огтхон ч хамааралгүй. Зөвхөн гадаадаас ярихад нь данс нээж өгсөн. Тэр дансан дахь мөнгөө Ч.Хоролсүрэн өөрөө авсан. Миний сонссоноор тэр нээгдсэн данс нь гурван сарын дараа хаагдсан байсан гэнэ лээ. Хаагдсан, хаагдаагүйг эгч өөрөө ч мэдээгүй. Сая хавтаст хэргээс л мэдэж авсан нь тэр. Харин тэр МИАТ-аас 17 удаагийн үйлдлээр гадаадын даатгалын байгууллага руу явуулсан гээд байгаа мөнгийг эгч мэдэхгүй. Тэр нь хаагуур яаж явсныг үнэхээр мэдэхгүй. Лав эгчийн салбараар дамжиж шилжээгүй.
-Тэгвэл гадаадаас их хэмжээний мөнгө “Голомт” банкны дансаар долоон удаа орж ирсэн гэдэг шүү дээ?
-Долоон удаа “Голомт” банкны дансаар орж ирсэн болохоор Г.Саранчимэг л хамаатай гэж ойлгоод байгаа юм. Эгч маань ердөө тэр данс нээж өгснөөс өөр зүйлгүй. Бусад нь өөр хүний дансаар орж ирсэн байдаг. Тухайлбал, хоёр удаа “Голомт” банкны төвд Тамир гэдэг хүний дансаар орсон, дөрвөн удаа Ч.Хоролсүрэнгийн нягтлан Н.Гантөмөр гэдэг хүний дансаар орж ирсэн. Энэ орж ирсэн мөнгө бүрээ Ч.Хоролсүрэн төлөөлөгчдөөрөө дамжуулан өөрөө авсан. Шинжээчийн дүгнэлтээр ч тогтоогдсон асуудал. Тамир гэдэг нь Ч.Хоролсүрэнгийн эхнэрийнх нь хамаатан. Гэрт нь үйлчлэгч хийж байсан болохоор “Чи очоод гарын үсэг зураадах” гэж хэлээд авахуулсан юм шиг байна лээ. Харин тэр гадагшаа гарсан 17, дотогшоо ирсэн зургаан үйлдэлд манай эгч ямар ч холбоогүй. Тэр байтугай 2007 онд ажлаасаа гарсан хүнийг 2008, 2009, 2010 онд хаа хамаагүй МИАТ компаниас гарсан мөнгөтэй холбон шийтгэж байгааг гайхаад барахгүй сууна. Шүүхийнхэн шийдвэртээ “Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Г.Саранчимэг…” гээд бүгдийг нь нэг цаг хугацаанд адилхан гэмт хэрэг гэж бичих юм. 2007 онд ажилгүй болсон эгч маань дараагийн жилд болсон хэрэг явдалд яагаад холбогдох ёстой гэж. Шүүхийн шийдвэр бодит үнэнээс арай дэндүү зөрж байна.Тэгээд ч тэр олон захирлыг манай эгч танихгүй. Сая харин шоронд суугаад царайг нь харсан гэнэ лээ.
-2007 оноос хойш ажиллаагүй цаг хугацааг нь хүртэл ингэж хамаатуулсан хэрэг үү?
-Ямар тэнэг хүн ч ойлгоно доо, уг нь. Ажлаасаа гарсан хүн гурван жилийн дараах гүйлгээнд хамаарахгүй гэдгийг нь. Өмгөөлөгч нь шүүх хуралдаанаар над шиг ингээд хий дэмий гомдоллоод суусангүй. Хуулийн зүйл заалтаар нь ойлгомжтой тайлбарлаж байхад нөгөөх огт танихгүй хэдэн нөхөдтэй нь хамсаатан мэтээр шийтгэсэн. Миний эгчийн алдаа гэвэл харилцагчийнхаа хүсэлтээр данс нээж өгсөн явдал л юм. Өөр ямар ч асуудал байхгүй. Ер нь аливаа гэмт хэрэгт хохирогч тал гэж заавал харгалзан үздэг юм билээ. Миний эгчийн данс нээсэн үйлдэлд нь хэн ч хохироогүй. Найз болох С.Туяад, данс нээлгэсэн Ч.Хоролсүрэнд ч хохирол учраагүй. Зөвхөн МИАТ-ийн захирлууд мөнгө угаасан. Мөнгө угаах үйлдэл нь банкаар дамждаг учраас банкны нэг хүн байхгүй бол болохгүй нь гэсэн байдлаар хэрэгт хандлаа. Огт хамаагүй хүнийг шийтгэж байгаагаа хуулийнхан өөрсдөө ойлгохгүй байна.
-Шүүхийн шийдвэр таны эгч Г.Саранчимэгт нэлээд хүнд цохилт болсон байх?
-Тэгэлгүй яах вэ. Анх саатуулагдсаныхаа дараа “Дүү нар минь сандраад яах вэ. Эгч нь энэ хэрэгт ямар ч холбоогүй. Шалгаж байгаад гаргачих биз. Намайг гэж зовж шаналалгүй ажил төрлөө сайн хий” гээд нэг их тоохгүй байсан. Гэтэл өнөөх итгэж байсан шүүх нь ийм шийдвэр гаргахаар эгч цочирдолгүй яах билээ. Миний эгч 50 гарсан өтөлж яваа өрх толгойлсон эмэгтэй. Хэдэн дүү нараа тэжээж ээжийн оронд ээж болж яваа хүн. Хоёр хүүхэдтэй. Хүү нь оюутан болоод удаагүй байсан ч ээжийгээ бодож шаналаад сургуулиа хаялаа. Нялх хүүхэдтэй. Хүүхдээ тэврээд шахуу ээж дээрээ очих л юм байна шүү дээ. Энэ айлын хувь заяагаар шүүхийн байгууллага ингэж тоглож байгаад үнэхээр харамсаад барахгүй юм. Дээрээс нь эгч маань булчингийн чангарал гэдэг ховор өвчинтэй. Саатуулагдсанаас болж сэтгэл санаагаар унаад өвчин нь сэдэрч гарынх нь хуруунууд мэдээгүйжсэн. Одоо турж эцээд өвчиндөө шаналаад сууна.
-Эмчилгээ хийлгэсэн үү?
-Эмчилгээ хийлгэе гэхээр тухайн үед Ч.Хоролсүрэн хорт хавдартай гээд эмнэлэгт хэвтсэн байсан. Нэг хэргийн хамсаатнуудыг нэг дор хэвтүүлэхгүй гээд эгчийг маань гурван сар гаруй хүлээлгэж байгаад анхан шатны шүүх хурлын дараа эмнэлэгт нэг удаа хэвтүүлсэн. Түүнээс хойш ямар ч эмчилгээ хийгээгүй.
-Шүүх хурлын үйл явц ямархуу байсан бэ?
-Уг нь давж заалдах шатны шүүх хурлаар асуудлыг бүх талаас нь харж байсан. Хүн бүрийн бодит оролцоо ямар байв. хэн хэн яаж оролцсон гээд асуудлыг тал талаас нь хэлэлцсэн. Үнэн зөвийг нь ч ялгаж тунгааж улсын яллагч нь хэлэх үггүй болсон байсан. Гэвч шүүхийн шийдвэр гаргах болсон чинь хэвээр баталсан. Ингэж л шийдэх байсан юм бол шүүх хурал явуулах хэрэг байсан юм уу даа. Үүнээс ч дор зүйл гэвэл анхан шатны шүүх хурал бүр инээдтэй. Гурван шүүгч нь байнга унтаастай. Хэн энэ хэрэгт холбоотой, өмгөөлөгч нь юу ярьж байна вэ гэдэг ердөө сонин биш. Огт хамаагүй. Шүүгдэгч нарын нүдэн дээр л унтаад байсан. Хүний яриа сонсч чадахгүй нойрмоглоод зүүрмэглээд арай дэндүү. Нойроо сэргээх гэсэн юм шиг байнга орж гараад л. Үүнийг хараад хэлэх ч үг олдоогүй. Ерөнхийлөгчийн яриад байгаа шударга ёс энэ үү гэж бодогдож байна. Буруу, зөвийг ялгахгүйгээр бүгдийг л буруутгахаар улайрч байгаа нь тэгээд шударга ёс уу, хүний эрх үү. Анхан шатны шүүх хурал дээр бас нэг инээдтэй зүйл болсон.
-Тухайлбал?
-Анхан шатны шүүх хурал дээр улсын яллагч “МИАТ-аас гадаад руу 9.3 тэрбум төгрөг гарсан байна. Түүнийх нь 4.3 нь Монгол руу буцаж орж ирснийг нотлох баримтаар тогтоолоо” гэлээ. Тэгээд шүүх хурлын төгсгөлд төлбөрөө тавих болсон чинь гадагшаа гарсан гэх мөнгө дээрээ орж ирсэн 4.3 тэрбум төгрөгийг нэмээд хэрэгт холбогдсон долоон хүндээ хувааж байна. Ямар ч мэдлэггүй байлаа гээд гадагшаа гарсан мөнгө эргэж орж ирж байхад нэмээд суух уу. Нэгдүгээр ангийн хүүхэд ч бодчих бодлого. Үүнийг өмгөөлөгч хэлэхэд улсын яллагч маань засч гадагшаа гарсан гэх мөнгөө долоо хуваах жишээтэй. Түүнээс гадна анхан шатны шүүх хуралд Н.Гантөмөрийн өмгөөлөгч гадагшаа явсан. Хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт байсан. Гэтэл улс төрийн шалгаанаар яаравчилсан юм уу, яасан юм бүү мэд Н.Гантөмөрийн хэргийг тусгаарлаад үлдсэн зургааг нь шүүсэн. Гэхдээ шүүхийн шийдвэр гаргахдаа хуралд оролцоогүй, гэм бурууг нь тогтоогоогүй өнөөх Н.Гантөмөртөө төлөх төлбөрийг хуваасан. Үнэхээр гайхаж бүлтэрмээр шүү. Харин сая давж заалдах шатны шүүх хурлаар Н.Гантөмөрийг цагаатгасан чинь түүний төлбөрийг нөгөө хэдэд нь дахиад л нэмнэ лээ. Нөгөө талаас энэ Эрүүгийн хуульд мөнгө угаасан гэх хэргийн зүйлчлэл болох 166 зүйл ангийг 2009 онд оруулсан юм байна. Тэгвэл Сараа эгчийн данс нээсэн үйлдэл нь 2007 онд болсон явдал. Хуулийг буцаан хэрэглэж болохгүй гэсэн хууль зүйн үндэслэл байдаг юм байна. Гэтэл шүүгч нар үүнийг тоохгүй юм. Ийм байж нийгэмд яаж шударга ёс тогтоох гэсэн юм бэ, тэд.
-Танай эгч Ч.Хоролсүрэнгээс бусдыг нь танихгүй гэж ойлгож болох уу. Ер нь Ч.Хоролсүрэн эгчийг тань өөрийнх нь хүсэлтээр данс нээсэн тухай хүлээн зөвшөөрөх юм уу?
- Ч.Хоролсүрэнгийн дүү Ч.Суурьтогтох гэж залуу болоод нягтлан бодогч Н.Гантөмөр нарыг танина. Харин Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг гэсэн дарга нарыг огт танихгүй. Тэгээд ч Ч.Хоролсүрэн мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нарт “Г.Саранчимэг энэ хэрэгт огт хамаагүй. Миний хүсэлтээр данс нээсэн. Тэрээр энэ мөнгө хаанаас орж ирсэн, ямар эх үүсвэртэй, ямар зориулалтаар ашиглаж гэж байгаа талаар огт мэдэхгүй” гэж мэдүүлээд байтал шийтгэсэн. Энгийн үгээр тайлбарлавал нэг нөхөр энэ хүнийг би зодсон гээд байхад хажууд нь зогсч байсан өөр нэг залууг “Чи бас зодсон байж таараа” гээд шийтгэж байгаатай адилхан.
-Г.Саранчимэгийн амьдрал ямархуу вэ?
-Өө, байрнаас өөр үл хөдлөх хөрөнгө байхгүй ээ. Насаараа өөрийн хөдөлмөрөөрөө амьдарч ирсэн. Дүү нарынхаа бизнесийг дэмжих зорилгоор ганц байраа зээлийн барьцаанд тавьсан байсан. УМБГ-ын байцаагч нар хөрөнгийг битүүмжлэхдээ хүртэл “Та яасан их өртэй хүн бэ” гэж гайхаж байсан юм шүү дээ. Хэрэв мөнгө угаасан бол ингэж өр шир тавиад суух уу.
-Дээд шүүхийн шийдвэр үнэн зөвийг тогтооно гэдэгт хэр итгэлтэй байна?
-Би үнэхээр эргэлзэж байна. Давж заалдах шатны шүүгч нар эгчийг маань холбоотой үгүйг ялгаж салгасан шийдвэр гаргах байх гэж найдаж байсан. Гэвч тэгсэнгүй. Одоо Улсын дээд шүүхийнхэн Г.Саранчимэг гэдэг хүнийг ямар оролцоотой байна гэдгийг ухаж төнхөөд олж мэдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна даа.
Зууны мэдээ
URL: