В.Путиний талынхны амаргүй ялалт ба реактив шинэчлэл
Б.БАРС
ОХУ-д өнгөрсөн ням гаригт орон нутгийн янз бүрийн төвшний сонгууль нэгэн зэрэг болж өндөрлөсөн. Өнгөрсөн жилийн Төрийн думынхийг бодвол энэ удаагийн сонгууль, ялангуяа Москвагийн захирагчийн сонгууль нэлээд өрсөлдөөнтэйгээс гадна илүү нээлттэй, харьцангуй шударга болсныг тус улсын төдийгүй гадаадын ажиглагчид үзэж байна.
Сонгуулиар ОХУ-ын найман субъектын захирагч, 16 субъектын иргэдийн төлөөлөгчдийн хурлыг шинээр сонгожээ. Түүнчлэн найман субъектын төв хотын мэр, 12 хотын парламентыг шинээр бүрдүүлсэн аж. Москва хотын иргэд сүүлийн арван жилд анх удаа захирагчаа шууд санал хураалтаар сонгосныг энд тэмдэглэх хэрэгтэй.
Хэдийгээр иргэдийн идэвхи сул, нийт сонгогчдын гуравны нэг нь л саналаа өгсөн ч сонгуулийн үйл явцыг олон шинжээч “Оросын улс төрийн реактив шинэчлэл” гэж томьёолох болов. Энэ удаагийн сонгуульд Москвад А.Навальный, Екатеринбургт Е.Ройзман зэрэг сөрөг хүчний нэртэй лидерүүдийг оролцуулсан нь том дэвшил гэнэ.
Москвагийн захирагчийн сонгуульд В.Путиний хүн С.Собянин арайхийн 51 хувийн санал авч ялалт байгуулж, эрх баригчдыг шүүмжилдгээрээ алдаршсан авлигыг эсэргүүцэгч А.Навальный сонгогчдын 28 хувийн дэмжлэг авч чаджээ. Сонгууль болохоос өмнө А.Навальныйг үсрээд л 15-17 хувийн санал авна гэж социологичид тооцож байсныг бодвол энэ нь чамлахааргүй амжилт.
Хэрэв сонгуульд нэр дэвшсэн бусад оролцогчид түүний саналаас “зулгаагүйсэн” бол А.Навальный яаж ч мэдэхээр байсан гэж үзэгсэд цөөнгүй. Учир нь Коммунист намын И.Мельников 11, “Яблоко” намын С.Митрохин 3.5, Либерал-ардчилсан намын М.Дегтярев 2.9, “Шударга Орос орон” хөдөлгөөний тэргүүн Н.Левичев 2.8 хувийн санал авчээ.
Манай хойд хөршид эрх баригчид сонгуулийг ёс төдий явуулан сөрөг хүчнийхний эсрэг янз бүрийн явуулга хийн ард иргэдийнхээ саналыг луйвардсаар өдийг хүрсэн нь нууц биш. Харин өнгөрсөн хоёр жилд ОХУ-ыг их бага ямар нэг хэмжээгээр донсолгосон ард иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн хуучин аргаар сонгууль явуулах хөг өнгөрснийг мэдрүүлсэн гэмээр.
Иймээс ч Кремль зарим газар сөрөг хүчний нэртэй улс төрчдийг сонгуульд арга буюу оролцуулахад хүрсэн гэх. Мөн онц шаардлагагүй бол элдэв луйвар булхай хийхгүй байх аа орон нутгийн салбарынхандаа үүрэгдсэн гэлтэй.
А.Навальный сонгуулийн дүнг шударга бус болсон гээд хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдээд буй. Тэрээр дэмжигчдэдээ хандан уриалга гаргаж, эсэргүүцлийн цуглаан зохион байгуулахаа ч илэрхийлжээ. Түүний штабынхан, сонгууль өндөрлөхийн өмнөхөн С.Собяниныг дэмжсэн гэх олон саналын хуудсыг нууцаар оруулан 51 хувийн саналд хүргэсэн гэсэн юм.
Энэ бүгдээс харахад аварга том Орос оронд ардчиллын салхи сэвэлзэж эхлэв үү гэмээр. “CNN” сувгийн тоймчийн бичсэнээр өнгөрсөн сонгууль Кремльд түгшүүрийн харанга дэгдээж, эрх баригчдыг эсэргүүцэгч гол төлөв дунд ангийнхан болон оюутнуудад урам зориг өгчээ.
Сонгуулийн үр дүн анх таамагласны дагуу гарсан ч В.Путин улс орноо удирдах хатуу гарын бодлогоо эргэж харахгүй бол ард олны дунд түүний тэргүүлдэг “Единая Россия” буюу нэгдмэл Орос оронд тогтворгүй байдал үүсэн бутрах аюул оршиж буйг анхааруулах шиг.
Зууны мэдээ
URL: