Чөлөөт бөх аврагдлаа
Олимпийн ууган төрлүүдийн нэг чөлөөт бөхийн спорт их наадмын хөтөлбөрт хэвээр үлдлээ. Хэдэн сарын өмнөөс Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо ууган спортоо олимпийн төрөлд үлдээх талаар ихээхэн анхаарч олон ажлыг зохион байгуулсан. Бөхийн спорт хөгжсөн орнууд ч тэдэнд дэм болон өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэн тамирчид олон улсын тэмцээний үеэр үзэл бодлоо илэрхийлсэн нь ийн олимпийн хөтөлбөрт үлдэхэд ихэд нөлөөлөв. Манай улс ч тэдэнтэй нэгдэж, бөхөд хайртай ард түмний дуу хоолойг хүргэсэн. Ингээд Олон улсын олимпийн хороо Аргентиний Буэнос-Айрэс хотноо хуралдаж буй 125 дахь удаагийн чуулганы үеэр эрх бүхий гишүүдийн дунд санал хураалт явуулж дээрх шийдвэрийг гаргажээ. Олон улсын олимпийн хорооны гишүүд нууц санал хураалтаар чөлөөт бөх, бейсбол болон скуаш гэсэн гурван төрлөөс 2020 болон 2024 оны зуны олимпийн хөтөлбөрт багтах спортын төрлийг сонгосон юм. Чөлөөт бөхийн төлөө 49 хүн санал өгсөн бол бейсбол 24, скуаш 22 санал авчээ. Өнгөрөгч, хоёрдугаар сард хуралдсан Олон улсын олимпийн хорооны Удирдах зөвлөлийн хурлаас чөлөөт бөхийн спортыг 2020 оны олимпийн хөтөлбөрөөс хасах шийдвэр гаргасан. Улмаар зуны 32 дугаар олимпийн наадамд багтах 26 спортоос 25-ыг нь сонгон баталж, үлдсэн нэг төрлийг Олон улсын олимпийн хорооны чуулганаар эцэслэн шийдвэрлэхээр болсон. Үүний дүнд Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос өнгөрсөн хугацаанд барилдааны дүрэм, шүүлт, хүйсийн тэнцвэртэй байдал, холбооны удирдлага, үйл ажиллагаа зэргийг шинэчлэх талаар дорвитой ажилласан юм. Тус холбооны тэргүүнээр шинээр сонгогдсон Ненад Лалович ОУОХ-ноос шийдвэр гаргасан энэ өдрийг “Бөхийн спортын 3000 жилийн түүхэнд хамгийн чухал өдөр болж байна” хэмээн тодотгожээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Jan 21, 2019 -