ХҮҮХЭД ҮРЧЛЭХ, ҮРЧЛҮҮЛЭХ
ХҮҮХЭД ҮРЧЛЭХ, ҮРЧЛҮҮЛЭХ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна. Гэрлэгчдийн хэн нэг нь хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ тухай зөвшөөрлийг эхнэр буюу нөхрөөсөө авна. Бүтэн өнчин хүүхэд, түүнчлэн эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй бол хүүхдийг нь үрчлүүлэх тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын зөвшөөрлийг авна.Долоон нас хүрсэн хүүхдээс өөрийн нь зөвшөөрлийг авна. Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийг энэ тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дараа үрчлүүлж болно.Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана.Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана.Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ.
Үрчлэгч этгээдэд тавигдах шаардлага:
- Насанд хүрсэн байх
- Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай
- Хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх боломжтой хүн байна.
- Хүүхэд үрчлэхийг хориглох үндэслэл
- 60-аас дээш настай /өөрчлөлт орсон. Өөрчлөлт орсон тухай сүүлийн хэсэгт буй тайлбарыг харна уу?/
- Эцэг, эх байх эрхээ хасуулсан, хязгаарлуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан
- Урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн,
- Ашиг хонжоо олох зорилготой
- Шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон,
- Сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй,
- Согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг,
- Эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн
- Хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг тус тус хориглоно.
Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “60-аас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн юм. Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “60-аас дээш настай хүнд” гэж онцлон заасан нь Үндсэн хуулийн арвандөрөвдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн “Хүнийг насаар нь ялгаварлан гадуурхаж үл болно”; мөн хуулийн арванесдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг хуралдаанаас гаргажээ. Дээрх хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийн “60-аас дээш настай” гэснийг Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасныг үндэслэн 2010 оны гуравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр болсон. Тэгэхээр бүтэн өнчин хүүхдийг төрөл, садангийн хүн нь үрчлэн авахад дээрх насны хязгаарлалт үл хамаарна.
URL: