Татвар төлөгчдөөс ирдэг зарим нийтлэг асуулт, хариултууд

images28rtgfddfАсуулт. 1 Манай компанийн өдөр тутмын үйл ажиллагаандаа шаардлагатай байгаа бараа материалыг барилгын материалын дэлгүүр болон барилгын төрөлжсөн захуудаас авдаг. Зарим иргэд өөрийн нэр бүхий тамгатай баримт өгч байгаа. Татварын алба ямар баримтыг хүчин төгөлдөр гэж тооцдог вэ?
Бараа, материалыг аж ахуйн нэгж байгууллагаас худалдан авч байгаа тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангасан зарлагын баримтыг авах нь зүйтэй.
Харин иргэнээс бараа, материал худалдан авч байгаа тохиолдолд тухайн иргэн өөрийн нэр, регистрийн дугаар бүхий тамга тэмдэгтэй зарлагын баримтыг олгож байвал түүнийг хүчин төгөлдөр бүхий санхүүгийн баримт гэж үзнэ. “Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 1-д заасан ажил үйлчилгээ эрхлэгч иргэнээс бараа материал худалдан авахдаа уг иргэний тухайн сарын татвар төлсөн гэрчилгээг, иргэний үнэмлэхний хамт хуулбарлан авч өөрийн санхүүгийн баримтанд хавсарган авч мөн суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгаагүй иргэдийн мэдээ ТТ-12/2/ маягтаар тайлагнах нь зүйтэй.

Асуулт. 2 Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхлэгч гэрчилгээ эзэмшигч патентаар татвараа төлөгч нь жишгээр татвар төлөгчөөс юугаараа ялгаатай вэ?
Хуулийн 5 дугаар зүйлийн 1-д заасан 15 хэсэгт хамаарах орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхлэгч иргэн нь ажил үйлчилгээ эрхлэх бүрдээ хуульд заасан тогтмол татварыг төлж татвар төлсөн гэрчилгээ /патент/ бичүүлэн авснаар албан татвар төлөх үүрэг нь дуусгавар болдог орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээнүүд ордог бол хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасан ажил үйлчилгээ эрхлэгч“жишгээр” татвар төлөгч иргэн нь сар бүр урьдчилгаа хэлбэрээр Сангийн сайдын баталсан жишгээр татвар төлж албан татвар төлөгчийн гэрчилгээ авч тэмдэглүүлэн татварын тайлангаар дараа тооцоо хийдгээрээ ялгаатай.

Асуулт. 3 Манай компани хувь хүнтэй гэрээ байгуулаад ажил гүйцэтгүүлэхэд хувь хүний орлогын албан татвар суутгаж ,”цэнхэр дэвтэр”-т нь бичилт хийх үүрэгтэй юу?
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 17 дугаар зүйлийн 17.1.1, 23 дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.2, 29 дүгээр зүйлийн 29.1.4-д тус тус заасныг үндэслэн 10 хувиар албан татвар суутган авч төсөвт төлж, тухайн албан татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэр /цэнхэр дэвтэр/-т тэмдэглэл хийж баталгаажуулна.

Асуулт. 4  Манай компанид байнга бараа материал нийлүүлж орлого олдог хувь иргэний хувьд тогтмол бус үйл ажиллагааны орлого уу, үйл ажиллагааны орлого уу гэдгийг яаж ялгах вэ?
Улсын дээд шүүхийн 2007 оны 12 тоот тогтоолоор “Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан “тогтмол бус үйл ажиллагааны орлого” гэдгийг “тухайн хувь хүний хууль буюу гэрээгээр байнга эрхлэх албан үүрэгтэй нь холбоогүй, орлогын тогтмол эх үүсвэр болдоггүй ажил, үйлчилгээг хамааруулна” гэж тайлбарласан.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан орлогыг 12 дугаар зүйлийн 12.2-т заасан тогтмол бус үйл ажиллагааны орлогоос ялгахын тулд тухайн татвар төлөгч нь танай байгууллагад байнга бараа, материал, түүхий эд болон тоног төхөөрөмж нийлүүлж байдаг нь тус байгууллагын санхүүгийн баримтаар нотлогдохоос гадна тогтмол үйл ажиллагааны орлого бүхий хувь хүн нь иргэний хуульд заасны дагуу “гэрээ” байгуулж ажилласнаараа тогтмол бус үйл ажиллагааны орлого бүхий татвар төлөгчөөс ялгагдана.

Асуулт. 5 Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.13-д “малчин өрх, мал бүхий этгээдийн, зөвхөн малын тоо толгойд ногдох орлого” –ыг чөлөөлнө. Дээрх заалтаас малчны ямар орлогоос нь татвар тооцож, ямар орлогыг нь татвараас чөлөөлнө гэж ойлгох вэ?
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-д “малчин өрх, мал бүхий этгээдийн, зөвхөн малын тоо толгойд ногдох орлого” –ыг чөлөөлөхөөр заасан.
Малчин өрх, мал бүхий этгээдийн, малын гаралтай түүхий эд, мах, ноос, ноолуур, сүү, арьс шир зэрэг бүтээгдэхүүнийг борлуулсан орлогыг албан татвараас чөлөөлнө.
Харин малчин өрх, мал бүхий этгээдээс малын ашиг шимийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах зэргээр олсон орлого нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан үйл ажиллагааны орлогод хамаарах юм.
Мал бүхий этгээд малын ашиг шимээс өөр орлогын эх үүсвэртэй бол уг орлогод ногдох татварыг төлнө.

Асуулт. 6 ХХОАТ-ын тухай хуулийн 24.6 дугаар заалтын дагуу төлсөн сургалтын төлбөрийн хэмжээгээр татвар авна гэж заасан байдаг татварын алба яагаад хуулийн заалтыг өөрийнхөөрөө тайлбарлаж 10 хувь гэж ойлгуулж байна вэ?
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэж заасан.
Хуулийн дагуу олгож байгаа хөнгөлөлт, чөлөөлөлтийг тооцохдоо энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5-д “аж ахуйн нэгж байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг албан татвар төлөгч нь энэ хуулийн 16.1.12, 24.6-д заасан хөнгөлөлт эдлэх бол татварын алба ажил олгогчтой албан татварын жилийн эцсийн тооцоо хийхдээ уг хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно” гэж заасны дагуу тооцоолол хийж тухайн жилд илүү төлсөн татварыг буцаан олгодог.
Үндэсний татварын алба ХХОАТ-ын хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтийг тооцохдоо дээрх заалтыг үндэслэн тооцооллоо хийж байгаа болно.

Асуулт. 7 ОТБТБАҮЭИОАТ-ын тухай хуулиар авч байгаа патентийн төлбөр өнөөгийн амьдралд нийцэхгүй хувь хэмжээтэй байдаг тэдний борлуулалтын орлого сард л 10,0 сая хүрсэн байдаг ч НӨАТ төлөгчөөр бүртгэгддэггүй тиймээс харьцаж байгаа НӨАТ төлөгч компани хувьд хасалт хийж болохгүй хүндрэлүүд гардаг.
Энэ талаар хуулинд өөрчлөлт оруулах саналын төсөл бэлтгэж байна.

Асуулт. 8 Зарим худалдан авагчид урьд онд эсвэл урьд сард авсан барааныхаа падааныг нөхөж бичүүлж авмаар байна гэсэн хүсэлт гаргадаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нөхөж бичиж өгч болох уу?
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д зааснаар жижиглэнгийн худалдаа эрхлэгч сард нэг удаа, бөөний худалдаа эрхлэгч борлуулалт хийх бүрдээ нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичнэ.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч этгээд нь худалдан авалт, борлуулалтынхаа падааныг цахим хэлбэрээр илгээсний дараа тус татварын тайланг илгээх боломжтой тул дээрх хуулийн хугацаанд багтаан нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаа өгч авах нь зүйтэй. Нэмэгдсэн өртийн албан татвар төлөгчид тус падааныг нөхөн өгч болох бөгөөд цахим тайлан , падааны мэдээллээ харъяалах татварын албанд хандан залруулах нь зүйтэй юм.

Асуулт. 9 Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үү?
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.18-д зааснаар газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурилыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.

Асуулт. 10 Манай компани гурил үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд манайхаас хүнсний дэлгүүр, супермаркетууд гурил худалдан авч хэрэглэгчдэд борлуулахад нэмэгдсэн өртгийн албан татварын падаангүй хасалт хийх нь зөв үү?
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1.4-т заасан анхдагч түүхий эдийг импортолсон буюу худалдан авч зуучлан борлуулсан бол төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийхгүй” гэсэн байдаг.

Асуулт. 11 Ажил гүйцэтгүүлэх гэрээ хийсэн компаниуд гэрээний дагуу төлбөр төлөх бүртээ НӨАТ-ын падаан авна гэх юм манайх нийт төлбөрөө хийсэн тохиолдолд бөөн дүнгээр падаан бичиж өгнө гэсэн шаардлага тавьдаг зөв үү.
НӨАТ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу падаан үйлдсэн, төлбөрийг хүлээн авсан, бараа ажил, үйлчилгээг худалдан авсан өдрийн аль түрүүчээр тооцно гэсний дагуу падааныг тухай бүр үйлдэж олгох ёстой.

Асуулт. 12 НӨАТ-ын тухай хуулинд заагдсан падаангүй хасалт хийх заалтанд байгаа анхан шатнаас авсан гэдэгт ямар бичиг баримт байх ёстой вэ. Татварын хяналт шалгалтын байцаагч бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлаад байдаг жишээ нь өмнөх жилийн малын тооллогын дүнгийн бичиг хэрэгтэй гээд нэхээд байх юм.
Хуулийн 14.1.4заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой татвар төлөгч дараах бичиг баримт бүрдүүлнэ.
•    Гэрээ
•    Хүчин төгөлдөр зарлагын баримт /татвар төлөгчийн дугаар, тамга, тэмдэгтэй, бараа ажил үйлчилгээний үнийн дүн нь тодорхой байх /
•    Иргэний үнэмлэхний хуулбар
•    Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ

Асуулт. 13 Өнгөрсөн сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа гаргахдаа нэг борлуулалтын падааныг санамсаргүйгээр орхигдуулсан юм энэ сарын тайландаа тусгаж болох уу?
Өмнөх тайлангийн хугацаанд хамаарах падааныг энэ сарын тайландаа тусгаж болохгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлөх” гэж заасан байдаг Иймээс та харьяалах татварын албанд хүсэлт гарган дутуу тайлагнасан сарынхаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, падааны мэдээллийг залруулах боломжтой.

Асуулт. 14 НӨАТ-ын тухай хуулинд орлогоо аккурэль сууриар тайлагнадаг бол худалдан авалтаа мөнгөн сууриар тайлагнадаг нь нэг  хууль 2 өөрөөр сууриар яваад байгаа нь татвар төлөгчдөд хүндрэлтэй байна шийдвэр гаргана уу.
НӨАТ-ын тухай хуульд борлуулагч талын борлуулсан бараа, ажил үйлчилгээнд НӨАТ ногдуулах хугацааг мөнгө авсан, бараа ажил үйлчилгээг худалдан авагчид шилжүүлсэн, падаан үйлдсэн өдрийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тодорхойлно. Борлуулагч бараа, ажил үйлчилгээгээ худалдан авагч талд шилжүүлээд падаан үйлдсэн бол падааны хугацаагаар тайлан тооцоондоо тусгах бөгөөд худалдан авагч талд падаанаа өгөх үүрэгтэй. Харин худалдан авагч талын хувьд мөн хуулийн 14.1-д заасны дагуу бараа, ажил, үйлчилгээний үнийг төлсөн үед НӨАТ-ын хасалтаа хийнэ. Цаашид энэ асуудлыг хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ.

Асуулт. 15 Суутган-2 програм ажиллагаа ихтэй нийгмийн даатгалын програм хялбар, ойлгомжтой байдаг тийм байдлаар хийж болохгүй юу.
ХХОАТ-ын тайлангийн ТТ-11 болон ТТ-12 маягтуудын хавсралт маягт  болох ТТ-11/1/, ТТ-11/2/, ТТ-12/1/, ТТ-12/2/ маягтуудыг боловсруулахад ашигладаг програм бөгөөд та мэдээллийг EXCEL хэлбэрээр оруулахдаа  програмын заавар хэсгээс EXCEL-ийн загвар файл үүсгэн гаргах бөгөөд загвар файл дээр шивэхдээ улирлын дүнгээр мэдээлэл оруулж байгаа бол дүнг төгрөгөөр  оруулахаас гадна  сар, улирлын мэдээллээ оруулахдаа Кирил үсгээр оруулна. EXCEL файл дээрээ суутгуулагчдын мэдээллээ бүрэн оруулж дууссаны дараа програм руу мэдээллийг оруулахдаа Програмын ТТ-11/1/ хэсгийн Мэдээлэл EXCEL файлаас оруулахаас сонгон Сонгох товчийг даран бөглөсөн excel файлыг сонгон Оруулах товчийг дарахад таны Excel файлын мэдээлэл орж ирнэ. Сар болон улирлын мэдээллийг оруулах үйлдэл ижил ба хадгалах болон татварын албанд илгээх файл бэлтгэх нь мэдээллийг гараас оруулахтай адилхан байна. Цаашид энэхүү программыг боловсронгуй болгох тал дээр ажиллаж байгаа болно.

Асуулт. 16 Манай аймгийн иргэн худалдан авах гэрээгээр авсан ч авто тээврийн газар бүртгэлээ өөрчлүүлээгүй тохиолдолд аймгийн нутаг дэвсгэр дээр явж байгаа УБ дугаартай машинаас татвар авах уу. Бүртгэл хамаарахгүй татвар авч болох уу. ?
Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн 2013 оны албан татварыг төсөвт төвлөрүүлэхдээ Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 113 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тухайн орон нутгийн харьяалалтай боловч эзэмшиж буй тээврийн хэрэгсэл нь Улаанбаатарын дугаартай тохиолдолд албан татварыг нийслэлийн замын санд төвлөрүүлэн ажиллана.
Татвар төлөгч иргэн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг төлөхдөө өөрийн харьяалагдах орон нутгийн татварын албанд тушаахын зэрэгцээ нийслэл болон хөдөө орон нутагт явж байгаа тохиолдолд тухайн орон нутгийн татварын албанд тушааж болно.

Асуулт. 17 Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой зөрчлүүд их гарч байгаа талаар мэдээлэл их гарч байна. Ямар зөрчлүүд ихэвчлэн гарч байна сэргийлэх арга хэмжээ авч байна уу.
Үндэсний татварын албанаас “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих явцад зарим хувь хүн, аж ахуйн нэгжүүд дараахь байдлаар хуулийг санаатайгаар зөрчсөн үйлдлүүдийг гарган  ихээхэн хэмжээний татварын төлбөр,  хүү,  торгуульд орох,  татварын эрсдэлтэй тулгарах  байдлыг үүсгэж байна.    Үүнд:
1. НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан бараа, гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан үйлдэх, засварлах,   бичүүлж авах
2. Татварын албанд бүртгэлгүй, бүртгэлтэй боловч тухайн борлуулагчийн бүртгэлтэй бус НӨАТ-ын падааныг өөр хоорондоо худалдах  замаар хуурамч анхан шатны баримт бүрдүүлэх
3. НӨАТ-ын хасалт, буцаан олголт хийх хуулийн заалтанд хамааралгүй ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг бизнесийн үйл ажиллагааны зардлаар тооцож, төсөвт төлөх НӨАТ-ыг багасгах
4. Дулаан, цахилгаанд төлсөн НӨАТ-ын падаанаар түрээслэгч, түрээслүүлэгч давхар хасалт хийх
5. НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн  хуулийн этгээдийг худалдан авч, НӨАТ төлөгч бус этгээдийн худалдан авалтанд төлсөн татвараа шилжүүлэн бүртгэж хасалт, буцаан  авалт  хийхээр  тайлагнан  татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх
6. Импортын барааны НӨАТ ногдуулах үнэлгээг бууруулахын тулд хуурамч гэрээ хэлцэл үйлдэж,  гаалийн мэдүүлэг бүрдүүлэх замаар төлөх татвараа бууруулах
7. Бусдад НӨАТ төлж бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан мэтээр ня-бо бүртгэлийн хуурамч бичилт хийн, НӨАТ-ын падаан бичиж их хэмжээний хасалт хийх
8. НӨАТ-аас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулан худалдан авалтанд төлсөн НӨАТ-аа  төсөвт төлөх НӨАТ-аас хасах зэрэг ноцтой зөрчлүүд илэрч байна.
Эдгээр зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээс гадна уг үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болох нь тогтоогдвол Монгол Улсын “Эрүүгийн хууль”-ийн дагуу шийдвэрлэдэг юм.
Иймд татвар төлөгч та бүхнийг хуулиар хүлээсэн үүргээ ухамсартайгаар хэрэгжүүлж, НӨАТ-ын падааныг борлуулалт хийсэн тухай бүр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид заавал бичиж өгөх, цахим тайлангийн системд оруулахдаа  татвар төлөгч тус бүрээр салган харуулж, зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдээгүй татвар төлөгчид хамаарах борлуулалтын орлогыг  дүнгээр нь эцсийн хэрэглэгчээр бүртгэх,  тайлангаа цаг хугацаанд нь үнэн зөвөөр гаргаж, тайлагнаж байхыг  анхааруулан сэрэмжлүүлж байна.

Татвар Төлөгчдөд Үйлчлэх Газар


URL:

Сэтгэгдэл бичих