Албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн загалмайлсан эцэг Санжийн Баяр

images258rgtdssdМонголын  толгой компаниудын нэг “Жаст” групп ганцхан өдрийн дотор хаалгаа барьж, Монголын тэргүүн баячуудын нэг Жастын Батхүү гэгч нөхөр бүхий л хөрөнгөө зараад ганцхан өдрийн дотор жирийн нэг иргэн болж хувирсан. Ш.Батхүү гэгч энэ нөхөр Эрдэнэт үйлдвэрээр барьцаа гаргуулан 160 сая ам доллар авчихаад эргүүлж төлөөгүй, асар их хэмжээний өр зээлтэй банкаа Төрийн банк руу нэгтгэж, татвар төлөгчдийн халааснаас өр зээлээ даруулах гэж байгаа нэгэн.  “Алтан загасны эмгэн” хагархай тэвштэйгээ үлдсэн юм шиг аашилж байгаа Ш.Батхүүгийн энэ хэргийн цаана томоохон улстөрчдийн тарьсан будлиан нуугдаж байгаа гэдэг нь тодорхой ч хууль хяналтын байгууллага таг чиг суусаар байна.

Энэ хэрэгт “Жаст” группийн захирал Ш.Батхүү ганцаараа биш, “Эрдэнэт” үйлдвэрийн хуучин удирдлагууд Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар ч холбоотой. Монголчуудын амин зуулга болсон “Эрдэнэт” үйлдвэрийг хямдхан эд бараа шиг барьцаанд аваачиж тавьсан энэ хэрэгт Ерөнхий сайдаар ажиллаж байсан Санжийн Баяр ч бас холбоотой байж магадгүй гэж олон хүн хардаж байна. Үнэхээр ч хардахгүй байхын арга алга. 2009 оны аравдугаар сарын 28-ны өдөр С.Баяр биеийн эрүүл мэндийн улмаас Монгол Улсын Ерөнхий сайдын албанаас чөлөөлөгдсөн байдаг. Үүний өмнөхөн “Жаст”-ын Ш.Батхүү ӨАБНУ-ын “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авчээ.

Зээлийн баталгааг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг гаргаж өгсөн байдаг. Ч.Ганзоригт ийм баталгаа гаргах замыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар тавьж өгчээ.

Тэрээр Эрдэнэтээр барьцаалж зээл авах цохолт хийж өгсөн юм. Мэдээж хамтарсан үйлдвэрийн нэрээр баталгаа гаргах асуудлыг Д.Сугар, Ч.Ганзориг хоёр толгой мэдэж шийднэ гэвэл яавч бүтэшгүй.  Тиймээс л энэ бүхний ард Ерөнхий сайд С.Баяр сууж байсан нь тодорхой гэж тэд үзэж байгаа юм.
С.Баярын хувьд “Жаст”-ын захирал Ш.Батхүү гэгч энэ эртэй аль эртнээс л нэр холбогдож эхэлсэн бөгөөд С.Баяр улс төрд хүчээ авч эхэлсэн яг тэр үеэс л “Жаст” гэгч компани гэнэтхэн л хөрөнгө бэлээрээ олны анхаарлыг татаж эхэлсэн. “Жаст”-ын Ш.Батхүүгийн хувьд ял зэм эдлэх дээрээ ч энэ дотно харилцаагаа үгүйсгэдэггүй. Тэрээр “Хадгаламж” банкаа төрд шилжүүлэх үедээ “Бид их ойр дотно харилцаатай” хэмээн тун бардам хэлж байлаа.

Хуурамч гарын үсэг

Учир нь Ч.Ганзориг “Эрдэнэт” үйлдвэр 2007 онд  “Жаст” группийн захирал Ш.Батхүүд батлан даалт гарган зээл авахуулж байсан нь үнэн. Харин  2009 оноос хойшхи зээлийн асуудлыг би огт мэдэхгүй” гэсэн тайлбарыг өгч эхэлсэн. Тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан “Өнгөрөгч 2007 онд  “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаж, “Стандарт” банкнаас 20 сая ам.долларыг “Жаст” групп зээлсэн юм. Энэ гэрээ хэлцэл 2008 онд хэрэгжээд дууссан. Тэр үед бид гэрээ хэлцэл амжилттай хэрэгжиж үйлдвэрт ашигтайгаар дууслаа гэсэн ойлголттой үлдсэн юм. Авсан бүх зээлээ төлсөн”  гэж ярьж байна. Тэрээр 2009 оноос хойшхи гурван удаагийн үйлдлээр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан авсан зээлийн баримт бичигт зурагдсан Д.Сугар болон Ч.Ганзориг нарын гарын үсэг хуурамч гэдэг утгатай зүйлийг ярьж байгаа юм. Энэ яриаг нь батлах гэсэн мэт “Жаст” группийн захирал Ш.Батхүү ч хэвлэлийн хурал дээр “Стандарт банкнаас зээл авахын тулд “Эрдэнэт” үйлдвэрийн баталгааг хуурамчаар үйлдсэн нь үнэн л дээ” хэмээн ичиж улаах ч үгүй яриад сууж байх юм. Гэхдээ энэ бүхий л хэргийг Ш.Батхүү хар толгойгоороо хариуцах юм байх. Тэрээр ганцаараа хэргийг үүрээд гарчихна гэж тооцож байгаа бололтой. Ш.Батхүүгийн хувьд Эрдэнэтийн Ч.Ганзориг гэдэг хөрөнгө мөнгөний будлианд хутгалдсан нөхөртэй зууралдаж, ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа хэтэрхий олон дайсантай, бас хэтэрхий олон факттай болсон Д.Сугартай хам хэрэгтэн болохоос айж байгаа. Түүний оронд АН-ынхантай эвтэйхэн тохирч, Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний бөөрөнд наалдаж авсан нь өлзийтэй гэдгийг аль эрт тооцсон нь мэдээж. Гэвч бултаж болохгүй нэг л асуудал бий. “Стандарт” банкнынхан Английн Хатан хааны шүүхэд хандаж дэлхийн номер нэг хуулийн фирмийг хөлслөн манай “Эрдэнэт” үйлдвэрийн зээлсэн 160 сая.ам доллараа буцаан авахаар заргалдаж эхлээд байна. Энэ зарга Монголын талд ямар ч ашиггүйгээр тусна. Хэрвээ Засгийн газар том хуульч хөлсөлж ажиллахгүй бол манайх 160 сая. ам.долларыг хүүгийн хүүтэй нь нийлүүлээд 300 сая ам.доллар хүртэл төлбөрийг төлнө гэж улстөрчид болгоомжилж байна.

Хуулиа зөрчсөн хууль зүйн экс сайд

Ш.Батхүү  гэгч энэ зальжин нөхөр С.Баяр, ТӨХ-ны дарга Д.Сугар, бас ГОК-ын дарга Ч.Ганзориг нарыг хэргээс мултлах гэж “Гарын үсэг хуурамч байсан” хэмээн мэдүүлж байгаа. Гэвч тэрбээр нэг зүйлийг мартсан бололтой. «Жаст»-ын. Ш.Батхүү бусдын гарын үсгийг дуурайлган Өмнөд Африкийн «Стандарт» банкнаас зээл авахдаа зээлийн батлан даагчийн гэрээ байгуулсан байдаг. Харин энэхүү гэрээнд хуулийн талаас нь туслалцаа үзүүлсэн гэх хүнээр Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргилын нэр тодорч гарч ирэв. АНУ-д сурч байгаад ирсэн Ц.Мөнх-Оргил гэгч эр 1997 онд  “Mahoney liоttiа” гэдэг нэртэй хууль зүйн фирм байгуулсан. Энэ фирм жирийн нэгэн иргэнд үйлчлээд байдаггүй. Том банк, том хөрөнгө оруулагчдийн л эрх ашгийг хамгаалж ажилладаг гэдгийг бүгд мэднэ. Асар  өндөр хөлс мөнгөтэй ажилладаг энэ фирм Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргилын нэр нүүрээр том мөнгөний ажилд ордог нь нууц биш. Гэвч экс хууль зүйн сайдын хуулийн фирм ТӨХ-ны дарга, Төрийн өмчит Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын гарын үсгийг хуурамчаар зурсан гэрээ хэлэлцээрийг баталсан болж таарч байна. Харамсалтай нь Ш.Батхүүгийн зохиосон үлгэрт итгэх хүн алга. Өнөөдөр жирийн нэг нотариат дээр очоод хүний өмнөөс гарын үсэг зураад иргэний үнэмлэх ч батлуулж чадахгүй. Тэгэхээр албан тушаалтнуудын энэ том хэрэгт хуулиа зөрчсөн хууль зүйн сайд бас л татагдан орж ирж байна.

Албан тушаалтнуудын хэлхээ холбоо ба алга болсон 50 сая ам.доллар

Санжийн Баяр гэгч энэ эр үргэлж л 50 сая ам.долларын асуудалд нэр холбогдож байх юм. Мань эрийг ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байх үед “Их өрийг тэглэлээ” гэсэн мэдээг Монгол даяар баяр  ёслолын байдалтай цацсан. Гэвч их өр тэглэх энэ нэрийн ард бас л албан тушаалтнуудын гэмт хэргийн асар том сүлжээ бий гэсэн мэдээлэл цацагдаж байлаа. Энэ үед Ц.Мөнх-Оргил Хууль зүйн дэд сайдаар бас ажиллаж байжээ. Тэгвэл энэ удаа С.Баярыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан зээлж авсан 160 сая ам доллароос дахиад л 50 сая нь ор сураггүй алга болчихлоо. Харин энэ 50 сая доллар алга болох гэрээг Ц.Мөнх-Оргилын хувийн компани хянаж байсан хэрэг. Тэгэхээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж, зээл авсан энэ хэрэгт холбоотой албан тушаалтнуудаас л алга болсон 50 сая ам.долларыг хайх хэрэгтэй болж байна.

“Энэ хэрэг анхнаасаа ганц Ш.Батхүү гэдэг хүнтэй холбоотой биш нь харагдаж байна. Үүний цаана маш том гэмт бүлэглэл нуугдаж байгааг үгүйсгэхгүй” хэмээн Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хэлснийг мартаж болохгүй.

www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих