Хууль үйлчилдэггүй “Доргио”, “Face” зэрэг газруудын цахилгааныг хязгаарлана
Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Батжаргал, нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Цагдаагийн газарт 695 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 32,8 хувиар нэмэгджээ.
Нийслэлийн Замын цагдаагийн газарт бүртгэгдсэн зам тээврийн осол, гэмт хэргийн гаралтын тоо буурсан ч зам тээврийн ослоор амь насаа алдсан иргэдийн тоо 38,4 хувиар нэмэгдсэн байна.
Нийслэлийн Засаг дарга “Гэмт хэргийн гаралт өссөн шалтгааныг тогтоосон, эсэх, шөнийн цэнгээний газруудад баасан, бямба, ням гарагт 03:00 цаг хүртэл ажиллах эрх олгосон нь гэмт хэргийн гаралтад нөлөөлсөн эсэх” талаар холбогдох албан тушаалтнуудаас тодрууллаа.
НЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал “Гэмт хэргийн гаралт өссөн нь цагдаагийн байгууллагын гэмт хэргийн илрүүлэлт сайжирсантай холбоотой гэж үзэж байгаа. 7 хоногийн 3 гарагт шөнийн цэнгээний газруудын ажиллах цагийн хуваарийг сунгасан нь гэмт хэргийн гаралтад нөлөөлөөгүй” гэлээ.
Харин Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа “Долдугаар сарын 25, 26-нд шөнийн цэнгээний газруудад гэнэтийн шалгалт хийсэн. Шалгалтаар 00-03 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахдаа архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх журмыг зөрчсөн шөнийн цэнгээний газрыг хаах хүртэл арга хэмжээ авсан ч “Доргио”, “Faсе” зэрэг газрууд хуулийг үл тоон ажилласан. Энэ талаар хууль хяналтын байгууллагад хандаад байна” гэсэн юм.
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гэмт хэргийн гаралт нэмэгдсэнтэй холбогдуулан шөнийн цэнгээний газрууд хууль дүрмээ баримтлан ажиллах, удаа дараа хууль зөрчвөл дулаан, цахилгааны хэрэглээг нь хязгаарлах”-ыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо.
URL: