Олигархиудын загалмайлсан эцгээр анхны Ерөнхийлөгчийг тодрууллаа
Хүн ард минь сэрээрэй, Хөх монгол минь босоорой гэж сүлд дуугаа дуулсаар Ард түмний их хуралдайн хаалтын ажиллагааны нээлтийг хийлээ, өнгөрсөн бямба гаригт. “Шударга ёс үндэсний хөдөлгөөн”-ийхөн Улаанбаатар паласт болсон энэ хурлаараа ард түмний их хуралдайн эхний өдрөөс хойш үргэлжилсэн долоо хоногийн үйл ажиллагааг дүгнэн хэлэлцэж, цаашид хэрхэх тухайгаа ярилцав.
Тэд их хуралдайн гурав тоот тогтоолыг гарган, зарим албан байгууллагуудад шаардлага хүргүүлээд байсан. Энэ шаардлагуудад ирсэн хариуг эхний удаад хэлэлцэв. Засгийн газрыг огцруул гэсэн шаардлагын хариуг л гэхэд заасан хугацаанд өгөөгүй гэж тэд үзэж байна. Хэдийгээр УИХ-ыг төлөөлөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Д.3оригт, Х.Бадамсүрэн нар их хуралдайнхантай биечлэн уулзсан ч уулзалт амжилтгүй болж өнгөрснийг мэдэгдсэнээр хуралдай эхэллээ. Мөн МҮОНРТ-ийг хуулийн дагуу, ард түмний үйл ажиллагааг дэлгэрэнгүй сурвалжилж олон нийтэд цац гэсэн шаардлага ч бүтэмжгүй болсныг хэлсэн нь оролцогчдын уурыг хүргэв бололтой. Оролцогчид ээлж дараалан суудлаасаа өндөлзөж Засгийн газрыг огцруул, МҮОНРТ-ийг ард түмний мэдэлд авъя, тэмцлийн хэлбэрээ хурцатгах хэрэгтэй хэмээн хэлцгээсэн нь араасаа уухайн түрлэг дагуулав. Ер нь энэ өдөр хуралдайд оролцогсод нэлээд түрэмгий байж ажиглагдсан. Их хуралдайн төлөөлөнид болох Г.Уянга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, Н.Удвал нарыг үгээ хэлж илтгэл тавьж амжаагүй байхад үг хэлэхийг хүссэн иргэд чанга яригч дээр дараалал үүсгэсэн байв. Тэгээд үг хэлсэн хүн бүхэн шахам тэмцлийн хурц хэлбэрт шилжих хэрэгтэй байна гэдэг үгийг амнаасаа унагаж байлаа.
Удирдлагуудынх нь ярианаас ажиглахад цагдаа хүчний байгууллагынхан сүүлийн үед өдсөн хатгалга хийх нь нэмэгдсэн байна. Тухайлбал цагдаагийнхан ямар ч номергүй машинаар тус хөдөлгөөний гишүүнийг шөнийн цагаар дагаж хулгайлахыг оролдсон, Г.Уянгыг гэгээн цагаан өдрөөр хулгайлан цагдаагийн байгууллагад авчирсан, мөн гэр ачиж явсан автомашины жолоочийн биеийн байцаалтыг хурааж аваад одоо болтол өгөөгүй байгаа гэх мэт асуудал яригдлаа. Түүнээс гадна тэмцэл хийж буй Сүхбаатарын талбайд цагдаа мөн биш нь мэдэгдэхгүй, цагдаа хувцас өмссөн ч биеийн байцаалтгүй хүн ихээр явах болсон гэнэ. Мөн МАХН-ын байр руу зэвсэгтэй цагдаа нар дайрсан. Энэ асуудлыг нь МАХН-ын нэг ажилтан бичиж авчээ. Гэтэл түүнийг гэртээ харих замд нь энгийн хувцастай хүмүүс таарч бичлэгээ зарчих, эсвэл “Ганц худаг” гэдэг ганган газар чамайг хүлээж байгаа шүү гэх мэт дарамтыг үзүүлэх болжээ.
Ийм төрлийн дарамт их хуралдайд оролцож буй залууст ч ирэх болсон байна. Либерал залуучуудын холбооны төлөөлөгч хэлэхдээ “Биднийг жагсаж тэмцсэний минь төлөө хүн бүхэн ялгаварлан гадуурхах боллоо. Жагсаж тэмцэж буй залуучуудын эсрэг хөдөлгөөн хүртэл байгуулан ажиллаж байна. Энэ бол төрийн эрх мэдэлтнүүдийн хийж буй явуулга. Түүнээс Үндсэн хуулиндаа хүний эвлэлдэн нэгдэх, эрх, эрх чөлөөний тухай тов тодорхой заагаад өгчихсөн байгаа шүү дээ” гэж байв. Тиймд энэ бүхнийг юу гэж ойлгох вэ гэдэг асуудлын хүрээнд их хуралдайнхан хэсэг ярилцлаа. Хуралдайд оролцогчид ч үүнийг хууль, хүчний байгууллагаас үзүүлж буй өдөөн хатгалга хэмээн шууд ойлгов бололтой. Үг хэлсэн дэмжигч гишүүдийн зарим нэг нь долдугаар сарын 1-ний хэргийг давтуулж бидний үйл ажиллагааг нураах төлөвлөгөө байх гэж байхад нөгөө нэг нь эрх мэдэлтнүүд бидний цусыг хүсээд байна. Хэрэв бидний цусыг хүсч байх аваас бид түүнийг нь үзүүлэх хэрэгтэй. Тэмцлийн хэлбэрээ хурцатгая. Авто болон төмөр замыг хааж, суулт хийе. УИХ-ыг албан бус гэж үзэж, шинээр зохион байгуулалтад оруулъя. Эс бөгөөс бидний энэ тэмцэл үр дүнд хүрэхгүй нь. Гэх мэт асуудлыг дэлгэлээ. Цаашид үг хэлсэн хүн бүхэн нэлээд шийдэмгий ярьж байлаа. “МҮОНРТ-ийг иргэдийн хүчээр дайран эрх мэдэлдээ авах хэрэгтэй. Удирдлагуудыг нь огцруулах асуудлыг өнөөдрөөс ярьж эхэлье. Тэмцлээ хурцатгаж, энэ нийгэмд цочроо өгье. Төрийн удирдлагууд хөдөөнөөс шилжиж ирсэн хүмүүсийг нутаг руугаа буц гэдэг. Үгүй, бид буцахгүй. Малаа Хаан банкны барьцаанаас, малынхаа бэлчээрийг алт ухагчдын гараас салгаж авсныхаа эцэст л харих болно. Мөн цаг минут, хором бүрт компьютерийн нэг товчлуур дарах бүрт Монголын тал нутаг өм цөм алга болж байна. Тэгэхээр энэ бүхнийг бид зогсоосны эцэст тайвширч гэртээ харих болно. Хэрвээ бид зорилгодоо хүрч чадахгүйд хүрвэл тэр нь бидний үхлээр шийдэгдсэн асуудал болсон байж таарна” гэцгээж байв.
Мөн зарим шударга УИХ-ын гишүүдэд ч хандсан уриалга гаргажээ. Тухайлбал шударга гишүүний тоонд УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Энхбат, С.Оюун гэх мэт арав гаруй хүний нэр багтсан байна. Тэдэнд хандахдаа өнөөдрийг хүртэл шударга байж чадсан та бүхэн ард түмэнтэйгээ нэгдээч ээ гэсэн уриалгыг гаргажээ.
Харин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг 15 толгой олигархийн загалмайлсан эцэг хэмээн зарлав. Мөн хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийгч гэсэн олигархиудын тоонд оруулах хэрэгтэй гэдгийг хуралдайд оролцогч иргэд шаардаж байлаа.
Бүтэн өдрийн турш хуралдсан Ард түмний их хуралдай оройн 17 цагт дууслаа. Хуралдайгаас дараахь шийдвэрийг гаргасан юм. Үүнд номер дөрөв тоот тогтоолыг гаргав. Уг тогтоолд ийн дурджээ. Ард иргэдийн онцгой эрхт шүүхийг байгуулъя. Үндэсний телевизийг энэ шүүхээрээ оруулан хариуцлага тооцно. Мөн олигархиудыг шүүн хэлэлцэхийг хуулийн байгууллагуудаас шаардана гэсэн тогтоолыг гаргав. Тэгээд Их хуралдайн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож ард түмэнтэй цаашид хэрхэх тухайгаа хэлэлцсэний эцэст дахин хэвийн ажиллахаар боллоо.
Гэхдээ тэмцэгчид өнөөдөр Төрийн ордны дөрвөн талын замыг хааж суулт хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна. “Гал үндэстэн” холбооныхон ч Сүхбаатарын талбайд морьдоо эргүүлэн оруулж ирэхээр тохирсон гэнэ.
Л.ТӨР
URL: