Бар, цэнгээний газрууд удаа дараа хууль зөрчвөл дулаан, цахилгааныг тасална

Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал, нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нар мэдээлэл өглөө. Нийслэлийн Цагдаагийн газарт өнгөрсөн 14 хоногт 695 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 32,8%-иар нэмэгдсэн байна. Нийслэлийн Замын цагдаагийн газарт бүртгэгдсэн зам тээврийн осол, гэмт хэргийн гаралтын тоо буурсан ч зам тээврийн ослоор амь насаа алдсан иргэдийн тоо 38,4%-иар нэмэгджээ. Нийслэлийн Засаг дарга “Гэмт хэргийн гаралт тодорхой хувиар өссөн шалтгааныг тогтоосон, эсэх, баасан, бямба, ням гарагт шөнийн цэнгээний газруудыг 03 цаг хүртэл ажиллах эрх олгосон нь гэмт хэргийн гаралтад нөлөөлсөн эсэх, ер нь шөнийн цэнгээний газрууд хуулийн дагуу ажиллахад ямар хяналт тавьж байгаа” талаар тодрууллаа.
НЦГ-ын дарга, Цагдаагийн хурандаа Д.Батжаргал “Гэмт хэргийн гаралт өссөн нь цагдаагийн байгууллагын гэмт хэргийн илрүүлэлт сайжирсантай холбоотой гэж үзэж байгаа. 7 хоногийн 3 гарагт шөнийн цэнгээний газруудын ажиллах цагийн хуваарийг сунгасан нь гэмт хэргийн гаралтад нөлөөлөөгүй” гэлээ. Харин Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа “07 сарын 25,26-ны өдөр шөнийн цэнгээний газруудад гэнэтийн шалгалт хийсэн. Шалгалтаар 00-03 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахдаа архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх журмыг зөрчсөн шөнийн цэнгээний газрыг хаах хүртэл арга хэмжээ авсан ч “Доргио”, “Faсе” барууд хуулийг үл тоон ажилласан тохиолдол гарсан. Энэ талаар Хууль хяналтын байгууллагад хандаад байна” гэсэн юм.
Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, явган хүний болон автомашины замын халтиргаа гулгааг арилгахад онцгой анхаарч, хүн хүч, техник хэрэгслээ сайтар бэлдэх шаардлагатай. Гэмт хэргийн гаралт нэмэгдсэнтэй холбогдуулан шөнийн цэнгээний газрууд хууль дүрмээ баримтлан ажиллах, гэмт хэргийн гаралтын шалтгаан нөхцлийг баримтжуулан тодорхойлох багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо. Мөн нийслэлийн ИТХ-ын тогтоолоор нийслэлийн иргэдэд өмчлүүлэхээр болсон 52 байршилд иргэд дур мэдэн хашаа хатгасан, байрласан байгаа учир тэдгээр хүмүүсийг албадан нүүлгэхийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.

URL:

Сэтгэгдэл бичих