ХХI ЗУУНД МОНГОЛ ХЭЛ ХЭРЭГГҮЙ…

Дэлхийн боловсрол Монгол ухаарлаар дутаж,

Монгол ухаан ёс зүйгээр хагсжээ…

 

Монгол хэлээ сурах гэж, зөв бичиж дадах гэж би мөн ч их зүдрэх юм. Бичсэндээ бүрэн итгэж чадахгүй болохоор ном, сонин, интернэтээс нөгөө үгээ харж тулгаад бичих тохиол гардаг. Гэтэл нөгөө ном, сонин, нэт нь алдаатай бичдэг учир хуулсан бүхэн минь алдаа болдог. Ийм зовлон ганцхан надад тохиолддог биш байх. За энэ ч яах вэ, дараа болъё. Харин яагаад эх хэл минь хэрэггүй болж байгааг одоо хэлье.

Ерөөсөө л Монгол хэлээ тас мартъя. Хүүхдээ шууд англиар хэлд оруулаад дэлхийн боловсролтой иргэн болгоно. Ийм үзэлтэй эцэг эхийн тоо хязгааргүй болсон. Зөвхөн үзэл бодол ч биш хэрэгжүүлж байгаа нь хязгааргүй. Цаашид ч бүр ихээр нэмэгдэнэ. “Тэнд хүүхдээ монгол хэлээр өсгөдөг гэнэ” гэсэн сонирхолтой маягийн яриаг сонсоход тийм ч олон жил үлдээгүй байж болох юм. Тэнд гэдэг нь хөдөө буйдын хоцрогдсон амьдралын тухай яриа юм.

Монгол хэлний доголдол, эрлийзжилтийн тухай үеийн үед яригдсаар иржээ. Бараг л бичиг үсэгт булт олноороо тайлагдаж эхлэхтэй зэрэгцэн “зөв бичих, зөв ярих” тухай эрдэмтэд онолдсоор ирсэн хэрэг. Сүүлийн үед Монгол ёс заншил, хэл соёл, монголоороо байх гэх мэтээр ярьдаг, цэцэрхдэг, сурталддаг хүн хаа сайгүй болсон. Тэд монголоороо байх тухай ярих мөртлөө чухам монголоороо байхын тулд юу хийх ёстой, яах учиртайг хэлсэн нь үгүй. Зүгээр л цээжээрээ Монгол гэж хашгираад л байгаа… энэ хашгираан цаашид ч үргэлжлэх нь мэдээж.

Хэлийг хэрэглээгээр нь хамгаална. Хамгаалах гэж байгаа бол шүү дээ. Түүнээс биш хамгаалъя гэсэн үг, эрдэмтний том том номоор хамгаалахгүй. Ном бол ерөнхийдөө гарын авлагын үүрэг гүйцэтгэхээс хамгаалах үүрэг гүйцэтгэхгүй.

Хэлээ хамгаалахын тулд яах ёстой вэ гэж хүмүүс асуудаг. Хариулт нь энгийн:

-Дуу, кино, жүжиг, хошин шог, бөхийн тайлбар, реклам, телевиз, сонин зэрэг багтана. Хэвлэгдэж байгаа бүх номыг зөвхөн зөв бичих дүрэм, найруулга зүйгээр нь хянаж болно. Та юу ч бичиж болно гэхдээ зөв найруулгатай, алдаагүй бичих журам баримтлах юм. Мөн ийм журам хэвлэлд, урлагт үйлчилдэг байна. Ер нь бол чадвар муутай сэтгүүлч л “гүтгэлэг” бичдэг. Чадвартай сэтгүүлч бол арай өөр өнцгөөс, арай өөр хэлбэрээр бичдэг дээ. Урлаг мөн ялгаагүй. Яагаад урлаг…? гэсэн асуулт гарч болно. Залуус урлаг л сонирхдог болохоос эрдэмтний лекц сонирхохгүй. Тиймээс сонирхлоор нь дамжуулж л хэлэх, сургах зүйлээ хүргэнэ гэсэн үг.

Сонинд мөн тийм үүрэг өгөх хэрэгтэй, бичвэрийн болон, утга санааны ноцтой алдаа 3 удаа гаргасан бол, тийм торгуул, 10 удаа гаргасан бол, 100 удаа бол эрхий нь цуцлана гэдэг ч юмуу, эсвэл “ноцтой” алдаа бүхэнд торгууль төлдөг байж ч болох юм. Би лав алдааныхаа төлөө торгууль төлөхөд татгалзахгүй. Учир нь үндэстнийхээ өмнө хариуцлага хүлээж байгаа хэрэг. Зохиолчдын хороо шиг газар зөв бичгийг хянадаг газартай байж болно. Тэр газарт очих эсэх нь тухайн байгууллага хувь хүний асуудал. Хэрэв хянуулаад алдаа гарсан бол хянасан газар хариуцлагаа хүлээдэг байя. Хяналт нь зөвхөн зөв бичих, найруулага хоёрыг л хянадаг байна. Утга санааны хувьд тухайн хүн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлнэ.

Энэ журамд өнөө маргаашгүй шилжихгүй бол 21-р зуунд Монгол хэл хэрэггүй болно. Хэл үгүй бол ёс заншил, өв соёлын тухай ярих боломжгүй.  Ёс заншил, өв соёлгүй бол үндэстэн биш болно.

Яг одоо явж байгаа замаар бол бид хэлээ яагаад ч хамгаалж чадахгүй “Монголоороо” гэдэг үг ярьдаг хэсэг бүлэг хүмүүс болж хувирна. Үндэстэн биш болчихоор хэлний хэрэг юу байгаа юм. Нийтээрээ англи болох учир эртхэн бүх зүйлээ англи болгох хэрэгтэй. Нэгэнт хамгаалж чадахгүй болсон болохоор бүх зүйлээ англи болгоод явахаас өөр замгүй. Хүн аль нэг замыг сонгож байж л урагш явна. Аль ч замаа сонгоогүй байж бид дэлхийн зиндааны хөгжил ярьж болохгүй.

Тал бичээч


URL:

Нэр: Bi Огноо: 22 April 2015

bi sanal neg l bn

Сэтгэгдэл бичих