Боловсролын салбарыг боловсруулаач, сайд аа
Монголын боловсрол системийн хувьд кембриж, америк, япон, хятад, орос, 11, 12 жил гэх олон бодлогын дунд төөрчихөжээ. 1980-аад онд Монголын боловсролын салбарыг удирдагчид “Орос школь бол бидний даган мөрдөх ёстой зүйл.
Тиймээс хичээлийн бүх программ Оросын хуулбар байх ёстой” хэмээн сургаж, хүмүүжүүлж ирсэн. Харин 1990-2000 оны хооронд “Монгол хүн монгол л байх ёстой. Уйгаржин бичгээрээ өөд уруугүй уншиж, бичиж сурах ёстой. Орос хэлний хичээлийн цагийг багасгаж, монгол бичиг ор” хэмээн зарлигдсан.
Үүний ачаар өдгөө крилл ч үгүй, уйгаржин ч үгүй хүн олон бий. 2000 оноос хойш “Япон, хятад сургалтын систем бидэнд яг тохирно. Дэлхий ертөнц даяаршиж буй үед бид Азийн орнуудаар зайлшгүй явна. Тиймээс мэдлэг, боловсролын хажуугаар зан заншлаас нь суралц” хэмээн энэ үеийн хүүхдүүдийн сэтгэхүйг өөр тийш залсан.
Гэтэл өдгөө бас л будилсаар. Учир нь 2008 онд “боловсролын салбарыг олон улсын түвшинтэй хөл нийлүүлнэ” гэж цээжээ дэлдсэн хэдэн нөхөд 2008 онд ЕБС-ийн 10 жилийг эхлээд 11 жил, удалгүй 12 жил болгож эхийнхээ халуун өврөөс ч гараагүй зургаан настангуудыг эрдэмд сургах шийдвэр гарсан нь бас л нүдээ олоогүй мэт.
Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг Монгол Улсын боловсролыг 2015 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу бага анги тав, дунд дөрөв, ахлах гурван жил байхаар хуульчилсан билээ.
Ер нь 2008 онд бага сургуулийг зургаан жил болгон уртасгаж, дунд сургуулийг гурван жил болгон богиносгох болсны улмаас ЕБС-иуд дээр ихээхэн бужигнаан, үл ойлголцол үүсээд байсан юм.
Угтаа бол энэ асуудал нь дэлхийн жишигт хөл нийлүүлэх сайхан боломж мэт харагдавч улаан нүүрэндээ өдгөө боловсролын салбарт гажуудал үүсгэж буй нь халагламаар.
Ерөнхий боловсролын сургалт 12 жил болж, зарим нь анги дэвшиж, зарим нь хэдэн анги алгасаад учраа ч олж амжаагүй байтал дайран дээр давс гэгчээр Кембриж гэх систем нэвтрүүлж байгаад олон хүний толгой нь эргэж ундуйцаж буй.
2008 оны шилжилтийн улмаас бага сургуулийн тавдугаар анги төгссөн хүүхдүүдийг шууд үсэргэн долдугаар ангид оруулж эхэлсэн юм. Үүний үр дүнд өнөөдөр Монгол Улсад зургадугаар анги гэсэн анги байхгүй мөртлөө, аравдугаар анги нь шилжилтийн болоод ердийн гэсэн хоёр зэрэгцээ ангитай болчихсон нь эдгээр ангийн хөтөлбөр төлөвлөгөөний талаар эцэг эх, сурагчид байтугай багш нар нь өөрсдөө ойлгохгүй байдалд ороход хүргэсэн.
Мөн орон даяар хэрэгжиж буй гэх ЕБС-ын сургуулийн хөтөлбөрт өмнө нь 10 жилийн системд байхад юу заадаг байсан тэр нь л орж байна, нэмэгдсэнгүй. Гэхдээ өмнөх системд байхад ордог байсан нийт хичээлийн цаг 420-иор нэмэгдсэн гэсэн үг.
Алгебр, Монгол хэл, Хими, Физик зэрэг суурь хичээлийнх нь цаг харьцангуй их уртассан гэсэн үг л дээ. Түүнээс биш доторх агуулга нь бол яг хэвээрээ. Гэтэл өдгөө энэ шилжилт хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч буй өнөө үед төр засгийн шийдвэрийг тоож гүйцэтгэдэггүй хөдөөний сум байх шиг ээ сайд аа.
Учир юу гэвэл, иргэдийн хэлж буйгаар хотоос хөдөө орон нутаг руу шилжин суралцахаар Төв аймгийн Угтаалцайдам сумын сургуулийг зорьсон долдугаар ангийн сурагчийг “хүлээж авах боломжгүй, манай сургуульд долдугаар анги байхгүй” гээд хээв нэг хэлээд буцаасан байх юм. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ, сайд аа.
Өнөөх орон даяар хэрэгжиж буй гэсэн хөтөлбөрийг “мэдээгүй” сум цаана чинь байгаа юм бишүү. Салбартаа тулгарч буй асуудлыг “хааяа” ч гэсэн чих тавиад сонсмоор юм. Хотын хүүхдүүд 12 жил суралцдаг, хөдөө орон нутгийн хүүхдүүд 10 жил суралцаж төгсдөг юм биш биз дээ, сайд аа.
Эсвэл гаднаа гяланцаг дотроо паланцаг гэгчээр хотын хүүхдүүд долдугаар ангид суралцаж байвал хөдөөнийхөн хамаагүй юу. Ингээд бодоход энэ салбарт маш том гажуудал үүсээд байгаа юм биш үү.
Цаашилбал, энэ гажуудлаас болж ар гэрийн шаардлагаар хөдөө орон нутаг руу шилжлээ гэхэд энэ асуудлаас болж ирээдүй болсон цэцэг шиг үрс минь сургууль завсардах нь энүүхэнд ирчихэж.
Магадгүй 12 жил ч бай, 10 жил ч бай тооны ялгаатай болохоос биш толгойд өгөх мэдлэг ялгаагүй учраас хөдөө орон нутгийн сургуулиуд ийм шийдвэр гаргаж ажиллаж байж мэдэх юм. Угтаа бол үүнийг л засахаар хуулиар шинэ бүтэц баталчихаад байхад яамнаас ямар ч алхам хийхгүй байсаар удлаа.
Уг нь ганцхан шийдвэр гаргаад, багахан зохицуулалт хийгээд шийдчих асуудал шиг ээ. Угтаа бол таваас долдугаар анги руу үсэрч буйг болиулаад ном ёсоор нь зургадугаар ангид дэвшүүлж, мөн одоогийн шилжилтийн гэж нэрлэгдээд байгаа 8,9,10-р ангийг нэг ангиар ухрааж 7,8,9-р анги болгон буцаахад ямар ч асуудалгүй шийдэгдэнэ гэж учир мэдэх нэгэн хэлсээр байгаа.
Багш нарын хувьд өнөөдөр хүүхдийн багш, хүний багш биш хичээлийн багш, судлагдахууны багш болжээ. Математикийн багш зөвхөн математикаа, монгол хэлний багш монгол хэлээ л заадаг болжээ. Хүүхдээ судалж, хүүхдээ таньж мэдэх цаг зав бараг байхгүй тул нэг хичээлээс нөгөө хичээлд ордог багш болжээ.
Тэгвэл бид шинэ бүтцийг мөрдөхдөө бие бялдрын хөгжил, эрүүл мэнд, бие даан суралцах чадвар, ухамсар сайнгүй хүүхэд залуусыг олноор нь бэлтгэдэг огтолцооныхоо гажгийг засаж залруулах нь зүйтэй болов уу.
Туршилтын 30-аад сургууль байгуулахын тулд хамаг хүч хөрөнгө, цаг заваа зарцуулахын оронд энэ их хүчийг төрийн сургуулиудын хэвийн нөхцөлийг хангахад зориулсан бол хөдөө орон нутгийнхан долдугаар анги байхгүй гээд сууж байхгүй, сургууль, эцэг эх, багш, сурагчдын нүүр царай нь арай дээр байх байсан болов уу. Боловсролын салбарыг боловсруулахгүй бол болохгүйдэг шүү, сайд аа.
Ж.Чимэг
Эх сурвалж:
URL: