Монголын ардчиллын сорилт ба сургамжийн тухай цөөн үг
УИХ-ын гишүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор /Sc.D/ Д.Лүндээжанцан
Өнөө цагт ардчилал гэдэг амны уншлагаас илүү хэрэглээтэй үг болжээ. “Ардчилал 1984″, “Ардчиллын хэв загвар” (2007 онд монгол хэлнээ хөрвүүлсэн) зэрэг бүтээлээрээ олны танил болсон Аренд Лийпхарт “Ардчилал” гэдгийн цаад утгыг “Ард түмний Засаглал буюу ард түмний төлөөлөгчдийн Засаглал” гэж тайлжээ. (Ардчиллын хэв загвар, 21 дэх талд) Энэ бол А.Лийпхартын дэлхийн ардчилсан гэх тодотголтой 36 орны төр засгийн хэлбэр ба илрэлийг шинжлэн алдарт Абрахам Линкольниос аваад У.Черчилл, А.Лоурэнс, У.Уильсон нарын хэлсэн үг хийгээд зохиол бүтээлийг судалсныхаа үрээр хийсэн тодорхойлолт нь юм.
Ардчиллын энэ тодорхойлолт цагтаа бидний яс махандаа шингээн утга учрыг нь олох гэж ихэд мэрийж байсан марксист тодорхойлолтоос юугаараа өөр гэж? ”Тэд бас л ардчилал бол ард түмний засаглал” хэмээн тунхагладаг шүү дээ. Үгийн цаана утга, утгын цаана санаа зорилт байдаг. Үгэнд ямар утга санааг яах гэж шингээгээ вэ? гэдэгт хэргийн учир байна аа.
Би бээр тэртээ 1975 онд оюутан ахуйдаа нэгэн эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлдээ “Хөрөнгөтний ардчилал нь феодализмтай харьцуулахад түүхэн дэвшил болсон хэдий явцуу, хуурамч бөгөөд баячуудын хувьд диваажингийн орон, баячууд өнгөтэй, өөдтэйг цөлмөн луйвардахад л үйлчилдэг…мөлжигдөгч ядуучуудыг хууран мэхлэхээс өөрөөр байж чадахгүй, хөрөнгөтний хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг бол худал хуурамч “хоёр нүүр” гаргах явдал… ард түмнийг согтоох, баячуудын тархи угаах (онцлов. Д.Л.) хэрэгсэл гээд “авч өгч” байсан нь тун саяхан мэт.
Тэр үед Монголд хувийн өмч, өмчлөх эрх нь хувь хүн, иргэний эрх, эрх чөлөөний гол баталгаа, утга учир нь болох юм гэж хэний санаанд орох вэ дээ. Ардчилал, нийгмийн дэвшлийн гол шалгуур нь өмчлөх эрхийн баталгаа болно гэж зүүдлээ ч үгүй байсан гэдгийг түүхийн эргэлтийн гэмээр цаг үед өөрийгөө дөвийлгөх гэж дуу нь чангардаг зарим нэгээс бусад нь зөвшөөрөх биз.
Монгол Улс “…хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” зорилтыг тунхагласан бүх ард түмний зөвшилцлийн (тодорхой зорилтоор зөвшилцлийн гэдгийг онцлов) баримт бичиг болох Үндсэн хуулиа батлан долоон удаагийн сонгуулиар ардчилсан төр засгаа байгуулж даян дэлхийд ардчилсан гэгдэх орны тоонд багтахаар хүчин зүтгэсээр буй үйл явцад түүхийн амьд гэрч, идэвхтэй оролцогчийн нэгэн байсны хувьд дүн шинжилгээ хийх, ардчиллыг жинхэнэ утгаар нь түгээн бэхжүүлэх, үнэт зүйлсийг нь хэвшүүлэхэд хувь нэмэр оруулах нь миний үүрэг хэмээн үзэж хувийн санаа бодлоо илэрхийлж байна. (Freedom House-ийн дүгнэлтээр 1990-ээд оны дунд үеэс л чөлөөт ардчилсан улсын тоонд орж эхэлсэн)
2. Ардчиллын загвар хийгээд Монголын ардчиллын тухайд
Ардчиллын онолчид (Аренд Лийпхарт, Роберт И.Гүүдэн, Роберт Ч.Диксон, Ханс, Хатенхаур болон бусад) зарчмын хувьд ардчиллыг олон арга замаар хэрэгжүүлж болох бөгөөд амьдрал дээр орчин үеийн ардчилал нь хууль тогтоох байгууллага, шүүх зэрэг албан ёсны төрийн институцийн төрөл бүрийн хэлбэр хийгээд улс төрийн нам, нийгэмлэг сонирхлын бүлгийн тогтолцоо гэхчилэн олон янзаар илэрч болохыг тэмдэглэсэн байдаг байна. (Аренд Лийпхарт. Ардчиллын хэв загвар.21 дэх талд).
Ардчиллыг “ард түмний төлөө, ард түмний Засаглал” гэж томъёолдгийг иш үндэс болговол “хэн засаглах вэ” гэсэн асуултад олонхи засаглах ёстой (олонхийн ардчиллын хэлбэр гэдэг аж), эсхүл “Аль болох олон хүн Засаглах ёстой” (Зөвшилцлийн ардчиллын загвар) гэсэн хоёр хариулт байдаг ажээ. Хариултын аль алинд нь “ард түмний төлөө, ард түмний Засаглал” гэсэн ардчиллын эрхэм дээд зорилго, цөөнхийн Засаглалаас олонхийн Засаглал дээр” гэсэн утга санаа агуулагдаж байдгаараа төстэй юм.
Гэвч олонхийн хэлбэр буюу нэг дэх хариултад “шийдвэр гаргагчид” буюу парламентад олонхи болох төдий наад захын шаардлагыг л хүлээн зөвшөөрсөн санааг агуулдаг. Чингэснээр олонхийн ардчилалд улс төрийн эрх мэдлийг ялимгүй олонхийн гарт, заримдаа бүр олонхид биш ердөө харьцангуй (онцлов Д.Л.) олонхи төдийд төвлөрүүлэх аюул нүүрлэж байдаг ажээ. Тэгвэл зөвшилцлийн загварт эрх мэдлийг хуваарилах, задлах, хязгаарлах цөөнхийн үйл ажиллагааны баталгаа, хамгаалалтыг бүрдүүлэхийг чухалчилдаг байна.
А.Лийпхартын онцолсоноор бол “бас нэгэн чухал ялгаа бол ардчиллын олонхийн загвар онцгойрох, өрсөлдөх, тэмцэлдэх шинжтэй байдаг бол зөвшилцлийн загвар оролцуулах, тохиролцох, харилцан буулт хийх шинжтэй… энэ утгаараа зөвшилцлийн ардчиллыг “хэлэлцээрийн ардчилал” ч гэж томъёолдог байна. (A.L. 22 дахь талд)
Зөвшилцлийн ардчилал нь сонгуулийн пропорциональ тогтолцоо, олон намын систем, корпорацитай сонирхлын бүлгийн систем, үндэсний эвслийн засаг, гүйцэтгэх ба хууль тогтоох эрх мэдлийн тэнцвэр зэрэг шинжтэй бол олонхийн ардчилал нь можаритар (диспропорци) сонгуулийн систем, хоёр намын систем (АНУ, Англи г.м), плюралист сонирхлын бүлгүүд, нэг намын олонхийн Засгийн газар, гүйцэтгэх эрх мэдлийн давамгайлал зэрэг шинжийг агуулдаг байна. (Мөн тэнд үз.)
Монголд ардчиллын ямар хэв загвар төлөвшиж байна вэ? Ямар загвар илүү тохиромжтой вэ? Энэ талаар нийгмийн ухамсрын төвшинд ямар ойлголт, мэдрэмж байна эдгээрт хариулт өгөх нь онолын хувьд төдийгүй ардчиллыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, төрийн удирдлагын ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн тогтвортой байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах төрийн бодлого тодорхойлоход практикийн үлэмж ач холбогдолтой.
Монгол үндэсний ухамсар сэтгэлгээний онцгой нэгэн чанар, үнэт зүйл бол “эв эеээ хичээх” сэтгэлгээ юм. Ойрхны жишээ, нотолгоо гэхэд л өнгөрсөн зууны 90-ээд онд дэлхий дахины хэрэг явдлын аяыг даган Монголд өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн түүхэн цаг үед эрхтэн дархтан эгэл ард, хот хөдөөгийнхөн, хөгшин залуу, халх дөрвөд, казах буриад ялгалгүй цөм цаг үеэ мэдэрч эв эетэй байж шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан төр засгаа байгуулж чадсан юм. Бидний монголчууд шинэ Үндсэн хуулиа бүх ард түмний зөвшилцлийн баримт бичиг хэмээн тунхаглаж Самуэль Хантингтон нар Монгол Улсын ардчилалд шилжсэн онцлогийг “Transplacement” гэж томъёолж эрх баригч болон ардчиллын төлөө хүчний хамтын үйлдлийн (зөвшилцлийн Д.Л.) үр дүн хэмээсэн байдаг.
Нийгмийн эрс шинэчлэл хийхийн зайлшгүйг ухаарч мэдэрсэн нь зөвхөн сэхээтний цөөн хэсгийн төдийгүй Монголын бүх ард түмний ухаарал мэдрэмж болж байв. Ийм ухамсар мэдрэмж тоталитар дэглэмийн улс төрийн тогтолцооны цөм, ”нийгмийн удирдан чиглүүлэгч” гол хүч болж байсан МАХН гишүүд, дэмжигчид төдийгүй удирдлагын нь олонхийн санаа зоригт нийцэж байсныг онцлон тэмдэглэж байна.
Монголын ардчилал тайван, бүх нийтийн зөвшилцлийн замаар эрчимтэй түргэн өрнөсний учир шалтгаан үүнд оршино. Монголын ардчилал бүр анхнаасаа л зөвшилцлийн ардчиллын үр хөврөл нь болж байв.
Үндсэн хууль батлагдахын өмнөхөн 1990-1992 онд сөрөг хүчин ба эрх баригчдын зөвшилцлөөр “Нэмэлтийн хэмээн нэрлэгдсэн” “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль”-ийн үзэл баримтлалын дагуу АИХ-ыг бүх нийтийн чөлөөт сонгуулиар шинэчлэх, намуудын нэрийн жагсаалтаар нийт сонгогчийн санал хураах, түүний дүнд намуудад мандатыг хувь тэнцүүлэн хуваарилж байнгын ажиллагаатай Парламент-УБХ-ыг сонгон байгуулаад хууль тогтоох бүрэн эрхийг түүнд шилжүүлэх, Ерөнхийлөгч буюу төрийн тэргүүний алба бий болгох, Сайд нарын Зөвлөлийг кабинетийн зарчмаар ажилладаг Засгийн газар болгох зэрэг төрийн хууль тогтоох, гүйцэтгэх дээд байгууллагын шинэ тогтолцоог бүрдүүлж парламентат ёс нэвтрүүлэх анхны алхам хийгдсэн юм.
Нэг ёсондоо парламент нь хоёр өөр системээр сонгож байгуулагдсан хоёр танхимтай байсан ба хоёуланд нь МАХН олонхи байсан боловч Засгийн газарт сөрөг намуудын төлөөллийг багтааж, парламентын хоёр танхимын болон байнгын хороодын удирдлагын зарим суудлыг тэдэнд өгч байсан нь Монголын ардчилал анхнаасаа л зөвшилцлийн загварт маш дөхүү очиж байжээ. (Аренд Лийпхарт. 10 дахь талд)
1992-1996 оны УИХ-д ч зөвшилцлийн ардчиллын механизм бүрдэж байсныг үгүйсгэх аргагүй. Дийлэнх олонхи болж Засгийн газар байгуулсан МАХН-д хэдийвээр “хуучинсаг үзэлтнүүдийн” нөлөө хүчтэй байсан ч сөрөг хүчнээ сонсож, хүндэтгэлтэй хандаж байв. Гэвч тухайн үед олонхи, цөөнхи бүгд л ардчилалд суралцаж алдаж онож байлаа. Заримдаа сөрөг хүчнээ сонсолгүй, бас хэт олонхид эр бяр нь амтагдан алдаа оноотой шийдвэр гарч горыг нь нийтээрээ амсч байсныг ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ л сөрөг хүчнээ сонсох, хүндэтгэлтэй хандах нь давамгайлж байсан шүү.
Тиймээс улс орны хөгжил дэвшлийн чухал бодлого, шийдвэрт сөрөг хүчний дуу хоолойг шингээхийг зорьж байв. Хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагад сөрөг хүчний үйл ажиллагааны баталгаа, хамгаалалтын тогтолцоо механизмыг бүрдүүлэх алхмууд ч хийгдэж байлаа. Тухайн үед батлагдан мөрдөгдөж байсан “УИХ-ын тухай”, “УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай” хуулиудыг аваад үзэхэд л намын бүлэг байгуулах тухай, байнгын хороо, дэд хороо байгуулах, тэдгээрт гишүүдийг хуваарилах тухай гээд олон зүйл заалтад ийм санаа зорилгыг агуулж буйг мэдэхэд төвөггүй.
Гэхдээ А.Лийпхарт болон гадаадын нэр хүндтэй судлаачид, манай зарим эрдэмтдийн үзэж дүгнэж буйгаар Монгол Улсын Үндсэн хууль нь бүхэлдээ олонхийн загварын үзэл баримтлалд тулгуурлаж парламент (УИХ) нэг танхимтай болж, сонгуульд олонхи болсон нам дангаараа Засгийн газар бүрдүүлэх эрх зүйн орчин бүрдсэн билээ. Цаашдаа парламентад цөөнхийн үйл ажиллагааны эрх зүйн хамгаалалтын баталгаа суларсаар улмаар 2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар олонхийн ардчиллын загвар тогтсон гэж үзэх ч хандлага байна.
А.Лийпхартын нэрлээд байгаа “олонхийн загвар” гэдэг нь сайн юм биш л дээ. Энэ бол төрийн эрх мэдлийг хуваарилаагүй Үндсэн хуулийн үзэл баримтлалын алдаанд дөрөөлөн, сонгуулийн ардчиллыг ашиглан гарч ирдэг, Лорд Хэйлсхемийн онож хэлснээр “сонгуулийн дарангуйлал юм”. (Н.Лүндэндорж. Шилжилтийн үе: улс төр, эрх зүйн асуудал. УБ. 2010. 11 дэх тал)
3. Үндсэн хуулийн өөрчлөлт ба ардчилал
Үндсэн хууль нь Б.Чимэд багшийн томъёолсноор “агуулга гүнзгий, батгаамж агуу их” баримт бичиг юм. Түүнд (Үндсэн хуулинд Д.Л.) Монголын нийгэм төрийн байгууллын оршин тогтнож буй үндэс, нийгэм хүн, иргэний эзлэх байр, засаг төрийн байгууллын үндсэн зарчим, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын тогтолцоо, төрийн байгууламж, нутгийн удирдлага хийгээд Үндсэн хуулийн өөрийнх нь эрх зүйн хамгаалалт хүртэл багтсан юм. Товчилбол сав нь их, санаа нь шавхагдашгүй” гэжээ. (Б.Чимэд. “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс”. УБ.2006. 58 дахь тал).
Ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний үзэл санаа ашид мөнхийн адил Үндсэн хуулийн үзэл баримлал гандан бууршгүй. Б.Чимэд багш Монгол Улсын Ерөнхийлөгч асан эрхмүүдийн, “Сайн төрийн толгойд хууль, муу төрийн толгойд удирдагч” (Н.Багабанди), “Үндсэн хууль бол … Монгол төрийн үзэл баримтлалын тулгуур баримт бичиг мөн (П.Очирбат) гэж хэлцгээснийг онч үг хэмээн ишлэсэн байна.
Гэхдээ энд онол, арга зүйн нэгэн нарийн асуудал бий. Юу гэвэл Ш.Л.Монтеске, Ж.Локк нар эрх мэдлийн хуваарилалт нь харилцан хяналт, тэнцвэржүүлэлт (гол нь зөвшилцлийн механизмаар)-ийн механизмаар аливаа дарангуйллаас хамгаалан, хүний эрх, эрх чөлөөний баталгаа байх тогтолцоо болохыг томъёолж, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн харьцангуй бие даасан байдлын хамт төрийн удирдлагын цул, нэгдмэл байдлыг хадгалах, хамгаалахын чухлыг нэг биш удаа онцолсон байдаг.
Тийм болохоор эрх мэдлийн хуваарилалт нь эрх зүйн механик тэгш байдалтай адилтгах юм үгүй бөгөөд тусгаарлах, бие даахын зэрэгцээ нэгдмэл байдлыг хадгалах гэсэн эсрэг тэсрэг ч гэмээр хоёрдмол санаа, зорилгыг агуулсан тун эмзэг, нарийн асуудал бөгөөд эрх зүйн формаль ойлголт юм. Монгол Улс хуулийн засаглал тогтсон эрх зүйт төрийг бэхжүүлэхээр зорьж тэмцэж буй улс. Түүнээс гадна эдүгээ ардчилсан гэгдэж буй бараг л бүх улс оронд нийт иргэний улс төрийн сонголтоор байгуулагддаг, төлөөллийн байгууллага болох парламент нь гүйцэтгэх засгаа томилдог, сонгодог, эсхүл Засгийн газар парламентад тайлагнадаг нийтлэг жишиг жаяг байна.
Чухам төрийн удирдлагын нэгдмэл цул байдлыг хангах зорилго, үйл ажиллагааны тэргүүлэх гол (приротет) чиглэл зэргийг нухацтай бодолцон Үндсэн хуульд хууль тогтоох байгууллага болох УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага хэмээн томъёолсон нь Монгол Улсын парламентын засаглалтай болохын эрх зүйн үндэс болж байгаа юм.
Үндсэн хуулийн зарим нэг бүрхэг заалтын эргэлзээг тайлах төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, парламентын ардчиллыг сонгуулийн шударга тогтолцоо, цөөнхийн үйл ажиллагааны хамгаалалт, эрх мэдлийн салаа мөчрүүдийн бие даасан байдал, зөвшилцлийн механизм зэрэг хөшүүрэг арга хэрэгслээр хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог.
Төрийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах механизм, зөвшилцлийн механизм, олонхи, цөөнхийн харилцаа, цөөнхийн үйл ажиллагааны хамгаалалт Үндсэн хуульд болон органик хуульд хэр туссан нь л анхаарал татсан, бүрхэг асуудал яах аргагүй мөн. Гэхдээ энэ бүхнийг Үндсэн хуульдаа халдах, хөндөх аргаар бус эхлээд органик хуулиудаар шийдвэрлэхийг зорьж, нөөцийг нь шавхах хэрэгтэй байна.
Би бээр чухам ийм үзэл бодлын үүднээс “Долоон өөрчлөлтөд” ханддаг бөгөөд энэ тухайгаа тусгайлан илэрхийлсэн болно. Санаагаа дахин давтахгүйгээр илэрхийлэхэд тухайн өөрчлөлтөд төрийн эрх мэдэл хуваарилах зарчимд харшилсан зүйл буйд эргэлзэх юмгүй байна. Ялангуяа “парламент, Засгийн газар хоёрын бүрэлдэхүүнийг үнээ тугал нийлүүлсний” адил хольж хутгасан нь цөөн гишүүнтэй парламент, харьцангуй олон гишүүнтэй Засгийн газар хоёрын харилцан хяналт тавьж, сөрөн зогсож, тэнцвэржих зарчимд үнэхээр харшилжээ” гэсэнтэй санаа нэг байна. (Б.Чимэд. …. 144 дэх талд).
Ер нь парламент дахь цөөнхийн хамгаалалт, үйл ажиллагааны эрх зүйн баталгаа гэж юу вэ? Түүний зорилго нь юу байж болох вэ? Миний мэдэрч ухаарснаар энэ бол парламентын ардчиллын гол зангилаа нь яах аргагүй мөн. Энэ бол аль болох олон хүн засаглах” арга мөн.
Ард түмнээс мандатаа авсан УИХ-ын гишүүн олонхи, цөөнхөд хамаарагдахаас үл хамааран бүрэн эрхээ хэрэгжүүлэх тэгш эрх, боломжоор хангагдах, байнгын хороодод болон парламентын бусад бүрдлийн бүтэц, бүрэлдэхүүнд орж ажиллах, тэдгээрийн удирдлагад сонгогдох, ялангуяа өөрсдийн хууль ёсоор зохион байгуулагдах эрхээ саад тотгоргүй хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангагдана гэсэн үг. УИХ-ын нэгдсэн чуулган байнгын хорооны хуралд цөөнх санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хамгаалах, шийдвэрт тусгуулах, энэ зорилгоор хурал чуулганыг завсарлуулах, олонхитой зөвшилцөх механизм, арга хэлбэрийг холбогдох хуулиудад тодорхой тусгах хэрэгтэй байдаг.
Үндсэн хууль, УИХ-ын тухай болон хуралдааны дэгийн тухай хуулиудад иймэрхүү зохицуулалт бий боловч нэмэлт тодотгол хийснээр олонхи, цөөнхийн зөвшилцөөний механизм тартагтаа тултал” доройтсон нь бодит үнэн. Ялангуяа намын бүлэг зэрэг цөөнхийн институцийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт нь бүрхэг, олонхи цөөнхийн зөвшилцөөн нь сонсох, сонсгох буюу дуулгах” хэлбэрээр санал солилцох төдийхнөөр л хязгаарлагдаж байна. Цөөнхөөс олонхийн, ялангуяа Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхийн асуудлыг ч тодотгох шаардлагатай.
Төрийн эрх мэдлийн хуваарилалт, харилцан хяналтын механизм зэргээс гадна зөвшилцлийн ухамсар, зөвшилцлийн соёл нь ардчиллын хэлбэрийг тодорхойлох нэн чухал хүчин зүйл болдог. Хэрвээ соёлыг гармони буюу зохицол хэмээн ойлговол зөвшилцлийн соёл болон зөвшилцлийн ухамсар сэтгэлгээ төлжин хөгжих хөрс шороо нь бол үндэсний язгуурын эрх ашгийн үүднээс эе эвийг эрхэмлэх монгол арга ухаан бөгөөд улс төрийн хүчин (намууд), сонирхлын бүлгүүд (социал буюу нийгмийн чиглэлтэй болон бизнесийн холбоод, нийгмийн бүлэг давхаргын харилцааны уялдаа холбоо зохицол гэж ойлгож болох бөгөөд энэ нь парламентын ардчиллын социал үндэс суурь нь болдог. Энэ бол зөрчил, (сөргөлдөөнийг) харилцан ойлголцол, харилцан буулт хийх зэрэг “эв эеийн” зөвшилцлийн аргаар зохицуулах ухамсар сэтгэлгээ, арга ухаан, чадвар юм.
4. Монгол ухамсар сэтгэлгээ хийгээд ардчилал
Эрх чөлөөг эрхэмлэгч, эв эеийг хичээгч гээд Монголын үндэсний ухамсар сэтгэлгээнд зөвшилцлийн ардчилал нутагших хөрс буйг би дээр дурдсан. Гэхдээ монгол хүний ухамсар, сэтгэлгээ түүхийн сорилт нугачаанд ёстой л нухлагдсан, “төөрч будилсан” олон сүүдэртэй талыг дурдаж болох. Тухайлбал, 90-ээд оноос өмнөх монголчуудын сэтгэлгээ өмчгүй хүний сэтгэлгээ л байсан шүү дээ.
Өмчгүй хүний эрх, эрх чөлөө бол савангийн хөөс лугаа хуурамч, баталгаагүй бөгөөд өмчгүй хүний ухамсар идэвхгүй, амьдрах арга ухаанаар хомс, бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлсан байсан юм.
Ийм л хөрсөн дээр Монголд ардчиллын үзэл санаа, түгэн дэлгэрч эхэлсэн билээ. Эдүгээ ч социализмд ихэд идээшиж дассан монгол түмэн ухамсрын төөрөгдлийн хүлээснээс ангижрах гэж зүтгэж байна. Хүний ухамсар сэтгэлгээг өөрчлөх нь хуучин тогтолцоог нураах, эдийн засгийн харилцааг халж солихоос хавьгүй хүнд хүчир асуудал.
Гэхдээ нийгэмд шинийг төлөвшүүлэхэд саад бологч хуучирсан сэтгэлгээг тээгч нь зөвхөн ахмад үе гэвэл хэт туйлшрал болно. Учир нь сэтгэлгээ, ухамсрын хоцрогдол нь насных гэхээсээ төрсөн биеийн ухааны цар хүрээ, мэдрэмжээс шалтгаалдаг зүйл. Нас нь ахисан л бол, социализмын үед төрсөн, сурч боловсорсон бол хоцрогдсон гэх нь тухайн хүний бөндгөрийн нь багтаамжийг” л харуулж буй хэрэг. Би өмнөх үеийнхнээсээ арай хол хараад байгаа бол тэднийхээ мөрөн дээр зогсож буйн ач буян гэж нэгэн их сэтгэгч хэлснийг санацгааж ахмад үеэ адлахын оронд мөрөн дээр нь гарч алсыг хар гэж хэлмээр байна.
Өнгөрсөн зуунд Монголын ард түмний олж авсан тусгаар тогтнол, бүтээн байгуулалтыг үгүйсгэх Ардын хувьсгалын түүхэн ач холбогдол, түүнийг манлайлагч Д.Сүхбаатар нарын түүх намтрыг гуйвуулах нь өнгөрсөн түүхийн хар, цагааныг үнэн мөнөөр дэнслэх чадваргүй залуу үе өсч өндийхөд ч хүргэж мэдэхээр байна. Үгүйсгэл, өс хонзон хэзээ ч сайн юманд хүргэдэггүй нь түүхийн бас л нэгэн сургамж.
Эдүгээ Монгол Улсын иргэдэд санаа зоригоо нэгтгэх, нийтийн хүчээр гар, сэтгэл нийлж хамтран зүтгэх зүйл хуваагдах, сөргөлдөх, ялгарахаас хавьгүй их байна.
Энэ бол эрх чөлөөг эрхэмлэж, эв эеэ хичээх Монгол сэтгэлгээ;
Энэ бол эх орны маань тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл;
Энэ бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн Монголын ард түмний сонголт; түүний баталгаа нь болсон ардчилсан төрт ёс, Үндсэн хуульт засаг төр билээ.
Энэ бол олон улсын хамтын нийгэмлэгийн өнөр бүлд Монгол Улсын эзэлж буй байр суурь, нэр хүнд.
Энэ бүх сайн зүйлийг бүтээхэд Монголын ард түмний ахмад, дунд, залуу үеийнхэн, бүх үндэс угсаатан эрвийх дэрвийхээрээ оролцсон гавьяатай.
5. Нийгмийн шинэ давхраажилт ба ардчилал
Монголд нийгмийн цоо шинэ бүтэц, давхраажилт бүрдэж байна. Социализмын үед ажилчин анги, хоршоолсон ард, хөдөлмөрийн сэхээтэн гэсэн анги бүлэгтэй байсан бол эдүгээ нийгмийн хөдөлмөрийн хуваарь нарийсч шинэ ажил, мэргэжлийн хүмүүс, социал бүлэг, стратууд төлөвшиж байна. Амьжиргааны чанарын үзүүлэлтүүдийг төдийлэн ойшоодоггүй байсан бол эдүгээ хөрөнгө чинээ, нийгмийн материал баялгийг хуваарилахад оролцох байдал, эрх мэдэл, нэр хүнд нөлөө, мэдээллээр хангагдсан байдал зэргээс үүдэлтэйгээр баячууд, чинээлэг хэсэг, дундчууд, ядуучууд, үгээгүйчүүд гэсэн социал давхраажилт бүрэлдэн тогтов.
Нийгэмд эрх мэдэл, эд хөрөнгө, мэдээллийн эх сурвалжийг атгасан цөөнх олигархи хэсгийн голлох үүрэг гүйцэтгэх хандлага илэрч, харьцангуй бие даасан байдалтай, өөр хоорондын социал уялдаа сул ч улс төр, нийгмийн амьдралд үлэмж нөлөө үзүүлэх чадавхи боломжтой чинээлэг, дунд хэсгийнхний (хүн амын 30 шахам хувь) байр суурь бэхжиж байна. Тэдний гол цөмийг нарийн мэргэжлийн харьцангуй өндөр цалин хангамж бүхий инженер, техникийн ажилтан, ажилчид, төрөл бүрийн менежерүүд, фермерүүд бүрдүүлж байна. Нөгөө талаас ядуучууд, ажилгүйчүүдийн бүхэл бүтэн арми бий болжээ. (статистик мэдээнд итгэх юм бол тэд хүн амын 30 шахам хувь эзлэж байна).
Шинэ нөхцөл байдал төрийн нийгмийн бодлогыг үндсээр нь өөрчлөх, социал шинэ бүтэц, социал соёлын төлөвшлийн нарийн төвөгтэй асуудлын гол гогцоог нь олсон, цогцоор шийдэхийг зорьсон, судалгаа шинжилгээний нарийвчилсан, бодитой үнэн зөв үнэлэлт дүгнэлтэд тулгуурласан байхыг шаардаж байна. Нийгмийн санаа бодолд тулгуурлах, олон ургальч үзэл бодол уралдуулахын чухлыг тэмдэглэх нь зүйтэй.
Монголын нийгэмд социал бүлэг давхаргуудын гармони буюу зохицол, зэрэгцэн оршихуй, өөр хоорондын уялдаа холбоо, түүнчлэн социал орчинд янз бүрийн хэлбэрээр илэрч буй нүүдлийн болон суурин соёл иргэншлийн зөрчил, хот, хөдөөгийн амьдралын чанар байдлын ялгаа зааг, монголын хүн амын удмын сангийн аюулгүй байдлын асуудал илүүтэй анхаарал татаж буй нь тодорхой байна.
Бидний үзэж буйгаар социал шинэ соёлын төлөвшилд амьдралын хэв маягийн өөрчлөлт, (амьдралын зорилго, үнэлэмжийн баримжааны өөрчлөлт гэсэн утгаар) ялангуяа хөдөлмөрийн сэдэл, хөдөлмөрт хандах харьцааны өөрчлөлт нэн чухал ач холбогдолтой юм. Монголчуудын амьдрал ахуйн өөрчлөлтийг бодитойгоор судлан шинжлэх, үнэн зөв тайлбар өгөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
6. Намуудын төлөвшил ба ардчилал
Эдүгээ нийгэм, төрийн удирдлагын тогтолцоонд улс төрийн намуудын үүрэг үлэмж өслөө. Үүний зэрэгцээ намуудын (ардчилсан, парламентын, үндэсний хэмжээний нам болох зүгт Д.Л.) төлөвшил нь хүндрэл бэрхшээлтэй тулгарч “нэг алхаж хоёр ухарсаар” удааширч байна. Улс төрийн ууган нам болох МАН нийгмийн улс төрийн ардчилсан өрсөлдөөнд бусадтай л адил эрх тэгш өрсөлдөгч байж ялж, ялагдахын, олонхи цөөнх байхын арга ухаанд ихэд “зовж зүдэрч” суралцаж байна. Бид заримдаа байгуулсан гавьяа зүтгэлээрээ түрүү барих, бярдах, залуучуудаа үл сонсох зэрэг архаг гэмийнхээ горыг амссаар л байна.
Гэвч эрх барьж буй нам ч цөөнхөө үл хүндлэх, заримдаа өширхөж хонзогнох өнгө аяс цухалзуулах, олонхиороо хүч түрэх нь хэрээс хэтэрч байгааг юу гэх вэ? “Нялхсын өвчин үү?”, эсхүл “неоолигарх”-ийн илрэл үү? Парламентын олонхи хэзээ ямагт харьцангуй олонхи бөгөөд хэрвээ эрдэх бярдах, хүч түрэх нь хэтэрвэл олонхийн дарангуйлалд халтиран орж буйн илрэл гэж үзэхээс өөр аргагүй.
Олонхиороо жинхэнэ олонхи байх өөрөөр хэлбэл “аль болох олон хүн, иргэдийн олонхи нь засаглах”-ын төлөө сэтгэлгээ, арга барил нь жинхэнэ ардчилал мөн.
Би бээр чухамдаа улс төрийн намуудад бизнесийн хүрээнийхэн хувийн болон хэсэг бүлгийн явцуу ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор нөлөөгөө бэхжүүлэх, эрхшээлдээ оруулах, улмаар нам, улс төр, бизнесийн бүлгийн ашиг сонирхлын хэрэгсэл болох аюулын тухай ярьж байгаа юм. Улстөрчид хийгээд санхүү бизнесийнхэн ашиг сонирхлоороо эвсэн “өвөр түрүүндээ орох”-ыг л олигархижих гэдэг биз дээ.
Намд мөнгө хэрэгтэй нь ойлгомжтой. Үүнд нэг их тайлбарлаад байх шаардлага үгүй биз. Санхүү бизнесийнхэн энэ хэрэгцээг илүүтэй мэдэрч, намд нөлөөгөө бэхжүүлэхэд ашиглаж болох талтай.
УИХ-ын, Ерөнхийлөгчийн төдийгүй орон нутгийн сонгуулийн зардал эх захаа алдан тэрбум тэрбумаар хэмжигдэж хөрөнгө мөнгө бэл бэнчингийн зодоон болж буйг юу гэхэв. Үр дүн нь тийшээ хазайх хандлага газар авч байна. Эдүгээ эгэл жирийн шударга иргэн намуудад нөлөө бүхий байр суурьтай байж УИХ-ын гишүүнээр болон иргэдийн хуралд сонгогдох, төрд хүчин зүтгэх боломж улам бүр л хязгаарлагдмал болсон бөгөөд олигархиудын нөлөө намууд, төрийн удирдлагад төдийгүй нийгмийн амьдралын бүх салаа мөчирт хүрч байна. Өнөөдөр Монголд намын нөлөөнөөс ангид төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж байна уу.
Зарим улс төрчид нийтээрээ улс төржин талцахын учир шалтгааныг намын хатуу гишүүнчлэлтэй холбон тайлбарлаж байна. Намын гишүүнчлэлийн асуудал улс төрийн намуудын төлөвшилд тодорхой үүрэгтэй байдаг. Гэхдээ нам эгэл жирийн шударга гишүүдтэй байснаар олигархийн нөлөөнд автах, нийгмээрээ улстөржин талцах шалтгаан болж байна гэвэл учир шалтгааныг зөв олж тогтоох замаас холдуулж төөрөгдүүлэх уршигтайг хэлмээр байна. Ардчилсан орнуудад гишүүнчлэлтэй нам ч байна, байнгын гишүүнчлэлгүй нам ч байна. Энэ нь улс үндэстний онцлог, уламжлал зэрэг олон учир шалтгаантай холбоотой.
Намыг байнгын гишүүнчлэлгүй болгочихвол “жинхэнэ парламентын, шударга үнэний нам” болно гэх нь туйлшрал болж олигархижилт, нутгархал, найз нөхөд, ах дүүсэх явдал цэцэглэх том нүх сүв бий болно гэж үзэж байгаагаа энд онцлон хэлье.
Нийгмийн улс төрийн тогтолцоонд намын гүйцэтгэх үүрэг, байр суурь тодорхой, төрийн хэрэгт намын оролцооны утга учир, хэмжээ хязгаар, арга механизм нь хуульчлагдсан, намын санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалтыг гишүүд дэмжигчид, иргэдэд ил тод, нээлттэй болгосноор нам санхүү бизнесийн бүлгийн эрхшээлд орж олигархижихаас сэргийлэх хамгаалах тогтолцоо, механизм бүрдэнэ. Иргэний нийгмийн институцид төрийн оролцоог хязгаарлахын зэрэгцээ улс төрийн намын нөлөө, улстөржилтөөс тэднийг хамгаалах хана, хэрэм чухал байна.
Ерөөс ардчиллыг дан ганц олонхийн ардчилалтай адилтгах муйхар хандлага Монголын улс төр, эрх зүйн сэтгэлгээнд давамгайлах учиргүй бөгөөд “Зөвшилцлийн ардчиллын сэтгэлгээ монголын хөрсөнд илүүтэй нутагшин, үндэслэх учиртай, энэ нь монголын ардчиллын хувь заяанд эерэгээр нөлөөлөх болно гэж үздэгээ Та бүхэнтэй хуваалцъя хэмээн энэхүү нийтлэлийг танд хүргэж байна. Бас ардчиллын шалгуур үзүүлэлт болох эрх зүйт төр, иргэний нийгмийн төлөвшлийн асуудлаар санал бодлоо жич илэрхийлэх болно. Таны мэргэн ухаан болгоотугай.
URL: