Ашиглалтад ороогүй байр хямд байна
“Мишээл” экспо төвд орон сууцны үзэсгэлэн өнгөрсөн баасан гаригт үүдээ дэлгэж, өчигдөр өндөрлөлөө.
Энэ удаагийн үзэсгэлэн орон сууцны эрэлт хэрэгцээ их байгаа энэ үед барилгын үнэ, ханшийг тодорхойлох зорилготой. Мөн тэд барилга, барилгын материал, бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, шинэ хямдрал зарлаж, сугалаат худалдаа явуулна гэсэн.
Аль компани, ямар хямдрал урамшуулал зарлаж байгааг сонирхлоо.
Урьдчилгааныхаа 30 хувийг гурав хувааж төлөөрэй
Хуримтлалгүй залуу гэр бүл, бэлэн мөнгөгүй хүмүүст урьдчилгаанд өгөх 30 хувь хэт өндөр байгааг энэ үеэр оролцогчид онцолж байсан. Тэд эхлээд 10-20 сая төгрөгийн урьдчилгаа хийх боломжтойгоо компаниудад учирлаж байв. Ашиглалтад орсон, айлуудыг нүүгээд ирэхийг хүлээж байгаа байруудад эхлээд 30 хувийг төлнө гээд банк, компани хоёрын аль, аль нь ч хөдөлсөнгүй.
Харин ирэх жил түүний дараа жилээс айлаа хүлээж авах орон сууцууд 10 хувийн болзол тавьж байлаа. Ингэхдээ эхлээд 10 хувийг төлж, 3-5 сарын дараа 20 хувиа бүрдүүлэх юм байна. Тухайлбал, одоо сууриа цутгаж байгаа “Luxury House”-ын шинэ хотхон ирэх оны сүүлийн улиралд ашиглалтад орох юм. Энд орон сууц захиалагч урьдчилгаанд эхлээд 10 хувийг төлж дөрвөн сарын дараа 20 хувиа өгөх юм. Үлдсэн 70 хувийг найман хувийн хүүтэй зээлээр “дарах” боломжтой аж.
Ингэхдээ банкинд урьдчилгаа гэж бэлэн мөнгө өгөхгүй гэдгийг тус компанийн менежер О.Хишигжаргал хэллээ. “Luxury House”- ын ашиглалтад орсон орон сууцны ам метр нь 1.8-2 сая төгрөг. Ирэх жил орох нь 1.6 сая төгрөг байна. Бариагүй барилгын үнэ зах зээлийн байдлаас шалтгаалж өөрчлөгдөхгүй гэдгийг мэргэжилтнүүд нь хэллээ.
Хямд байрыг зээлээр зарахгүй
Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай 50 айлын орон сууцны ам метрийн үнэ 1.5 сая төгрөг байлаа. Гэвч найман хувийн хүүтэй банкны зээлээр өгөхгүй гэдгийг онцоллоо. “Цөөхөн тооны байр үлдсэн. Тэгээд ч зах зээлийн ханшаас хямд байгаа. Тиймээс бэлэн мөнгөөр зарна. Та оны дараа ашиглалтад орох байраас зээлээр авч болно. Ирэх жил ашиглалтад орох орон сууц арай хямд байгаа” гэж менежер нь тайлбарлав.
Ханын жаазаар халаалтаа шийдэх боломж
Орон сууцны компаниудаас гадна барилгын материал үйлдвэрлэж, импортлодог байгууллагууд үзэсгэлэнд оролцлоо.
Тэдний нэг болох хувийн сууцны халаалтын шинэ шийдлийг нэвтрүүлсэн “Дэлгэр Онон Партнерс” компанийн бүтээгдэхүүнтэй танилцлаа.
Гэр бүл, хайртай хүмүүс, төрсөн газар усныхаа зурагтай жаазнаас халаалт авах боломжтойг тус компанийнхан хэлж байв.
Цахилгаанаар ажилладаг жаазанд суурилуулсан халаалт +35 хэм хүртэл халдаг юм байна. 40 ам метр талбайтай байшин, гэр, хувийн сууцыг 16 ам метрийн хэмжээтэй жааз халаах хүчин чадалтай юм байна. Уг халаалттай жаазны нэг ам метр нь 26 мянган төгрөг аж. 50 гаруй жилийн баталгаатай энэ халаалтыг Монголд Шанхай хотоос оруулж ирээд нэг жил болжээ.
Э.Өнөр /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: