ТА сошиал медиа гэхээр зөвхөн Facebook, Twitter гэж бодож байна уу?
Өсвөр насныхан хичээлээ тараад гэртээ орж ирэнгүүтээ, зарим нэг ажилтнууд ажилдаа ирэнгүүтээ л компьютерээ асаагаад Фейсбүүк цахим хуудсанд холбогдон элдэв бусын хов жив, ойр дотны хүмүүсийн гоё сайхан зураг, төрөл бүрийн постуудтай нүүр тулгардаг гэхэд хилсдэхгүй.
Твиттер ч гэсэн томоохон бизнесмен, улс төрч, олигархиудын үзэл бодол, өөрийн ПР-аа өсгөх боломжийг олгодог ижил тэгш эрхтэйгээр оролцдог мэдээллийн орон зай. Энгийн ард иргэд эрхэм төрийн түшээдтэй шууд фейсбүүк, твиттерээр харьцаж өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой гэх ойлголтын ард үнэн хэрэгтээ тэдгээр эрхэмүүд сошиал медиагаа хариуцуулах сошиал-админы ажлын байрыг бий болгодог нь дотоодын хөдөлмөрийн зах зээлээс ажилгүйчүүдийн эгнээг нэгээр хорогдуулж буй нь буянтай л ажлын нэг.
Мөн түүнчлэн саяханаас “Фейсбүүкийн эрхэмүүд” гэсэн нэртэй нэвтрүүлэг цацагдах болсон нь Монгол улсад уг сошиал медиа нилээн их газар авсаны шинж биз. Сайны хажуугаар саар гэгчээр уг олон нийтийн сүлжээг ашиглаж хүний наймаа, нийгмийн зүй бус чих дэртхийлэх олон гэмт хэргүүд тойроод биш дайраад гарч байгаа нь эмзэглүүштэй хэрэг. Аливаа зүйлийг ном журам, зөв голдрилоор ашиглавал өөрийн үнэ цэнэ үргэлжид оршдог билээ.
Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг шиг харилцаа холбоо, мэдээлэл дамжуулах сувгууд интернэт төвтэй болсоор байна. Өөрөөр хэлбэл, интернэтийн сүлжээ гэсэн нэг том дэд бүтэцтэй болж, бусад төхөөрөмжүүд холбогдож ажилладаг болж байна. Хэдэн жишээ дурдъя л даа.
Та бидний хамгийн сайн мэдэх Univision, Skymedia үйлчилгээнүүд нь интернэт шугамыг ашиглаж танай гэрт холбогдож, гуравласан үйлчилгээг хэрэглэгч таньд санал болгодог. Мөн ирээдүйд үүрэн холбооны оператор компаниудад маш том дарамт учруулах хэрэгсэл бол wi-fi утасгүй интернэт бөгөөд ухаалаг гар утас нь интернэт сүлжээнд холбогдсоноор түүний үндсэн хэрэглээ, ашиглалт бий болж байгаа гэдэгтэй та санал нийлэх байх.Тиймээс интернэтийн сүлжээ гэдэг бол олон төрлийн бизнесхөгжүүлэлт хийхэд томоохон нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг нь яахын аргагүй мөн.
Энэхүү интернэтэд суурилсан сүлжээг ашиглаж улс төр, нийгэм, эдийн засаг, хувь хүний хөгжил, боловсролд ерөнхий хандлагуудыг харж болно. Үүнийг том гүрнүүд эртнээс тооцсон нь Орос угшилтай олон нийтийн цахим хуудас болох VK.com юм. Бид энэ сэдвийн хүрээнд нөгөө л Фейсбүүк, Твиттер, Линкедин, Yahoo гэх зэргийн талаар мэдээлэл хүргэхийг зорьсонгүй. Мэддэггүйд нь мэдээлэл олгох зорилгоор Европ тивийг байлдан дагуулж чадсан дээрхи цахим хуудсын талаар өгүүлье.
VK (жинхэнэ нэр нь Vkontakte буюу Орос хэлээр ВКонтакте буюу утгачилбал “Холбоотой байх”) гэх сошиал медиа нь Фейсбүүкийн дараа орох Европи тивийн хамгийн том олон нийтийг хамарсан сүлжээ гэхэд хэлж болно.
Энэ нь мэдээж дэлхий дахинд орос хэлийг ашигладаг улс орнууд болох Орос, Украйн, Азербайжан, Казакстан, Молдав, Беларус, Израйл гэх мэт улс орнуудын залуучуудын нилээн газар авсан эд. Бусад сошиал медиатай ижил VK нь хэрэглэгчидэд танилуудаа бүлэглэх, янз бүрийн тэмдэглүүштэй үйл явдал тохиох, хоорондоо харилцаж мэдээлэл солилцох, тэгээд мэдээж хүссэн зураг, дүрс, бичлэг, дуртай дуу хөгжмөө найзууддаа хуваалцах, цацах боломжийг олгодог.
2012 оны 12 сарын байдлаар уг сошиал нь 195 сая бүртгэлтэй хэрэглэгчидтэй болж, олон улсын эрэлттэй цахим хуудсуудын рейтинг тодорхойлдог “Алекса” (www.alexa.com) цахим хуудаст дэлхийн топ 500 сайтын 19-т бичигдэх болсон. ОХУ-д өөрийн рейтингээрээ Яндекс буюу “www.yandex.ru” –ийн ард бичигдэж хамгийн их зочид ихтэй цахим хуудсуудын 2-рт жагсжээ. VK- руу өдөрт дунджаар 43 сая хэрэглэгчид ашигладаг гэх албаны мэдээлэл ч бий аж.
Уг бүтээлийг амьлуулсан эрхэм нь Павел Дуров гэгч бөгөөд 2006 оны 9 сард Санкт Петербургийн их сургууль дүүргэсэн жилээ нийгмийн сүлжээ цахим хуудсын бета хувилбараа туршиж эхэлсэн байна.
Ингээд 10 сард vkontakte.ru нэртэйдомайн нэр худалдан авч, цахим хуудаст холбожээ. Хэрэглэгч өөрийн бүртгэлээ үүсгэх процесс нь эхлээд зөвхөн түүний урилгаар их сургуулийн оюутнууд нь ордог байв. Яг л энэ үеэс хэрэглэгчдийн тоо маш эрчимтэй өсч, 2007 оны 2-р сар гэхэд ойролцоогоор 100 000 хол давсан юм.
Ийнхүү ОХУ-ын олон нийтийг хамарсан сүлжээ уг зах зээлд 2-дагч хүчтэй өрсөлдөгч болон гарж ирчээ. Хэдийгээр хэд хэдэн удаа “DdoS”хакерийн дайралтад өртөж байсан ч, хэрэглэгчийн мэдээллийн сан нь 2007 оны 7 сард 1 сая хүрч, 2008 оны 4 сард 10 сая болсон юм. 2008 оны 12 сард “VK” нь тус улсын хамгийн их хэрэглэгчидтэй“odnoklassniki”сүлжээ сайтыг ардаа орхисон юм.
Одоо та бүхэнд уг компаний талаархи мэдээлэл хүргэе.
VK нь нь 2007 оны 1 сарын 19-нд компанийн гэрчилгээгээ авсанаар үйл ажиллагаа албажуулжээ. Тухайн үед үндэслэгч, одоогийн гүйцэтгэгч захирал Павел Дуров нь компаний нийт хувьцааны 20 хувийг эзэмшдэг байсан бөгөөд бусад хувь нь тус улсын хөрөнгийн зах зээлийн топууд байв.
Уг компани нь хөрөнгийн зах зээл дээр “IPO”хийхээ хойшлуулж байсан нь Фейсбүүкийн “IPO”хийсэн азгүй туршлагатай холбоотой гэж шинжээчид тайлбарладаг. Өнөөдөр хувьцаа эзэмшигчдийн бүтэц арай өөр болсон бөгөөд 2011 оны байдлаар, 12 хувийг Vkontakte-г үндэслэгч Павел Дуров, 8 хувийг хамтрагч Лев Левив, 40 хувийг Вяачеслав Мирилавили болон түүний гэр бүлийн гишүүд. Үлдсэн 39,99 хувийг Mail.ru групп тус тус эзэмшиж байгаа юм байна.
VK.com-н амбицийн хувьд:
Уг цахим хуудас нь уг зах зээлд анх хөл тавихдаа Фейсбүүкийн загварыг тэр чигт нь дууриаж, өөрийн бүтээгдэхүүнийг мөн адилхан ижил түвшинд хөгжүүлсээр өнөөдөр Европид VK.com нэрээр танил болж хэдийн чаджээ. Өмнө нь ОХУ болон бусад орос хэлийг албан ёсоор хэрэглэдэг улс орнуудадvkontakte.ru нэрээр ашиглагддаг байжээ.Тэдний орлого 1-ээс 1 доллар гэдэг зарчмаар ажиллаж байгаа нь дараахь орлогын хэмжээнээс харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2011 онд л гэхэд жилийн орлого нь 152 сая доллар орлоготой ажиллажээ.Өнөөдрийн байдлаар VK-д 215 сая хэрэглэгчийн мэдээллийн сантай болж, 70 орны хэл дээр орчуулагдсан байна. Үүнд шинэ хэрэглэгч бүртгүүлэхдээ гар утасны дугаараа хийж, нууц үгээ мессежээр авч ашигладаг нь аюулгүй байдлаа хангах давхар санаа бөгөөд хэрэглэгчийн итгэл найдварыг алдахгүйн тулд мэдээллийн аюулгүй байдалд гойд анхаардаг ажээ. Нөгөөтэйгүүр үүрэн холбооны оператор компаниудтай нягт хамтарч ажилладаг болох нь эндээс харагдаж байгаа юм.
Ингээд бодохоор VK.com яагаад ийм амжилтад хүрчихэв ээ? Энэ асуултанд өөрийн мэдлэгийн хязгаараар хариулъя.
Нэгдүгээрт тэд шантраагүй.ОХУ-ын зах зээл дээр Яндекс, Однакласник, Mail.ru, Фейсбүүк гэх зэргийн хүчтэй, эдгээртэй эн зэрэгцэн тололж чадахаар өрсөлдөгч байж чадсан.Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан тогтмол хөгжүүлэлт хийж, хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй хийж байсан нь ийм амжилтанд хүргэсэн гэж би хувьдаа боддог.Фейсбүүк дээр хийгдсэн зүйлийг нутагшуулж улам сайжруулж хийж байсан нь өрсөлдөөнт зах зээл дээр хэрэглэгчээ барьж үлдэх том түлхүүр нь ч байсан байж магад.
Дүгнэлт: Энэ сэдэвтэй холбоогүй ч манай улсын мэдээллийн технологийн талаар хэдэн үгийг нэмж хэлмээр санагдаж байна. Тэр дундаа хатуу дэд бүтэц бол хангалттай сайн хөгжиж чадсан юм чинь одоо зөөлөн дэд бүтэц болон контентийг хөгжүүлэх чиглэлд хөтлөх цаг болжээ. Хэрвээ Марк Зукерберг Монголд байсан бол Фейсбүүкийг хийх байсан уу гэж асуувал бүх хүн чадахгүй гэх байх. Гэхдээ нэг л зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Бид чадахгүй байж болно. Харин чадах гэсэн эрмэлзлэл нь хүнийг, компанийг, улс орныг хөгжүүлдэг маш том хөшүүрэг юм. Тиймээс бүх зүйлийг чадахгүй гэдэг үзлээсээ татгалзаж бид чадна, дэлхийн зах зээлд өрсөлдөнө гэж бодон сурч, ажиллаж, бүтээж хөгжих хэрэгтэй. Бид байгаа зүйлдээ сэтгэл ханах нь бидний нийгэмд аюул авчирч байгаа юм. Хэрвээ бид өргөн далайцтай сэтгэж, дэлхийн хэмжээний ажил эхлүүлбэл, дотоодын өрсөлдөгчид яагаад ч барахгүй, харин нэгдэж нийлнэ. Энэ аугаа хүчийг эхлүүлэхэд манай улсад үндэсний удирдагч өгүүлэгдэж байна. Бид тэмүүлэх чиглэлтэй байх ёстой. Ийм үндэсний үзэл дутагдаж байна.
Эцэст нь хэлэхэд манай мэдээллийн технологийн салбарын залуучууд маань дэлхийн цахим дайнд очиход бэлэн болсныг Дэлхийн ёс зүйт хакеруудын “Global CyberLympics” тэмцээний Азийн бүсээс Монгол улсын баг тамирчид маань амжилттай оролцсон билээ. Үүний нэг тод жишээ нь уг тэмцээнд эх орноо төлөөлж Nomads, Hawk багийнхан амжилттай оролцсон бөгөөд “Nomads”нь тус тэмцээний Ази тивийн аварга шалгаруулах хэсгийн 2-р шат хүртэл амжилттай оролцож, “HAWK” баг 1-ээр шалгаран аваргалж, дэлхийд мэдээллийн технологиороо нилээн дээгүүр байрыг эзэлдэг БНЭУ-ын баг тамирчдыг ардаа орхисон байна. Дашрамд дурдахад “Nomads” баг нь энэ оны 4-р сард зохион байгуулагдсан Цахим аюулгүй байдлын Харуул Занги тэмцээнд түрүүлсэн баг юм.
Энэ оны 09 сард “HAWK”-ийнхэн АНУ-ын Атланта хотод болох уг тэмцээний шувтаргын шат болох дэлхийн аваргад оролцох эрхтэй болсон нь туйлын баярлууштай хэрэг билээ.
Тэдэндээ өндөр амжилт хүсье.
Вэбстор компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер С.Баярсайхан
Нийтлэлийг хамтран бэлтгэсэн “ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ” УТҮГ
URL: