Ингэхэд ер нь цаагуур чинь юу болоод байна аа?

ЗАСГИЙН ГАЗРЫН ГЭХ ТОДОТГОЛТОЙ ХЭНИЙ Ч МЭДЭЭГҮЙ ШИЙДВЭР

Засгийн газрын саяхны хуралдаан дээр ийм юм болжээ. Сонин уншиж суусан Ц.Нямдорж сайд “Х.Баттулга сайд аа, өмнөд хөрш рүү машинаар нүүрс экспортлохгүй байгаа талаар тайлбар өгнө үү” гэтэл Х.Баттулга сайд “Мэдэхгүй” гэсэн хариу өгчээ. Ц.Нямдорж “Та мэдэхгүй юм бол сонинд өгсөн ярилцлагадаа яагаад “Энэ шийдвэрээсээ яаж ч байсан буцахгүй” гэж хэлсэн байдаг юм” хэмээн дахиад асууж. Гэлээ гээд тоймтой хариу сонсоогүй байна. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг энэ үеэр “Би ч энэ талаар мэдээгүй юм байна. Засгийн газар мэдээгүй байхад яагаад ийм шийд гаргасан байдаг юм. Ядаж Засгийн газрын хуралдаан дээр ярих ёстой байсан юм биш үү” гэж ирээд л цаагуураа манай намын бодлого биш шүү гэсэн аястай бусдадаа тал зассан юм байх. Ингээд эзэнгүй шийдвэрийн эзнийг нь хайцгаажээ. Энэ талаар Өмнөговь аймгийнхныг хардтал үнэн хэрэгтээ тус аймгийн ИТХ ч хуралдаж шийд гаргаагүй байж. Тэнд байгаа Мэргэжлийн хяналтын байцаагч, Авто замын газрын байцаагч хоёр л том толгой гарган ийм шийдвэр гаргасан болж таарчээ. Үүнээс үүдэлтэй Авто замын газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын тайлбарыг ч авсан байна. Засгийн газрын хурал иймэрхүү маягтай болж байхад Төрийн ордны гадна нь “Гал үндэстэн” тэргүүтэй иргэний хөдөлгөөнүүд хуралдайгаа хуралдуулж, шаардлагаа тавьсаар байна. Тэд хамтарсан Засгийн газрыг огцорч, УИХ-ыг тарахыг шаардсаар байгаа билээ.

ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРОХЫГ ХЭН ХЭН ШААРДАВ?

Энэ Засгийн газрыг бол өөрсдөө “Хамтарсан” гэж нэрлээд байгаа ч олон нийт нэгэнт МАНАН-гийн Засгийн газар гэх болж. Хамтарч нийлж болсон юм салж сарниж, бүр цаашлаад огцорч болох талаар Ардчилсан намын зарим фракц бүлэглэл тэр дундаа эгэл жирийн гишүүд, иргэний хөдөлгөөнүүд. “Гал үндэстэн” холбоо, бүгд л сонирхлоо илэрхийлж байгаа. Зарим нь Төрийн ордны гадаа гэр бариад суучихаад нэлээд хэд хоног боллоо. Энэ тэмцэлд нь морьд хүртэл оролцлоо шүү дээ. Дээр нь Н.Энхбаяр ч нэмэгдэнэ. Тэд зөвхөн Засгийн газрыг огцруулахыг шаардах төдийгүй УИХ-ыг ч тар гэв. Одоогоор их хуралдайгаас гарсан шийдвэрээ УИХ, Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Сүүлийн үед МАН-ынхан ч хамтарсан засгаас Ардчилсан намыг гаргах нь зүйтэй гэх болсон. Ингэж эрчимтэй ярих болсныг Ардчилсан намаас зохион байгуулалттайгаар МАН-ын гишүүдийг шахаж хэлүүлж байгаа гэх таамаг ч газар авчээ. Засгийн газрыг огцруулах гэсэн хэд хэдэн сонирхлууд байна. Үүний дотор МАН-ынхан ч багтана.

С.БАТБОЛДООС НАМЫН ДАРГЫНХ НЬ СУУДЛЫГ АВАХ ТУХАЙ ЯРИА БУЮУ НАЙЗУУДЫН БҮЛЭГ’-ИЙН ЭСРЭГ ХЭРХЭН ХӨДЛӨХ БОЛ?

“Дараагийн ээлжийнхэн хоолондоо” гэдэг шиг уул уурхайн баялгаас бид ч хүртэх ёстой гэсэн зарчмаар асуудалд хандаж байгаа МАН-ын лидерүүд хамтарсан засгийг салгах нь бүү хэл огцруулах сонирхолтой. Ил л хэлж чадахгүй байгаа болохоос цаагуураа юм явуулаад эхэлж. Мөн Засгийн газарт байгаа хоёр талын хөдөлшгүй эрх ашигтай нөхдүүдийг “найзуудын бүлэг” гээд нэрлэчихэж. Магадгүй засагт байгаа нөхдүүд өөрсдөө тэгж нэрлэснийг нь МАН-ынхан дотор хэлж заншиж байж ч болох юм.

МАН-ын XXV их хурлын үеэр яригдаж байсан нэг яриа дахиад сэдэрчээ. Тэр нь намын дарга, Ерөнхий сайд хоёрыг салгах сонирхол. Гэтэл одоо С.Батболдод Ерөнхий сайдынх нь албыг үлдээгээд намын даргаа өөр хүнд өгөх хэрэгтэй гэдэг юм яваад эхэлжээ. Энерциэрээ яваад байгаа яриа гэнэ. Тэд намын даргаа зөөлдөөд байна гэж шүүмжлээд сонгууль хаяанд ирсэн энэ үед ийм өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Гэвч энэ нь намын дарга, Ерөнхий сайдын албыг хавсран гүйцэтгэдэг жаягаа дагахад аяндаа хүргэх юм байх. Өөрөөр хэлбэл эхлээд намын даргын албын нь аваад дараа нь Ерөнхий сайдынх нь албыг ч авах санаархал гэнэ.

Үүнтэй холбоотой МАН дотор дараагийн намын дарга хэн байх талаар ч яригдаад эхэлж. Үүнд М.Энхболд, Н.Энхболд, Х.Наранхүү, Ө.Энхтүвшин нарын нэр хүчтэй яригдаж байна.

АН-ЫНХАН УДИРДЛАГУУДДАА ХАРШИЛТАЙ БАЙНА

АН дотор хамтарсан засгаас намаа гарчихаасай гэсэн ил далд хүсэлтнүүд олон бий. Мөн нэр дэвшигчдийн мөнгөний хэмжээ 50 сая гэж зарлагдсан ч тэр бүр тушаах гээд барьж гүйх хүмүүс алга байгаа нь Сонгуулийн хуулийн эцсийн шийдийг мэдэх гэсэн хүлээлт нөгөө талаар юу юугүй Н.Алтанхуягийг мөнгөжүүлээд яахав гэсэн бодлоос нь үүдэлтэй гэнэ. Ямар ч АН-д байсан өвөрт нь орсон МАН-ынхаа хажуу бөөрнөөс салахгүй байгаа Н.Алтанхуяг даргадаа харшилтай, түүнийг унагах сонирхолтой гишүүд өдөр ирэх бүр нэмэгдэж байна.

Цаашлаад нийслэлийн намын удирдлагыг ч өөрчлөх сонирхол бүхий бүлэглэл фракцуудын яриа хэлцэл нэгэнт явагдаад эхэлжээ. Учир нь Ш.Түвдэндоржийг нийслэлийн намын хорооны даргаар нь байлгаж сонгуульд орвол хотын тойргуудаа алдах магадлал өндөрсөнө гэж тэд үзэж байгаа юм байна. Ганц хүнийг ажилтай байлгахын төлөө бүхэл бүтэн намаа ингэж баллаж болохгүй хэмээн тэд ярьж байгаа юм. Ийнхүү хамтарч засаг барьж буй хоёр намд сонгуулийн өмнөх хүчтэй салхи салхилаад эхэлжээ.

Д.Мөнгөндалай]

medeemn


URL:

Сэтгэгдэл бичих