Тагнуулчид ухаалаг утаснаас мэдээлэл авдаг байж болзошгүй
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Германы долоо хоног тутмын “Де Шпигел” сэтгүүлд бичсэнээр, АНУ болон Их Британийн тагнуулын агентлагууд ухаалаг утаснаас хувийн мэдээлэл авдаг байж болзошгүй.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагт (ҮАБА) гэрээгээр ажиллаж байсан Эдуард Сноудений дэлгэсэн дотоодын баримт бичгийг тус сэтгүүлийн нийтлэлд иш татсан байна.
ҮАБА болон Британийн тагнуулын агентлаг и-мэйл хаяг, утасны дугаар, “Жи-Пи-Эс”-ийн мэдээлэл зэрэг хувийн мэдээллийг “iPhone”, андройд төхөөрөмж болон бусад ухаалаг гар утаснаас авч болох аж.
Засгийн газар болон тагнуулын агентлагууд нууцаар мэдээлэл цуглуулж буй ажиллагааг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал өнгөрөгч бямба гарагт Берлинд болсон юм. Хувийн мэдээллийн хамгаалалтыг чангатгахыг хүмүүс уриалж байна.
Г.Доржханд
/Монцамэ агентлаг/
URL: