Б.Обама Их хорийн уулзалтаас ганзага хоосон буцах уу?
Б.БАРС
ОХУ-ын Санкт-Петербургт эхэлсэн “G20” буюу дэлхийн Их хорин орны дээд хэмжээний хоёр өдрийн уулзалт дээр анхаарлын төвд байсан асуудал нь глобал эдийн засаг, санхүүгийн байдал бус АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Сирийн эсрэг дайнд эвсэл байгуулж чадах эсэх байлаа.
Энэ талаас нь авч үзвэл Б.Обамагийн Санкт-Петербургийг зорьсон хэрэг бүтэлгүйтээгүй юм аа гэхэд, ямар ч тодорхой үр дүнд хүргэсэнгүй. Их хорийн дээд хэмжээний уулзалтын цорын ганц мини-сенсаацаар АНУ болон ОХУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалтыг л нэрлэж болохоор.
АНУ-ын Тагнуулын төв газрын нууцыг дэлхий нийтэд дэлгэсэн Э.Сноуденийг ОХУ-ын удирдлага эх орондоо орогнуулах шийдвэр гаргасны дараагаар хоёр орны харилцаа эрс муудсан билээ. Чухам үүний улмаас энэ сарын 5-нд Москвад болох байсан хоёр орны Ерөнхийлөгчийн уулзалтаас Вашингтон татгалзсан юм.
Хоёр их гүрний Ерөнхийлөгч 20 минут ганцаарчлан уулзсан бөгөөд Э.Сноудений бус Сирийн хувь заяаны тухай голчлон ярьжээ. Аль аль тал өөрийн байр суурин дээрээ хатуу зогссон гэнэ. Уулзалтынхаа дараа Б.Обама ч, В.Путин ч бусад улсын тэргүүнүүдийг өөрийн талд “урвуулах”-ыг оролджээ.
Эцсийн бүлэгт ард иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн Сирид цохилт өгөх Б.Обамагийн уриалгыг ердөө гурван улс буюу Франц, Саудын Арави, Турк л бүрэн дүүрэн дэмжсэн байна. Гэхдээ Их хорийн арав нь буюу Австрали, Канад, Франц, Итали, Япон, БНСУ, Саудын Араб, Испани, Турк, Их Британи, ХБНГУ Б.Обамагийн санаачилсан хамтын мэдэгдэлд гарын үсэг зурсан аж.
Тэрхүү мэдэгдэлд Сирийн Засгийн газар химийн зэвсэг хэрэглэснийг хүлээн зөвшөөрч, дэлхийн хамтын нийгэмлэгийг энэ зүй бус үйлдлийн эсрэг хатуу арга хэмжээ авахыг уриалжээ.
Энэ бүхнээс харахад Сирийн эсрэг байлдааны ажиллагаа эхлэх эсэх нь тун бүрхэг болж байна. Байлдааны ажиллагаа эхэлсэн ч АНУ дангаараа юм уу, Франц, Саудын Араб, Турктэй л хүч хавсрах болж байх шиг.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: