Банга хүртсэн музейнүүд гадаадын жуулчдад ялгавартай тарифаар үйлчлэхээ больжээ

muzeinuud-middleГадныхан мөнгө болж харагддаг үзэгдэл энэ дэлхийн аль ч өнцөгт бий. Тэр тусмаа хэл мэдэхгүй жуулчдын халаасыг сэгсрэхдээ гаргууд болчихсон улс орнууд хаа, сайгүй.

Харин монголчууд бидний хувьд хараахандаа гадныхны халаасыг элдэв сонин үзүүлбэрүүдээрээ сэгсэрч сураагүй байгаа. Харин шууд утгаар нь сэгсэрч орхидог “урт гартнууд” бол хаа сайгүй.

Аялал жуулчлал өндөр хөгжсөн улс орнуудад бол янз бүрийн үйлчилгээгээрээ дамжуулан мөнгийг нь халаасалчихна. Гэхдээ тэд гадаад хүн л бол мөнгөтэй хэмээн эндүүрдэггүй. Харин монголчуудын хувьд бол гадныхан гэхээрээ л бөөн, бөөн мөнгө нүдэнд харагддаг нэг муу зуршилтай хүмүүс. Гадаад эр харахаараа хүүхнүүд нь дагаж, хуйлраад л, жуулчдыг харахаараа хэдэн үзвэр үйлчилгээний газрууд нь үнэ тарифаа 2-3 дахин нэмж хэлээд л… Үүндээ тэгээд огт санаа зовохгүйгээр үл барам ялгаатай үнээр үйлчилж, мөнгө сэгсэрдэг аргадаа бүр амташчихсан байсан. Харин одоогоос 10-аад жилийн өмнө энэ бүхнийг халахаар нэгэн шийдвэр гаргасан байдаг.

Тодруулбал, тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байсан А.Цанжид Монгол Улсын Засгийн газраас 2003 оныг “Монголд зочлох жил” болгосонтой холбогдуулан төрийн өмчийн соёл, урлагийн байгууллагуудын үзвэр, үйлчилгээний жишиг тарифийг 54 дүгээр тоот тушаалаар баталсан байдаг. Гэвч “Үйлчилгээний тариф тогтоох тухай” дээрх тушаал гараад өдгөө 10 жил болж байгаа ч гаргасан тушаал, шийдвэрийн биелэлтдээ хяналт тавих тогтолцоо сул байснаас төрийн өмчийн соёл урлагийн байгууллагууд гадаад, дотоодын иргэн, жуулчдад баталсан тушаалын дагуу нэг үнээр, үнийн ялгаваргүйгээр үйлчлээгүй байсан билээ.

Тиймээс Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны А/297 дугаар тушаалаар ажлын хэсэг гарч төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага, улсын болон орон нутгийн чанартай музейнүүдын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 54 дүгээр тушаалын III заалтын хэрэгжилтийг хангаж, гадаад, дотоодын иргэн, жуулчдад ялгаваргүй үнийн тарифаар үйлчилж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийсэн байна. Энэ үеэр төвийн мэргэжлийн урлагийн таван театр, нэг чуулга 9000 төгрөг, улсын чанартай есөн музейнээс гурав нь 500-1500 төгрөгийн зөрүүтэй гадаадын иргэдэд үйлчилж байсан аж. Үүнээс гадна орон нутгийн 22 театр, чуулгаас хоёр нь 2000-10000 төгрөг, 24 музейнээс 21 музей 1000- 3000 төгрөгийн ялгавартай үнээр гадаадын иргэн, жуулчдад үйлчилж байгаа нь нотлогджээ.

Шалгалтад хамрагдсан тус яамны харьяа байгууллагуудаас Монголын Театрын музей, Чойжин ламын сүм музей, Хархорин музей үнийн ялгавартай тарифаар үйлчилж байсан аж. Тиймээс Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар дээрх байгуулллагын дарга нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Мөн орон нутгийн мэргэжлийн урлагийн зарим байгууллага, ихэнх музейнүүд ялгавартай үнийн тарифаар үйлчилж байгаа тул аймгуудын Засаг дарга нарт энэ талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар албан бичгийг хүргүүлжээ. Харин үүнээс хойш байдал ямар байгааг бид сурвалжилсан юм.

Шалгалтад бүдэрсэн музейнүүд жуулчдад ялгавартай үнээр үйлчлэхээ больжээ

Бидний орсон эхний музей бол Монголын үндэсний музей. Түүх дурсгалын хосгүй үнэт өвийг дэлгэсэн энэ музейн хамт олон тохижилтдоо нэлээн анхаарал хандуулжээ. Биднийг очих үеэр хэд, хэдэн орны жуулчид тус музейгээр үйлчлүүлэхээр ирсэн байв. Тэднээс гадна дотоодын жуулчид оюутан, сурагчид ч музейн үзмэрийг үзэж, сонирхохоор ирсэн байхтай таарсан юм. Тус музейн хувьд монголын түүхийг өгүүлэх үнэт зүйлсийг дэлгэснээрээ онцлог. Харин хамгийн анхаарал татсан асуудал бол мэдээж тариф. Монголын түүхийн музейн хувьд насанд хүрэгчид-5000, хүүхэд-1000, оюутан-2500 төгрөгөөр үйлчлүүлэх боломжтой аж. Мөн 60-аас дээш насны өндөр настан, 1-6 насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой гэв. Харин видео бичлэг хийж, гэрэл зураг авахад ялгаагүй 10 мянган төгрөгийн тарифтай юм билээ. Хэвлэлээс яваагаа кассын ажилтанд нь хэлээд хэсэг хугацаанд ажиглаж суув. Баасан гараг байсан болоод ч тэр үү ерөнхийдөө хөл хөдөлгөөн ихтэй. Гадны жуулчид ч нэлээн их үйлчлүүлж байгаа харагдсан.

Бүтэн хоёр цаг өнгөрөхөд гадныханд ялгавартай үнээр үйлчилж байгаа зүйл харагдсангүй. Энэ талаар кассын ажилтнаас тодруулахад “Манайх гадаадын иргэдэд ялгавартай үнээр үйлчилдэггүй. Одоогоос 5-6 жилийн өмнөөс ялгавартай үнээр үйлчлэхээ больсон. Манай музейн хувьд томчуудад 2500 төгрөгөөр үйлчилдэг байж байгаад гурван жилийн өмнөөс 5000 төгрөг болгосон” гэв. Харин тус музейн олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Эндээс гараад Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийг музейг зорилоо. Уран бүтээлчид ихэвчлэн үзэсгэлэнгээ толилуулдаг тус музей харин биднийг очиход эл хуль байв. Тарифыг нь сонирхвол насанд хүрэгчид-5000, оюутан-2000, хүүхэд-600, гэрэл зураг-20000, видео бичлэг-25000 төгрөгийн тус тус ханштай байлаа. Тус музейн хувьд үзэгч цөөнтэй байгаа бололтой. Харин энэ талаар тус музейн мэргэжилтнээс тодруулахад “Сайдын тушаалаар бид гадаадын жуулчдад ялгавартай тарифаар үйлчлэхээ больсон.

Энэ шийдвэр бараг 10-аад жилийн өмнө гарсан ч хэрэгжихгүй байсан юм. Харин Ц.Оюунгэрэл сайдын шалгалтын дараагаас гадаадын жуулчдад ялгавартай тарифаар үйлчлэхээ больсон” гэлээ. Нийслэлийн хэмжээнд нийтдээ найман музей бий. Дийлэнх нь хотын төвд байрлалтай. Өөр хоорондоо ойрхон зайтай учраас гадаадын жуулчдад ч ийш, тийш хол явах шаардлагагүй юм. Бидний дараагийн сонирхсон музей бол Чойжин ламын музей. Ц.Оюунгэрэл сайдын шалгалтад бүдэрсэн музейнүүдийн нэг нь эднийх. Гадаадын жуулчдын хувьд ч хамгийн ихээр сонирхож үздэг нь. Ямпай хаалга, Махаранз сүм, хүндэтгэлийн хаалга, гол сүм, Занхан сүм, Зуу сүм, Ядам сүм, Хотол чуулган, Энх-Амгалангийн тив сүм гээд үзэж, сонирхох зүйл ихтэй тус музейд биднийг очих үеэр ч гадаадын жуулчид олноор үйлчлүүлж байгаа харагдсан. 3-4 автобус дүүрэн Герман, Солонгосын жуулчид тус сүмийг үзэж, сонирхохоор хаалган дээр нь дугаарласан харагдсан.

Бид кассынх нь дэргэд хэсэг хугацаанд ажиглан зогссон юм. Учир нь тэд гадаадын жуулчдад ялгавартай тарифаар үйлчилж байгаа эсэхийг нь олж мэдэхийн тулд. Тус музейн хувьд насанд хүрэгчид-5000, оюутан-1500, хүүхэд-500, аудио хөтөч-5000, барьцаа-10000, гэрэл зураг-25000, видео бичлэг 30 минут нь-50000 төгрөгийн ханштай юм байна. Музейн хувьд энэ нь өндөр үнэ биш. Харин ч хямд гэмээр санагдсан. Гэхдээ гадаадын жуулчдад ялгавартай үнээр үйлчилж байгаа зүйл ажиглагдсангүй. Солонгосын хос 10 мянган төгрөгөөр хоёр тасалбар аваад л дотогш орж байгаа харагдсан. Тус музейн хувьд ажлын хэсгийн шалгалтын үеэр гадаадын жуулчдад хоёр дахин өндөр үнээр үйлчилж байгаа нь нотлогдсон. Харин банга хүртсэн тус музейн захирлуудын хувьд дахиж ялгавартай тарифаар үйлчлэхээ больсон бололтой. Үүний дараа бид Богд хааны ордон музейг зорилоо.

Тэртээх XX зууны эхэн үеийн монголын амьдрал, Богд хаан болон Дондогдулам хатны эдэлж, хэрэглэж байсан зүйлс, тэр үеийн Орос архитекторын зураг төслөөр баригдсан хоёр давхар цагаан байшин гээд бүхэлдээ түүхийн хуудсаар аялуулах тус музейн хувьд ч гэсэн ялгавартай тарифаар үйлчлэхээ больжээ. Тодруулбал, насанд хүрэгчид-5000, хүүхэд-1000, оюутан-1500, гэрэл зураг-25000, видео бичлэг-30000 төгрөгийн ханштай юм байна. Биднийг очих үеэр Хятад, Японы жуулчид тус музейг үзэж, сонирхохоор ирсэн байлаа.

Тэд музейн үзмэр бүрийг анхааралтай үзэж, сонирхон англи хэл дээр бичигдсэн тайлбарыг уншиж, сонирхож байв. Өмнөх шалгалтын үеэр хоёр дахин өндөр үнээр гадаадын жуулчдад үйлчилж байсан нь нотлогдсон байсан. Харин яамны зүгээс захирлуудад нь сануулга хүргүүлсэн учраас ийнхүү ялгавартай үнээр үйлчлэхээ больжээ. Нийслэлд нээгдсэн хамгийн отгон музей бол Т.Батаарын музей. Олон сарын хичээл, зүтгэлийн үр дүнд эх орондоо ирсэн Т.Батаарыг өнгөрсөн хугацаанд олон мянган үзэгч үзэж сонирхжээ.

Тус музейн хувьд насанд хүрэгчид-1000, хүүхэд-500 төгрөгөөр үйлчлүүлдэг. Мэдээж тус музейн хувьд гадаадын жуулчдад ялгавартай үнээр үйлчилдэггүй. Эх орондоо аялал, жуулчлалыг хөгжүүлж, гадныхныг татах үүд хаалга бол мэдээж үйлчилгээ түүний үнэ тариф.

Сүүлийн гурван жилийн дунджаар 464.145 жуулчин манай оронд ирсэн статистик мэдээлэл бий. Үүнээс Монголд чөлөөт цагаа өнгөрөөх, амрах, алжаал тайлахаар ирсэн жуулчид 69.6 хувийг эзэлж байна. Монголд аялагчдын аялалын нөхцөл, үзмэр үйлчилгээний талаар өгсөн үнэлгээгээр нүүдлийн соёл, ахуй, зан заншилд 43.7 хувь, нутгийн иргэдийн найрсаг байдалд 40.2 хувь, тур операторын үйлчилгээнд 31.4 хувь, хөтчийн үйлчилгээнд 30.8 хувийн сэтгэл ханамжтай байсан гэсэн үнэлгээг өгсөн байна. Тиймээс ч гадаадын иргэдэд ялгавартай үнээр үйлчлэхгүй байх нь чухал юм.

Музейн талаар хэдэн үг…

Музей… Миний хувьд одоогоос олон жилийн өмнө Байгалийн түүхийн музейг ангийн нөхөдтэйгээ үзээд анх удаа динозавр гэгчийг харж, жигтэйхэн их баясч байж билээ. Түүнээс хойш дахиад л олон жилийн дараа музейгээрээ ороход үйлчилгээ хийгээд орчин нөхцлийн хувьд харин бахь байдгаараа байгаа харагдсан.

Нийслэлийн хэмжээнд томоохонд тооцогдох, гадаад, дотоодын жуулчид хамгийн ихээр үзэж сонирхдог музейн хувьд үзмэрээ илүү тордож, байшин барилгаа ч засч, шинэчлэх цаг нь болжээ. Хана туурга нь цуурч, нурсан орчин, үйлчилгээний нөхцөл ч тун тааруу санагдсанаа нуух юун. Музейн хөтөч, тайлбарлагч орчин цагийн шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэх учиртай. Гэтэл бидний орсон музейнүүдэд ийм байдал ажиглагдсангүй. Англиар тайлбарлаж буй хөтөч, тайлбарлагч нэгээхэн ч харагдсангүй.

Жуулчдын өөрсдийнх нь дагуулж яваа хөтөч нар тайлбарыг уншиж, тайлбарлаж байгаа харагдсан. Аялал жуулчлалын улирал үндсэндээ дуусгавар болж байна. Монгол орны хувьд аялал, жуулчлалын улирал үндсэндээ зуны хэдэн сарын турш үргэлжилдэг гэхэд болно. Учир нь жилийн 365 хоногийн ихэнхид нь хүйтэн сэрүүн, цас, салхитай байдаг манай орны хувьд байгаль цаг уурын хувьд таагүй учраас бусад улиралд жуулчид зорих нь туйлын ховор. Идэр есийн жавар тачигнасан өвлийн улиралд бол бүр ч зүглэхгүй. Хавартаа салхи, шуурга, шороотой, намартаа хүйтэн сэрүүн, цас, бороо нь ээлжилдэг учраас мөнхийн нарлаг далайн эргүүдтэй харьцуулах ч юм биш.

Хэдийгээр байгаль цаг уурын хувьд энэ мэтчилэн таагүй нөхцөлтэй ч хүний хөл хүрээгүй онгон байгаль, нүүдэлчдийн өвөрмөц зан заншил, соёл, монголчуудын өв уламжлалыг нүдээр үзэж, сонирхох гэсэн жуулчдын цуваа тасрахгүй. Харин жуулчид монголд ирээд юу үзэж, нүд сэтгэлээ баясгах вэ гэдэг асуудал. Улаанбаатар хотын хувьд бол хэдэн музей, Зайсан толгой, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, ҮСАХ, Гандан гээд л дуусгавар болно. Зугаацаж, наргихыг хүссэн зарим нэгний хувьд бол харин халаасан дахь хэдэн доллараас нь шалтгаалаад цэнгээний газрууд олон бий. Үүнээс гадна ардын урлагийн тоглолт, дуурь, балет сонирхож, уран зургийн галерей сонирхож болно. Хөдөөд бол тухайн орон нутгаасаа хамаараад байгаль, түүх дурсгалын газруудыг үзэж, сонирхох боломж нээлттэй.

Ерөнхийдөө байж болох бүхнээс мөнгө босгож сурсан Тайланд мэтийн аялал жуулчлалыг чинээнд нь тултал хөгжүүлсэн улс орнуудтай харьцуулшгүй ч бидэнд бас бусдад үзүүлж, гайхуулах, бахархах зүйлс бий. Түүнийгээ музейн үзмэр хэлбэрээр жуулчдад сонирхуулдаг. Аливаа улс орны музейн хувьд өөрсдийн түүх, соёл, өвөрмөц зан заншлыг илтгэсэн үзмэрүүдтэй байдаг. Зарим орны хувьд хүний санаанд багтамгүй сонин, содон үзмэрүүд дэлгэсэн байх нь ч бий. Харин манай улсын хувьд ихэвчлэн түүхийн хосгүй үнэт өвийг дэлгэсэн музей байдаг. Тиймээс ч гадаадын жуулчдын сонирхлыг соронзон мэт татдаг биз. Харин түүхийн хосгүй үнэт өвөө хайрлан, хамгаалж, орчин нөхцөл, үйлчилгээгээ сайжруулах учиртай.

Х.Жаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих