Монголын толгой хөрөнгөтнүүдийн баяжсан түүхээс (5-р хэсэг)
УИХ-ын гишүүн, БХ-ын сайд Лу.Болд
Нэрт эрдэмтэн С.Лувсанвандангийн хүү Болдыг оюутан байхдаа хоёр Германы хооронд наймаа хийж анхны хуримтлалаа бий болгосон гэдэг. Тэрээр монголчууд компани байгуулж эхлэх үеэс л сүйхээтэй ажиллаж 1993 онд Монголын оюутны холбоонд хамт ажиллаж байсан М.Зоригт, Д.Баясгалан нартай хамтарч “Бодь интернэйшнл” компанийг байгуулсан байдаг. Анхны наймаа компьютер байсан бөгөөд богино хугацаанд өндөр ашиг олж түүгээрээ 1998 онд “Голомт” банкаа байгуулсан аж. Тухайн үед хувийн банк гэдэг ойлголт бараг байдаггүй байсан бөгөөд банкны актив хөрөнгийг Монголбанк ч тоодоггүй байж. Харин Б.Батбаяр Сангийн сайд байхдаа нэгэн шийдвэр гаргасан нь “Бодь групп”-ыг шинэ шатанд гаргасан гэж олон хүн үздэг билээ. Тухайн үед дампуурах нь тодорхой болчихсон Сэргээн Босголтын банкийг Болдын “Голомт” банктай нийлүүлж тодорхой хугацааны дараа салгасан нь нэлээд хардлага дагуулдаг. Зарим улс төрчид Баабар, Болд нар нийлж төрийн банкийг “сэгсэрсэн” гэж улаан нүүрэн дээр нь хэлж байсан тухай 1990 оны сүүлийг үеийн сонины хуудаснаа өгүүлсэн байдаг. Ямартай ч нэгдээд, буцаад салсан алдарт явдлаас хойш “Голомт” банкны актив маш хурдацтайгаар өссөн бөгөөд “Бодь групп” ч илт томорсон билээ. Өдгөө “Голомт” банк Монголдоо аман хүзүүдэх их мөнгөний “уут” болжээ. 2004 оны Монголын шилдэг банкаар шалгарсан хамгийн сайн менежменттэй банк бөгөөд нийт актив нь 200 тэрбум төгрөгт дөхөж яваа. Түүгээр өдөрт хэдэн тэрбум эргэлдэж, хэдэн саяын ашиг өгдгийг таашгүй. Бас “Бодь групп” ч Монголын толгой компаниудын нэг болж чаджээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр түүний хөрөнгө 250 тэрбум төгрөг хол давсан гэх юм билээ. Харин бодит байдал дээр түүний мэдэлд одоо “Бодь интернэйшнл”-ийн “Бодь цамхаг”, “Бодь даатгал”, “Бодь ресортс”, “Голомт” банк, News.mn зэрэг салбар салбартаа тэргүүлэгч компаниуд бий.
www.yanaa.mn
URL: