Нутгийн уугуул загасаар ашиг олох хууль бус наймаа Ховд аймагт цэцэглэж байна
Хууль бус загас агнуур Монгол хадранд заналхийлэх бас нэг аюул боллоо
Хар нуур, Хар- Ус нуурын загасыг үржлийн үед нь ч хууль бусаар агнах болжээ. Ховд аймгийн Хар нуур Хар ус нуурын хооронд нүүдэллэн амьдардаг Монгол Алтайн уугуул загас болох Монгол хадрангийн нүүдэл Дөргөний усан цахилгаан станцаас болж тасарч нутаг заагдсан монгол хадран мөхөх аюулд ойрхон ирснийг бид сануулж байсан. Нутаг заагдсан Монгол хадранд аюул үүгээр дууссангүй. Хууль бус загас агнуурын гол бай болжээ. Монгол хадран буюу хайруус хэмээх энэ загас Алтайн нурууны уугуул загасны нэг. Сүүлийн жилүүдэд тоо толгойн цөөрч Монголд төдийгүй дэлхийд ховорт тооцогдож байна.
Монгол хадран хэмээх энэ загас малаар бол хоньтой адил. Мах нь амттай бас шимтэй. Тйимээс ч Алтайн сугас, шар сугас зэрэг Алтайн нурууны уугуул загаснуудыг бодвол хамгийн эрэлттэйд тооцогдож тоо толгойн багасгах олон шалтгааны нэгийг араасаа дагуулж байна. Тухайлбал загасыг үржлийн үед нь агнахыг хуулиар хориглодог ч шинэ шөл ууж ядаргаагаа тайлахыг хүсэгчид дэндүү олон. Ийм хүмүүсийн цувуу загасны үржил явагддаг 4р сарын сүүл 5р сарын эхэн үед Сэжигтийн хавцалд тасрахгүй байна. Ашиг хонжоо олох зорилготой хууль бус загасны ангуучид үүнээс ч аюултай. Тэдэнд загасны үржлийн үе, өвөл хавар зун намар огт ялгаагүй. Жилийн дөрвөн улиралд загас элбэгтэй Хар нуур Хар ус нуур, юмын хоолой, Чонохарайх зэрэг олон гол нууруудад тор тавьж загасыг тонн тонноор нь сүйтгэж байна. Ингэж барьсан загасаа тэд Ховд аймгийн баруун хил Такшкийн боомтоор урд хөршрүү гаргадаг.
Байгаль орчны аялал жуулчиллын яамнаас үйлдвэрлэлийн аргаар загас бэлтгэх зөвшөөрлийг Увс аймгийн Хар нуур, баян-Өлгийн Ачит нууран дээр ганц хоёр тонноор л олгодог. Гэтэл загасны хил дамнасан наймаа 10, 20 тонноос давж байж ашигаа өгдөг тул хил хүртэлх замын загас элбэгтэй нууруудын загасыг дайхаас өөр аргагүйд хүрдэг байна. Байнгын ажиллагаатай Такшки боомтын гаалийн ажилтнууд загас гаргах зөвшөөрлийн хэмжээ үүнээс өчүүхэн бага гэдгийг мэддэг л баймаар. Гэтэл нутгийн иргэдийн нүдэн дээр улсын хилээр имйм их хэмжээний загас байнга гарсаар байгаа нь гаалийн ажилтнууд хууль бус загасчид Хятад наймаачдын халаасанд орсныг харуулна. Нэгэнт загасны хууль бус наймааг гааль таслан зогсоохгүй байгаа учраас хөрөнгө мөнгөний мэдэл муу, унах унаа ч үгүй цөөн тооны байгаль хамгаалагчид байцаагчдын хүчин мөхөсдөж байна. Тиймээс байгалиа гэсэн сэтгэлтэй нутгийн ард иргэд өөрснөө хөдөлж эхлэхээс өөр аргагүйд хүрч Монгол хадран хамгаалах нийгэмлэг хүртэл байгуулжээ. Гэвч Загасны тоо цөөрч байгаагаас зарим нуурын ус өмхийрч байгалийн тэнцвэрт байдал алдагдах үзэгдлүүд аль хэдийн гарч эхэлсэн учраас ард иргэд төр төрийн дайтай зангарагаа гаргах цаг болсон гэж хүлээсээр байна.
tv9
URL: